Төсөвт тодотгол хийж, цалин тэтгэвэр нэмэх үү
Төсвийн орлого өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад өндөр байгаа учраас төсөвт тодотгол хийж, цалин тэтгэвэр нэмнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы индэрээс мэдэгдсэн.
Эхний хагас жилийн байдлаар төсвийн орлого 500 тэрбумаар нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд энэ эх үүсвэрээр цалин, тэтгэвэр нэмэх эсвэл алдагдлаа бууруулаад явах эсэх саналаа Засгийн газар тавдугаар сард УИХ-д оруулж ирэх аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Эдийн засаг 4 хүртэлх хувийн өсөлттэй явж байна. Цаашдаа экспорт энэ хэмжээндээ байж чадвал 5-6 хувийн өсөлттэй гарах урьдчилсан тооцоо байна. Зургадугаар сарын 1 гэхэд 500 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр бидний төсөвлөсөн төсвөөс илүү гарах магадлалтай байна. Энэ амжилтаа хадгалаад явж чадвал энэ төсвийн жил нэг орчим их наяд төгрөгөөр төсвийн орлого нэмэгдэх боломжит нөхцөл бий болно. Энэ төсвийг юунд зарцуулах вэ гэдэг парламентын онцгой бүрэн эрхийн асуудал. Төсвөө сайжруулаад явах нэг хувилбар бий. Эсвэл давсан орлогыг юунд зарцуулах вэ гэж төсвийн тодотгол хийх боломж бий. Энэ эцсийн дүгнэлт тавдугаар сарын сүүл гэхэд тодорхой болно. Засгийн газар энэ эх үүсвэрээр цалин тэтгэвэр нэмэх үү, эсвэл зарим бүтээн байгуулалтад зарцуулах уу, төсвөө сайжруулах уу гэдгийг шийдээд саналаа УИХ-д оруулж ирнэ” гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, цалин тэтгэвэр нэмэх, эсэх нь заргадгаар сарын 1-ээс өмнө шийдэгдэх аж. Гэхдээ энэ жил сонгуулийн өмнөх жил учраас Засгийн газар цалин, тэтгэвэр нэмэх шийдвэр гаргаж магадгүй. Сонгууль бүрийн өмнө эрх баригч нам цалин тэтгэвэр нэмэх, 1072 хувьцааны ногдол ашиг тараана гэж ярьдаг, бараг л жишиг болсон гэхэд хилсдэхгүй.
Харин Засгийн газар ирэх жилийн сонгуулиа бодолгүй, улс орноо бодож төсвөө сайжруулаад явах шийдвэр гаргавал төсвийн алдагдлаа бууруулах боломжтой. Энэ оны төсвийг 1.6 их наядын алдагдалтай баталсан. Хэрвээ нэмэгдсэн орлогоор төсвийн алдагдлаа бууруулбал оны төгсгөлд нэг тэрбумаар төсвийн алдагдал буурна гэсэн үг.
Нэмэгдсэн төсвийн орлогоор цалин тэтгэвэр нэмэх, эсэхийг Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулсан юм. Тэрээр “Төсвийн тодотгол ярихад арай эрт байна. Ингэж яримгүй байгаа юм. Манай жилийн эдийн засаг эхний хагас жил, дараагийн хагас жил гэсэн хоёр мөчлөгтэй. Ер нь өмнөх туршлагаас ч харахад эхний хагас жил орлого цөмөрдөг. Энэ жишгээр манай орлого биелж байгаа. Тэр хэмжээгээр санхүүжүүлэх ёстой төрийн бүх үйлчилгээг саадалгүй санхүүжүүлээд явж байна. Нөгөө талаар манай төсвийн суурь хууль тодотгол хийхийг нэлээд хааж өгсөн байдаг. Энэ нь сахилга баттай явахад нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого тасраад төрийн үйлчилгээг санхүүжүүлж чадахгүй болсон тохиолдолд л тодотгол хийхээр зохицуулагдсан байдаг. Тэгэхээр орлого нэмэгдсэн тохиолдолд зардлаа нэмэх нь Төсвийн хуулиар ч Төсвийн тогтвортой байдлын хуулиар ч хязгаарлагдмал.
Экспортын хэмжээгээр орлого нэмэгдэж байгаа хэдий ч дэлхийн нийтийн чиг хандлага хүнд хэвээрээ байна. Энэ тохиолдолд бид орлогоо өөдрөгөөр төсөөлөх боломж бага. Орлого нэмэгдсэн хэмжээгээр зарлагаа нэмлээ гэхэд үнийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Тиймээс энэ тэнцвэрт байдлаа бид харах ёстой. Мөн сүүлийн хагас жил орлого энэ хэмжээндээ байх уу гэх мэт олон зүйлийг харах хэрэгтэй” гэсэн юм.
Ямартаа ч төсвийн орлого нэмэгдсэн учраас энэ орлогоо юунд зарцуулах вэ гэдэг шийдвэрийг Засгийн газар зургадугаар сараас өмнө гаргах нь. Харин ирэх жилийн сонгуулиа бодох уу, улс орныхоо эдийн засгийг бодох уу гэдэг сонголтын өмнө Засгийн газар ирлээ.
https://itoim.mn/a/2023/04/10/politic/dvs