МҮБХ: Э.Оюунболдын барилдах эрхийг хэдэн жилээр хасахыг тэргүүлэгчдийн хурлаар шийднэ

МҮБХ: Э.Оюунболдын барилдах эрхийг хэдэн жилээр хасахыг тэргүүлэгчдийн хурлаар шийднэ

 

Үзэсгэлэн болгогч усан туулай жилийн Цагаан сарын барилдааны шөвгийн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан. Шинжилгээний хариу нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд иржээ. Улмаар допинг хэрэглэсэн бөхөд Б сорьцоо өгөх эсэх талаар мэдэгдэх хуудас хүргүүлэх гэсэн боловч холбогдоогүй байна. Тиймээс хариуг нь энэ сарын 7-нд хүргүүлжээ.

Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу Б сорьцыг шинжлүүлэх эсэх тухай хүсэлтээ 14 хоногт багтаан гаргах ёстой бөгөөд журмын дагуу хүсэлтээ гаргаагүй учир өнөөдөр допинг хэрэглэсэн бөхийн нэрийг зарлалаа. Улсын арслан Э.Оюунболдын шинжилгээнээс оксандролин, метандиенон гэсэн анаболик стериод төрлийн бодис илэрчээ. Энэ нь түүнээс допинг илэрч буй анхны тохиолдол биш юм. Өмнө нь допинг илэрч аварга цолоо хураалгаж, барилдах эрхээ найман жилээр хасуулсан байдаг. Гэвч тэрээр уг шийдвэртэй холбоотойгоор 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр спортын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. 

Арбитр шүүх 2022 оны дөрөвдүгээр сарын 28-нд Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан гэх хэсгийг хүчингүй болгож, барилдах эрхийг нь сэргээх шийдвэр гаргасан юм. Улмаар 2022 оны зургаадугаар сарын 23-нд Шүүхийн шийдвэр гарч Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээсэн. 

Гэсэн ч дахин сэргээш хэрэглэсэн учир түүхий барилдах эрхийг бүх насаар нь хязгаарлана гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад буй. Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооноос тодруулахад "Допинг илэрсэн бөхийн нэрийг өчигдөр зарласан. Барилдах эрхийг нь насаар нь эсвэл тодорхой хугацаанд хасах эсэхийг шууд дүгнэх боломжгүй. Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээд, шийдвэрлэнэ. Засгийн газраас баталдсан "Допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох журам" гэж бий. Тус журмын хүрээнд шийдвэрлэнэ. Журамд бүх насаар нь барилдах эрхийг нь хасна гэх заалт байгаа гэж хэлж чадахгүй байна" гэсэн хариулт өглөө.  

"Допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох журам"-ыг 2018 онд шинэчилсэн байдаг. Нэмэлт өөрчлөлтөөр,

  • Допинг хэрэглэсэн нь тогтоогдоод шийтгэл оноосон байхад барилдсан тохиолдолд уг бөхийн шийтгэлийг хугацааг хамгийн сүүлд барилдсан хугацаанаас эхлэн дахин тооцно.
  • Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхийг барилдуулсан аймаг, сумын наадмыг хүчингүйд тооцож, тухайн наадамд цол авсан бөхчүүдийг эрэмбэнд оруулахгүй.
  • Шинжилгээ өгөхөөс татгалзсан тохиолдолд Дэлхийн допингийн эсрэг дүрмийн дагуу допинг хэрэглэсэнд тооцож, улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг мөн 2 жилээр хасна зэргийг тусгасан байна. 

Харин удаа дараа допинг хэрэглэсэн, тэгсэн хэр нь барирдаанд оролцсон бөхөд ямар шийтгэл оногдуулах тухай нарийвчлан тусгаагүй байна. Түүнчлэн Э.Оюунболдын 2021 оны допингийн шинжилгээний хариуг шүүх хүчингүй гэж үзсэн тул тус шийтгэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцно. Тиймээс түүнийг допинг хэрэглэсэн хэр нь барилдаанд оролцсон гэж үзэх үндэслэлгүй юм. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen