Ажлаа хүлээн аваад нэг сар болж буй Дональд Трампын анхны рейтинг өндөр гарав
Бүрэн эрхийн хугацаа нь дөнгөж эхэлсэн Ерөнхийлөгч нарын анхны рейтинг өндөр гарч, явцдаа өөрчлөгдөх хандлага АНУ-д ажиглагддаг.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын албан тушаалаа хүлээн авсан эхний нэг сарын ажилд тус улсын насанд хүрэгчдийн талаас илүү хувь нь сэтгэл ханамжтай байгааг “CBS News” болон “YouGov”-ийн судалгааны үр дүн харууллаа.
Ням гарагт үр дүн нь гарсан судалгаагаар Дональд Трампын рейтинг 53 хувьтай гарсан байна. Судалгаанд 2175 хүн оролцсон бөгөөд алдааны боломжит түвшин нь 2.5 нэгж хувь байжээ. Хэдий тийм боловч судалгаанд оролцогчдын 2/3 нь “Дональд Трамп хэрэглээний үнийг бууруулахад хангалттай төвлөрч ажиллахгүй байна” гэж үзсэний сацуу Мексик, Канад, Европын орнуудын эсрэг тарифын арга хэмжээ авах бодлогыг дийлэнх нь эсэргүүцжээ. Харин БНХАУ-д ногдуулаад буй 10 хувийн тарифыг 56 хувь нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Үүнээс гадна Илон Маск болон түүний удирддаг Засгийн газрын бүтээмжийн департмент Засгийн газрын үйл ажиллагаа, зарцуулалтад "ихээхэн" эсвэл "тодорхой хэмжээгээр" нөлөөтэй байх шаардлагатай гэж судалгаанд оролцогсдын тэн хагас нь үзжээ. Намын харьяаллаар нь харвал Бүгд Найрамдах намын дэмжигчдийн 74 хувь нь Илон Маскийн оролцоог дэмжсэн аж.
Бүрэн эрхийн хугацаа нь дөнгөж эхэлсэн Ерөнхийлөгч нарын анхны рейтинг өндөр гарч, явцдаа өөрчлөгдөх хандлага АНУ-д ажиглагддаг. Тухайлбал: Ерөнхийлөгч асан Жо Байдены эхний сарын рейтинг 57 хувь гарч байсан бол 2009 оны нэгдүгээр сард Барак Обама 66 хувь, 2001 оны хоёрдугаар сард Жорж Буш 59 хувийн рейттинг авч байлаа.
Гэхдээ Дональд Трампын анхны бүрэн эрхийн буюу 2017 оны нэгдүгээр сарын рейтинг ердөө 44 хувьтай гарч байсан нь сүүлийн 70 жилд байгаагүй үзүүлэлт болж байв.