Э.Эрдэнэжамьяны ээлжит паян ба дахин уйлах дөхсөн нь

 

"Монгол HD” телевизээр даваа гарагт цацсан "Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн хэлэлцүүлэгт уригдсан, МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян хэн бэ гэдгээ нийтэд дахин харуулж, ямар хүсэл агуулж байгаагаа ч "нуулгүй” өчив. 

Зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэгчээр "Ийм ашигтай юмыг чинь авахгүй яадаг юм бэ, Монгол Улсыг тэжээж байгаа хоёр том үйлдвэр. Би ч гэсэн авмаар л байна шүү дээ” гээд ам алдчихав. Түүний чин хүсэл нь ердөө л энэ.

Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын төрийн өмчит "Ростех” корпорациас Монгол Улсын "Монголын зэс” корпораци худалдан авснаас хойш Монголын өмчид томоохон үйлдвэр нь ороод ирлээ хэмээн баярлахын оронд "Би ч гэсэн хүртмээр байна шүү дээ” хэмээн түүний адил цухалдаж, шунал нь хөдөлж, атаархалдаа багтарч ядсан шахааны төлөөлөл олон хүн цахим хуудсаар сэтгэгдлээ илэрхийлж, олон нийтийг үймүүлж буй. Харин Э.Эрдэнэжамъян угаас хударгагүй, увайгүй нэгэн тул ийнхүү телевизийн нэвтрүүлгээр түүнийгээ баталж, далдын хүслээ ил зарлав.

Түүний увайгүй гэдгийг өмнө нь хийж байсан олон үйлдэл нь батална. Монголчууд ч энэ имижээр нь Э.Эрдэнэжамъян гэдэг хуульчийг төсөөлдөг. Хуульч хэмээн тодотгохын учир нь хуульч хүнээс гарамгүй үйлдлийг тэр хийж чаддаг болохоор ийм мэргэжилтэй гэдэгт нь заримдаа гайхмаар. Жишээ дурдъя.

2012 оны аравдугаар сарын 17-ны өдөр, Хууль зүйн дэд сайд байхдаа Э.Эрдэнэжамъян Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт "Монгол Улсын Интерполын үндэсний товчооноос илгээсэн мэдээллийн дагуу олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй гэх Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа болон Б.Хуяг нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож өгөөч” гэсэн утгатай имэйлийг Хууль зүйн яамны нэрийн өмнөөс дур мэдэн бичиж байсан. Энэ хууль бус үйлдлийг нь Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйл анги буюу шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг хэмээн шүүхийн байгууллага үзэж, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүний улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 8,424,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрийг хэвээр үлдээсэн түүхтэй.

Тухайн үед яаманд ажиллаж байхдаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан, нэг намын гишүүн О.Баасанхүүгээ буруутгаж, салбарын сайдаа магтаж байсан нь ч Э.Эрдэнэжамъян гэж хэн бэ гэдгийг таниулах бас нэгэн баримт. Дэд сайдын суудалдаа үлдэхийн тулд нэг намын харъяалалтай, нэг тогооноос хоол иддэг О.Баасанхүүгээ муулж, Х.Тэмүүжинг дэмжиж байсныг нь тэр үедээ л цахим ертөнцөөр бай болгон ярьж байв.

Э.Эрдэнэжамъян бол эрх мэдлийн төлөө юу ч хийж чадах нөхөр гэдгээ алхам тутамдуу харуулдгийн нэг жишээ нь түүний нулимстай яриа. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилно гэх горьдлого тасрах үед буюу энэ оны гуравдугаар сарын 15-нд тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийдээ "МАХН-ыг битгий ингэж алагчилж хандаад бай л даа би гуйж байна. Бид нар яачихсан хүн юм бэ? Юуг буруу хийсэн юм бэ? Уйлмаар санагдаж байна. Яагаад мөрдөн байцаагч, хуульч, шүүгчид нь хоёр өөр ханддаг юм. Яагаад УИХ хоёр өөр шийдвэр гаргадаг юм бэ? Яагаад ЗГХЭГ нь Д.Тэрбишдагва гэдэг хүнд нэг өөр ханддаг Н.Энхбаярт бас нэг өөр ханддаг юм бэ? Яагаад бид Монгол Улсаас хасагдчихсан хүмүүс болчихсон юм бэ?” хэмээн хоолой зангируулан, нүдэндээ нулимстай хэлсэн байдаг.

"Эрдэнэт” үйлдвэрээс "авах” гэсэн хүсэл, ардаа буй эзнийхээ далдхан санааг тэр энэ удаа олон нийтийн өмнө барьж тэсэлгүй "Би ч гэсэн авмаар л байна шүү дээ” гээд хэлээд тавьчихав. Угтаа бол манай дарга ч бас авмаар байна шүү дээ гэж хэлэх мэт түүний ийн улайран буйг яаж буруутгах билээ. Даравч далдайна, булавч бултайна гэдэг биз дээ. Угаас хүний тархинд байгаа жинхэнэ бодол үйлдэл, үг хэл нь санаандгүй хандлагаар илэрдгийг шинжлэх ухаан баталсан хойно яалтай билээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen