Пап лам Францис уушгины хатгалгаатай гэж оношлогджээ

Пап лам Францис уушгины хатгалгаатай гэж оношлогджээ

 

Пап лам Францисийн биеийн байдал муудаж, өнгөрсөн долоо хоногоос эхлэн эмнэлэгт хэвтсэн билээ. Ватиканы мэдэгдсэнээр, Мягмар гаригт /2025.02.18/ хийсэн рентген зургаас үзвэл пап ламын хоёр уушги хатгалгаа болсон нь оношлогдсон байна.  Пап лам Францис олон нийтийн үйл ажиллагаа, залбирлын цуглаанд оролцоогүй нь итгэгч олны анхаарлыг татаад байв.

Улмаар Даваа гаригт Ватиканы зүгээс түүнийг амьсгалын замын полимикробын халдвар авсан болохыг мэдэгдсэн.

Гэсэн хэдий ч эмч нарын зүгээс олон янзын уушгины өвчлөлтэй тул эмчилгээг тухай бүрт нь солих шаардлагатай байгааг онцолжээ. Одоогийн байдлаар пап ламын бие тогтвортой байгаа ч 88 настай тул амархан ядардаг болсон гэж Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Маттео Бруни хэлжээ. Мөн хоёр уушги нь хатгалгаа болсон ч пап лам өөдрөг байгаа гэдгийг онцлон тэмдэглэж, итгэгч олонд түүнийг хурдан эдгэрэхийн төлөө залбирахыг уриалсан байна.

Полимикробын халдвар нь вирус, бактери, мөөгөнцөр, шимэгч хорхойн хавсарсан нөлөөгөөр үүсгэгддэг цочмог болон архаг өвчин юм.

Брунигийн мэдээлснээр, пап лам өнгөрсөн долоо хоногт Ромд эрүүл мэндийн шинжилгээ өгсөн бөгөөд одоо Италийн нийслэлд байх Агостино Жемелли поликлиникт хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс түүний оролцох ёстой байсан бүхий л олон нийтийн арга хэмжээ энэ долоо хоногийн Ням гариг хүртэл хойшлогджээ.  Эмч нарын зүгээс пап ламыг сайтар амрах хэрэгтэй гэж зөвлөсөн аж.

Өвчний түүхээс нь харвал, пап лам Францис залуу байхдаа уушгины хатгалгаагаар маш хүнд өвдөж, нэг уушгиныхаа хэсгээс нь тайруулж байжээ.

Мөн саяхан хоёр удаа унаж, хөлөө гэмтээсэн тул тэргэнцэр ашиглах болсон байна. Түүний хувьд бүдүүн гэдэсний үрэвсэл, халдварыг үүсгэдэг нийтлэг өвчин болох дивертикулит өвчтэй. 2021 онд Францис бүдүүн гэдэснийхээ хэсгийг тайруулах мэс засал хийлгэж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen