Далайн байцааг ихээр хэрэглэх нь зөв үү

Далайн байцааг ихээр хэрэглэх нь зөв үү

 

Эрт дээр үеэс далайн ургамал нь олон соёл иргэншлийн гол бүтээгдэхүүн байсаар ирсэн. Гэвч барууны орнуудад үүнийг төдийлөн таашаадаггүй байна. Тиймээс энэхүү асуултын хүрээнд далайн ургамал нь үнэхээр бидэнд хэрэгтэй орц найрлагыг агуулдаг эсэх талаар мэдэж авцгаая.

Гэртээ хийсэн зайрмаг хадгалах явцад гадуураа мөс тогтсон байдаг ч дэлгүүрээс худалдаж авсан зайрмаг тийм биш байдаг талаар бодож та байсан уу? Тэгвэл энэ нь далайн замагт агуулагддаг байгалийн эслэг болох алгинат хэмээх далайн байцааны хандны тусламжтайгаар бий болдог байна. Өнөөдрийг хүртэл Их Британийн Ньюкасл их сургуулийн молекул физиологийн профессор Жеффри Пирсон далайн замагны талаар маш олон төрлийн судалгаа хийсээр иржээ.

Азийн далайн эрэг орчмын бүс нутагт бүхэлдээ далайн замагийг өргөн хэрэглэдэг ба энэ нь аажмаар барууны орнуудад өргөн дэлгэрч, тэжээллэг, "супер хоол" гэж нэрлэгддэг болжээ. АНУ-ын зарим эцэг эх өөх тос болон давс ихээр агуулсан чипс болон бусад амттанаас илүү эрүүл хэмээн үзэж, өдөр тутамдаа хатаасан далайн замагийг түлхүү хэрэглэдэг байна. Харин бусад төрлийн далайн байцаа нь илчлэг багатай, уураг, эслэг, полифенолоор баялаг учир зүрхний өвчин, чихрийн шижин, зарим хорт хавдрын эрсдэл болон цусны даралтыг бууруулахад эерэг нөлөөтэй. Мөн бамбай булчирхайн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй иодыг агуулдаг байна.

Профессор Пирсоны судалгаагаар зарим төрлийн далайн замаг нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай хүмүүст жингээ барихад тусалдаг гэжээ. Учир нь алгинат хэмээх далайн замагны ханд нь өөх тосыг шингээхэд тусалдаг фермент болох липазыг дарангуйлдагтай холбоотой юм. Далайн замаг зөвхөн жингээ хасахад туслахаас гадна Японд хийсэн судалгааны үр дүнд далайн байцааг өдөр тутамдаа хэрэглэдэг хүмүүс огт иддэггүй хүмүүстэй харьцуулахад зүрх судасны өвчнөөр өвчлөх нь харьцангуй бага, мөн эрэгтэйчүүд дунд цус харвах эрсдэл бага байгааг тогтоожээ.

Гэсэн хэдий ч саяхан хийсэн  судалгааны үр дүнд далайн замаг хоолондоо хэрэглэх талаар эерэг үр дүн харуулсан судалгаанууд нь нийт хүн ам гэхээс илүүтэйгээр таргалалттай болон  II хэлбэрийн чихрийн шижин зэрэг эрүүл мэндийн өвчтэй хүмүүсийг л хамран хийсэн судалгаа болохыг тогтоожээ. Мөн "Эрүүл хүмүүсийн бие махбодод энэ нь ямар ч ашиг тусгүй байх магадлалтай" хэмээн  зохиолч Жоао Педро Триго хэлсэн байна. Учир нь далайн ургамал нь хүнцэл, хар тугалга, иод зэрэг бодисыг ихээр агуулдаг. Мөн зарим төрлийн далайн замаг нь хаана үйлдвэрлэсэн гэдгээсээ шалтгаалан бусдаасаа илүү хүнцэл агуулдаг тухай Норвегийн хүнсний судалгааны байгууллага болох Нофима хүрээлэнгийн Флорент Говаертс хэлжээ. Хүнцлээс гадна хэт их иод нь зарим хүнд бамбай булчирхайн асуудал үүсгэдэг ба дотор муухайрах, бөөлжих зэрэг шууд гаж нөлөө үзүүлдэг байна.

Дэлхий даяар нийт хүнсэнд хэрэглэх боломжтой 145 зүйлийн далайн ургамал байдаг ба эдгээрээс зургааг нь бид өргөн хэрэглэдэг гэжээ. Сүүлийн жилүүдэд далайн байцааг эрүүл мэндийн ашиг тустай хэмээн ихээр хэрэглэх хандлага түгээмэл байгаа учир энэ талаар илүү нарийвчилсан судалгааны ажлууд хийгдсээр байна.

Эх сурвалж: BBC

Бэлтгэсэн: Б.Эрдэнэзаяа

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen