Улсын арслан М.Бадарчийн Б сорьцоос допинг илэрчээ
Үндэсний их баяр наадмын түрүү бөх, Улсын арслан М.Бадарчаас А сорьцоор допинг илэрч, В сорьцоо нээлгэх хүсэлтээ өгсөн. Тэрбээр В сорьцоо задлахар өөрийн биеэр хяналт тавихаар БНСУ очоод байсан билээ.
Тэгвэл Б сорьцын хариу нь эерэг гарч, допинг хэрэглэсэн нь албан ёсоор баталгаажсан байна. Түүний А сорьцоос МЕТЕНОЛОН гэх бүх цаг үед хориотой допингийн төрлийн бодис илэрсэн. Метенолон нь S1 буюу анаболик стеройдод хамаардаг бодис юм.
М.Бадарчийн допингийн хариуны талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс, Монголын допингийн эсрэг Үндэсний байгууллагаас албан ёсны мэдээлэл өгөх бөгөөд үүний дараа түүнд ямар арга хэмжээ авах шийдвэрүүд тодорхой болох юм.
Албан бус мэдээгээр түүнийг барилдах эрхийг ДӨРВӨН жилээр хасч, баяр наадмаар авсан цолыг хураах тухай яригдаж байгаа аж.