Допингийн хэрэг допингоосоо халиад явчихлаа
Наадам сайхан болов. Улсын арслан Э.Оюунболд түрүүлж монгол бөхөд шинэ залуу аварга төрсөн нь улсын наадмыг улам сайхан болгов. Наадам, тэр дундаа бөх сайхан болсныг ярьсаар зуны сар дуусав.
Наадмын дараа намар эхэллээ. Дахиад л наадам, бөхийн тухай яриа. Наадам будлиантай болжээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос наадамд шөвгөрсөн 16 бөхийн шинжилгээний хариуг танилцуулав. Шинжилгээг уламжлал ёсоор БНСУ-д байх Олон улсын олимпын хороогоор итгэмжлэгдсэн лабораторид хийлгэжээ. Шинжилгээний дүнгээр хоёр бөхөөс допингийн төрлийн бодис илэрчээ. Улсаараа допингийн эзнийг хайж эхэллээ. Эцэст нь Бөхийн холбоо, Бөхийн өргөөг булаацалдаж буй нэг тал нь аварга Э.Оюунболдоос допинг илэрсэн, түүнийг цол, бүх шагналаа хураалгахыг шаардсан мэдэгдэл гаргав. Тэд наадамд үзүүрлэсэн Н.Батсуурь аваргыг даян аварга болох ёстой гээд цолыг нь өг гэж шаарджээ Гэвч тус “холбоо”-ны мэдэгдэл нь мэдээлэл болсонгүй, бөх сонирхогчдыг харин ч талцуулж, шууд хэлэхэд Увс-Хэнтийгээр нь хуваалаа.
Уг номоороо бол допингийн төрлийн бодис илэрсэн гэх бөх В сорьцын шинжилгээгээ дахин шинжлүүлтэл түүний нэрийг зарлах эрхгүй. Хууль нь тийм юм. Допинг хэрэглэсэн бөхийн нэрийг мэргэжлийн холбоо нь биш, талцаж байгаа талууд бүр биш, гагцхүү наадмын комиссоос олон нийтэд зарлах эрхтэй бөгөөд үүрэгтэй. Наадмын комисс баталгаатай эх сурвалж нь болдог. Гэтэл наадмын комиссын өмнүүр орж, яаран сандран мэдэгдэл гаргасан нь асуудал допингдоо бус, допинг хэрэглэсэн үйлдлээр далимдуулан талцаж байгаа нөгөө холбоогоо дарж авах гэсэн л арга бололтой.
Допингийн тухайд маргаан байхгүй. Хэрвээ хэрэглэсэн, шинжилгээгээр илэрсэн бол тэр нь Э.Оюуболд байна уу, түүний багш нь улсад 11 түрүүлсэн дархан аварга, бас улсын Ерөнхий сайд байна уу, хамаагүй. Тэр хүн хуульд заасан бүх хариуцлагаа хүлээж үүрэх ёстой. Түүнд унасан бөхчүүд нь цол нь ахих нь ч тодорхой. Бас хууль нь тийм. Харамсалтай нь, монголчуудын хүсэн хүлээдэг, ард түмнийг нэгтгэдэг олон зуун жилийн түүхтэй, үндэсний спортын түрүү бөхөөс допинг илэрвэл гутамшигтай л юм. Тэглээ гээд допингтой дэлхий нийтээрээ тэмцэж байхад дэлхийгээс зөрөх эрх монголчуудад байхгүй. Хэрвээ үнэхээр Э.Оюунболдоос допинг илрээд /одоохондоо албан ёсоор батлагдаагүй байна/ түүнийг хариуцлагын гадна үлдээвэл тэр нь “түрүүлсэн бөх допинг хэрэглэж болно” гэж хуульчилсантай ялгаагүй. Хэрвээ Э.Оюунболд аварга допинг хэрэглэсэн байгаад зүгээр өнгөрвөл өмнө нь ийм шинжилгээгээр шийтгэгдсэн бүх бөхчүүдийг цагаатгах хэрэгтэй, ер нь допингийн шинжилгээ авдгаа ч болих хэрэгтэй. Асуудал ийм, бөхийн хорхойтон байтугай монгол хүн бүр допингтой эвлэрэхгүй, түрүү бөх байлаа ч өршөөхгүй нь тодорхой байхад тодорхойгүй мэдээллээр "Гацуурт”-ын Чинбат захирлын тэргүүлдэг холбоо юунд яаран сандрав аа. Допингийн төрлийн бодис орсон эм бэлдмэл хэрэглэсэн байлаа ч тэр нь допинг мөн. Тэгэхдээ түүнийг мэдэж хэрэглэсэн үү, мэдээгүй хэрэглэсэн үү, эрүүл мэндийн шаардлагаар хэрэглэсэн үү гэдэг хоёрдугаар асуудал хэдий ч учрыг сонсох, баталгаатай мэдээ хүлээх 14 хоногийн тэвчээр монголчуудад байхгүй юү. Ер нь бөхчүүд, бөхийн холбоо нь хамгийн ихээр жудаг ярьдаг мөртлөө хамгийн жудаггүй занг түрүүлж гаргах юм. Допингийн гэх энэ хэрэг цаашдаа ч үндэсний бөхийн сэвтсэн нэр хүндэд нэрмээс, жалга дов тойрсон талцал, хагаралд хүч өгөх нь одоо болж байгаа үйл явдлаас харагдаж буй. Нэг үгээр хэлбэл хэзээ ч шатаж, дэлбэрч мэдэхээр болсон Бөхийн өргөөний талцалд өнөөдрийн сэргээшийн асуудал нь шүдэнз зурж шидэхтэй ижил үйл болж мэдэхээр боллоо. Хамгийн харамсалтай нь энэ. Улс орнуудын мэргэжлийн болон үндэсний спортод ч допингийг хориглодог. Тэгэхдээ тэд асуудлыг шийддэг. Харин нөгөө холбоогоо допингоор яллаж байсангүй.
Бөхчүүд нь биедээ хүчтэй, холбоод нь толгойдоо бяртай байж талцахгүйгээр асуудлыг шударга шийдэх болтугай. Ядаж албан ёсны хариу гартал, цаашлаад допинг илэрсэн бөх нь үгээ хэлтэл тэвчээртэй хүлээе. Бөх, допингоос өөр хийх ажил, ярих сэдэв мундахгүй байна даа.
О.Мөнхбат
Эх сурвалж: Itoim.mn