Эмээгийн жор бизнес болов

 

Тао Хуаби гэдэг нэрийг Хятад хүмүүс андахгүй. Тэрээр нэг ч өдөр сургуульд сууж үзээгүй, бичиг үсгийн боловсролгүй нэгэн билээ. Өөрийнхөө нэрийн 3 ханз үсгийг бичнэ гэдэг түүний хувьд их хэцүү даалгавар байсан байна. Гэвч өнөөдөр 1300 хүнийг удирдаж байгаа алдарт эх билээ.

Тао Гуйжоу мужын Мэйтань хэмээх тариачин айлд төржээ. Түүнд бичиг үсэг сурах эрх даанч байсангүй. Өглөөнөөс үдэш болтол аав ээжтэйгээ ногооны талбайд хөдөлмөрлөсөөр бага насаа өнгөрөөжээ. 20 насандаа Тао бүсгүй цэргийн хүний эхнэр болон 2 хүүхэд төрүүлэв. Хоёр жилийн дараа ядуу зүдүү гэр бүлийн амьдрал нь сарниж, улам хүнд хэцүү боллоо. Гэвч тэрээр "Амьдрах л болно" хэмээх алдарт үзэл бодлынхоо уриан доор "Тавлаг зоог" гэдэг нэртэй жижигхэн гуанз нээжээ.

Эхлээд гурилтай хоол хийж үзэв. Түүний хийсэн хоол бусдаас ялгарах зүйл өчүүхэн ч байсангүй. Харин эмэг эхийнх нь хийдэг байсан соус нь л бусдаас ялгаатай байлаа. Үйлчлүүлэгчид түүний гурилтай хоол амталдаг соусыг нь их таашаадаг байв. Нэгэн удаа түүний үйлчлүүлэгчдийн нэг нь "Гурилтай хоолыг хийдэг хүн зөндөө л байна. Чи өдөржин гурилтай хоол хийж зогсохын оронд энэ соусаа үйлдвэрлээд эхэлбэл бүр олон хүн чиний соусын амтыг мэдрэх болно. " гэж хэлжээ. Тао удаан бодсоны эцэст үйлдвэр байгуулахаар шийджээ. 1996 онд өөрийн тосгоноос 40 ажилчин хөлслөн авч, гурилтай хоолны амтлагчаа үйлдвэрлэж эхлэв. Тао өөртөө байгаа бүх хөрөнгөө зарж, үйлдвэртээ хөрөнгө оруулж байлаа.

Тао өөрийн жижиг хашаандаа үйлдвэрлэл явуулж, нутгийн жижиг хоолны газруудад худалддаг байлаа. Тао эзэгтэйн хийсэн соусын амт үнэхээр сайхан байсан тул дэлгүүрүүд хүртэл бөөнөөр худалдан авч борлуулах болов.

Жилийн дараа Тао "Лаогань ээж" (хятадаар "") гэсэн брэндээ бүртгүүлж, үйлдвэрээ өргөтгөн 200 ажилчинтай болов.

Эдүгээ 5 юаны үнэтэй жижиг савтай амтлагчийг нь Хятад орон даяар андахгүй мэддэг болсон бөгөөд өдөр бүр 1.3 сая ширхэг борлогдож байна. Тао эзэгтэй лонх бүрээсээ 0.95 юаны ашиг олж, жилийн эргэлт 2. 5 миллиард юань болж Хятад улсын анхны тэрбумтан эмэгтэйчүүдийн нэг болсон байна.

Хятад хэлнээс орчуулсан Ц.Энхтайван


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen