Хаягжуулалтад дэлхийн жишигт нийцсэн хялбар шийдлийг нэвтрүүллээ

Хаягжуулалтад дэлхийн жишигт нийцсэн хялбар шийдлийг нэвтрүүллээ

 

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол шуудан ХК, “What3words” ХК хамтран технологийн дэвшилд суурилсан хаягжуулалтын ажлыг эхлүүлжээ. Үүний хүрээнд СБД-ийн 18 дугаар хороонд 2200 гаруй гурван үгт самбарыг байршуулж бүрэн хаягжуулсан байна. Энэхүү технологи нь дэлхийн гадаргуун 3х3 метр талбай тутамд санамсаргүйгээр сонгогдсон гурван үгт цахим хаяг байрших бөгөөд дахин давтагдахгүй аж. Тус систем нь анх 2013 онд Английн Лондон хотноо нээлтээ хийсэн юм. Дэлхий даяар өргөн тархсан хаягжилтын систем юм. 2017 оноос манай улс хэрэглэгчдийн эгнээн нэгдэж цахим хаягжилтын системийг эх орондоо хөгжүүлсээр ирсэн байна.

 

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас санаачлан хэрэгжүүлж буй хамтарсан төслийн хүрээнд "И-Монгол Академи" УТУГ, "e-Mongolia" аппликэйшнд "е-Kids” хэмээх хүүхэд хамгааллын системд хаягжилтын функцыг суурилуулжээ. Ингэснээр хүүхэд өөрийн байршлыг “what3words” буюу гурван үгт цахим хаягаар эцэг эх, асран хамгаалагчиддаа илгээх боломж бүрдэж байна. Энэ нь хүүхэд хамгаалалд томоохон хувь нэмэр болж буй хэрэг билээ. Учир нь одоогийн Монгол Улсад хэрэгжиж байгаа хаягжилтын зохицуулалт нь хүүхэд гэлтгүй насанд хүрэгчдэд ч хаягаа нарийн тодорхой мэдээллэхэд хүндрэл үүсгэдэг. Энэ гурван үгт цахим хаягжилт нь “Google Maps”-ын алба ёсны эрхтэй, өөрөөр хэлбэл “Google Maps”-аар дамжуулан нь нарийвчлалтай тодорхой гарч ирэх юм. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын тус санаачлагыг "Юнител", "Мобиком", "Скайтел","ЖиМобайл", "ОНДО" компаниуд дэмжиж "e-Mongolia", "e-Kids" ашиглах үед ямар нэг нэмэлт дата төлбөр тооцогдохгүй болжээ. Түүнчлэн хаягжилтын асуудлыг нарийвчлан шийдвэрлэх нь эмнэлэг, цагдаа, онцгойн аврах баг, шуудан түгээлтийн тогтолцоонд ч томоохон ахиц авчрах боломжтой. Байршлыг нарийн тогтоож чадсанаар яаралтай тусламжыг түргэн шуурхай үзүүлж, хүнд онцгой нөхцөлд буй иргэдийн амь насыг аврах боломжтой юм. Энэ хаягжилт нь дан ганц СБД, Нийслэлээр тогтохгүй орон даяр хэрэгжих боломжтой. Аялал зугаалгаар явах салхинд гарах, хөдөө орон нутагт ч мөн ашиглагдана. Нэмэлт дата сүлжээ шаардлагагүй оффлайн горимд ажиллах боломжтой тус системийг ухаалаг үйлдэлт гар утсандаа суулгахад хангалттай юм.

 

Энэхүү санаачлагын талаар  Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал: “Манай иргэд одоо ертөнцийн зүгээр хаягаа заадаг үеэсээ салах цаг нь болсон. Хаягжуулалтыг дагаад олон асуудлууд гарсаар байна. Үүнийг шийдвэрлэхээр хаягжуулалтын хуулийн талаарх асуудлыг БХБЯ болон манай яам хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Гэвч үүнийг хүлээж суух нь иргэд олон нийт тэр дундаа хүүхдүүдийн аюулгүй байдал алдагдсаар байна. Тиймээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол шуудан ХК, “What3words” ХК хамтран дээрх хаягжуулалтыг хийж байна. Технологийн дэвшлийг ашиглан асуудал үүссэний дараа бус үүсэхээс нь өмнө хамгаалах урьдчилан сэргийлэх ажилыг хийх хэрэгтэй. Мэдээж энэ хамтын ажиллагаа үүгээр зогсохгүй цаашлаад нийслэл, орон даяр хаягжуулалтын ажлыг эрчимжүүлэх болно” гэв. Монгол шуудан ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар  “ Хаягжилтын асуудлыг технологи ашиглан шийдсэнээр олон давуу тал бий болох боломжтой. Үүний нэг жишээ бол шуудангийн хүргэлт, олон төрлийн хүргэлтийн үйлчилгээнд давуу талууд бий болох юм. Энэ удаагийн бүрэн хаягжуулалт хийгдсэн СБД-ийн 18 дугаар дүүрэг бол алслагдсан хэсэгтээ ордог. Алслагдсан хэсгээс эхлэх хаягжуулалтыг хийж эхлэх нь зүйтэй гэж шийдсэн. Иргэд олон нийт маань энэ үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаж гурван үгт цахим хаягаа хэрэглэж хэвшээрэй” гэв.

 

“What3words” ХК-ийн Хамтын харилцаа хариуцсан менежер Ж.Ундрам “Манай компани дээрх системийг 2017 оноос Монголдоо нэвтрүүлээд байсан хэдий ч хэрэглэгчдэд төдийлэн хүрч чадахгүй. Харин энэ удаад Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол шуудан ХК-тай хамтран хаягжуулалтын ажлыг хийж олон нийтэд хурдацтайгаар түгээж байна. Иргэдийн аюулгүй байдал, эмнэлэг тусламж үйлчилгээ цаашлаад хүргэлт, технологийн дэвшлийн асуудалд томоохон дэвшил болно хэмээн найдаж байна. Энэ бол дэлхийн 60 гаруй орны хэлээр ашиглагддаг найдвартай систем” хэмээв. Мөн ОБЕГ-ын төлөөлөгчид иргэд ослын дуудлага өгөхдөө айж сандарсны улмаас буруу хаяг хэлэх, замаа буруу заах зэргээр хугацаа алдах тохиолдол бий. Энэ асуудлыг сайжруулснаар цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлж, дараа дараагийн дуудлагад зарцуулагдах цаг ихсэх боломжтой. Өнөөгийн нөхцөлд байдалд уялдуулсан оновчтой шийдэл гэдгийг онцлон хэлж байлаа. Дахин сануулахад иргэн бүр өөрийн ухаалаг гар утсанд "What3words" аппликэйшныг суулгаснаар цахим хаягжилтын үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 222 (7207)

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen