СУДАЛГАА: Иодын дутал нярайн тархины гэмтэл, хөгжлийн бэрхшээлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна

 

НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсын Хүн Амын Хоол Тэжээлийн Үндэсний зургаа дахь судалгааг хийжээ. Судалгаагаар хоол тэжээлийн тулгамдсан асуудлуудыг үнэлж, хоол тэжээлийн тэгш бус байдлын чиг хандлагыг нарийвчлан ойлгоход туслах тоо баримтыг гаргасан байна. Судалгааг ЭНД-ээс унших боломжтой. 

Судалгааны үр дүнгээс онцлох зарим үзүүлэлтээс танилцуулбал:

Өсөлт хоцролтын тархалт:

2017-2023 онд өсөлт хоцролтын тархалт 6.1%-аас 8.4% болж нэмэгдсэн бөгөөд Хангай (11.2%) болон Баруун (11.9%) бүсүүдэд хамгийн өндөр байна. Хот (7.2%) хөдөө (11.2%) хоорондын ялгаа их хэвээр байна.

Тураалын тархалт:

Баруун бүсэд тураалын тархалт 1.3%-аас 2.9% болж хоёр дахин өсөн. Энэ нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийг дэмжих зорилгоор яаралтай, үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатайг онцолж байна.

Иод дутлын тархалт:

Монголд иодын дутлын тархалт дахин нэмэгдэж, хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдийн шээсээр ялгарах иодын агууламж буурснаар нярайн тархины гэмтэл, хөгжлийн бэрхшээлийн эрсдэл нэмэгдэж байна.

Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн зохистой хооллолт:

Бага насны хүүхдүүдийн зөвхөн 30.4% нь зохистой байдлаар хооллодог. Бага насны хүүхдүүдийн 42.2% нь тогтмол эрүүл бус хүнс хэрэглэдэг бөгөөд, 36.7% нь чихэрлэг ундаа уудаг. Жирэмсэн эмэгтэйчүүдийн ердөө 15.3%, эхчүүдийн 14.3% нь амьтны гаралтай хүнс, цардуул ихтэй хүнс, хүнсний ногоо, жимс, буурцаг, самар, үр зэрэг таван төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг.

Бичил тэжээлийн дутлын тархалт:

Тав хүртэлх насны 5 хүүхэд тутмын 1, жирэмсэн эмэгтэйчүүдийн 22.3% нь цус багадалттай. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 40% нь төмрийн дуталтай. Эмэгтэйчүүд болон сургуулийн насны хүүхдүүдийн 90% нь Д аминдэмийн хөнгөн дуталтай. Насанд хүрэгчдийн 50%, сургуулийн насны хүүхдийн 20% нь илүүдэл жинтэй.

Эдгээр үзүүлэлтүүд нь COVID-19 цар тахлын үе болон дараа үеийн хоол тэжээлийн чанар буурсан байгааг харуулж байна.

НҮБ-ын Хүүхдийн Сан нь Эрүүл мэндийн яам, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв-ийг дараах чиглэлд дэмжин ажиллаж байна. Үүнд:

  • Хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулах эрх зүйн орчныг бэхжүүлэх.
  • Монголын хүүхдүүдэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх: хоол тэжээлийн цочмог дутлыг эмчлэх, нэмэлт тэжээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургууль, цэцэрлэг дээрх хоол тэжээлийн санаачилгыг дэмжих.
  • "Эрүүл Монгол хүн" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хоол тэжээлийг сайжруулах төлөвлөгөө"-г боловсруулан хэрэгжүүлэх.
  • Монголын эмэгтэйчүүд, хүүхдүүдийн дунд үүссэн бичил тэжээлийн дутлыг бууруулах зорилгоор баяжуулсан хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг хангах.
  • Хүүхдэд зориулсан уур амьсгалд тохирсон хоол тэжээлийн үйлчилгээг тодорхойлон хэрэгжүүлж, уур амьсгалын хямралтай тэмцэх.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen