ХӨСҮТ: Япон улсын Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ХӨСҮТ: Япон улсын Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

 

ХӨСҮТ болон Япон улсын Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт амжилттай болж байна.

ХӨСҮТ болон Япон улсын Сүрьеэгийн эрдэм шинжилгээний хүрээлэн (СЭШХ), Японы Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг (СТН)-тэй хүний нөөцийг чадавхжуулах, сургах, сүрьеэгийн лабораторийн оношилгооны чадавхыг бэхжүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр нийт 30 гаруй жилийн түүхэн хамтын ажиллагаатай байгууллагууд билээ.

Дээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Япон улсын Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг (JATA)-ийн Олон улсын хөтөлбөрийн захирал Анагаах ухааны доктор Косүкэ ОКАДА болон Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгааны гүйцэтгэх захирал Норио ЯМАДА нарын бүрэлдэхүүнтэй баг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр, дэд захирлууд, СТСА-ны эмч мэргэжилтнүүдтэй уулзаж, санал солилцлоо.

Энэ удаагийн уулзалтын зорилго нь Монгол улсын сүрьеэгийн тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдалтай танилцах, сүрьеэгийн диспансери, өрхийн эрүүл мэндийн төвд газар дээр нь очиж ажиллах, сүрьеэгийн илрүүлэлтийг нэмэгдүүлэхэд мэргэжил арга зүйгээр хангах, цаашид хийх эрдэм шинжилгээний судалгаа, эрт илрүүлгийн арга хэмжээнд зөвлөгөө өгөх юм.

Тус багийн гишүүн Норио ЯМАДА нь Монгол улсад анх 2014 онд сүрьеэгийн тархалтын судалгааны багт ДЭМБ-ын зөвлөхөөр ажилласан, манай улсад олон удаа ирж ажилласан туршлагатай эрдэмтэн, тархвар судлаач юм.

ХӨСҮТ болон Япон улсын Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд залуу эмч нарыг сургаж, чадавхжуулах, мөн сүрьеэгийн хөтөлбөрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх талаар харилцан санал солилцож, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийг онцолсон.

Монголд улсад ажиллах хугацаанд (2-р сарын 17-20) ХӨСҮТ-ийн СТСА, Баянзүрх дүүргийн Сүрьеэгийн диспансер, тус дүүргийн 4-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төв, Төв аймгийн Сүрьеэгийн диспансер, Энэрэл эмнэлгийн сүрьеэгийн тасаг, диспансер, Өлзийт Асар гэр оронгүй иргэдэд үйлчилдэг төрийн бус байгууллагад тус тус очиж ажиллана.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen