Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг зогсоож байж тэтгэвэр, тэтгэмж нэмэх боломжтой
Өнөөдөр /2022.01.18/ Тэтгэвэр, тэтгэмж нэмэх болон төсөвт тодотгол хийх эсэх асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "2022 оны төсвийн гүйцэтгэл, эдийн засаг зэрэг зүйлүүдэд том сорилт дагуулсан жил болохоор байна. Өнгөрсөн оны эцсээр батлагдсан шинэ сэргэлтийн бодлого бол дунд, урт хугацааны томоохон зорилт тавьсан эдийн засгийн цогц бодлогын арга хэмжээ юм. Ойрын хугацаанд Covid-19-ийн үеийн хямаралаас гарах нь дэлхийн улс орнуудын хувьд тулгамдсан зорилго болоод байна. Тэр ч утгаараа Covid-19 бол нэг улсын инфляци гэж байдаггүйг харуулж байна. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтийн инфляци л гэж байгааг харуулж байгаа юм. Гаднаас бараа авахад, импортлоход ч инфляци яригдаж байна. Энэ үед эдийн засгаа хумьж биш, тэлж байж хүндрэлийг даван туулах бодлоготой ажиллана.
Шинэ хууль, нэмэлт өөрчлөлт болоод хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулгуудыг өргөн барина. Төр, хувийн хэвшлийн томоохон реформын шинжтэй хуулиуд зэрэг хуулийг өргөн барихаар төлөвлөж байна.
Төсвийн тодотголыг хуулийн хүрээнд тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд хийнэ. Харин тэтгэвэр, тэтгэмж нэмэх эсэх тухайд халамжийн бодлоготой уялдуулж явна. Өмнө нь жилд тэтгэврийг найм хүртэлх хувиар нэмдэг байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тэтгэвэр гэхээс илүүтэй тэтгэмж, хүүхдийн мөнгө зэргийг 8-аас илүү хувиар нэмсэн. Тэгэхээр цаашид Цар тахлын хуулийн хугацаа дуусч, тэтгэмжүүдийн нэмэгдлийг хэвэнд нь оруулахаар тэтгэвэр нэмэх тухай яригдана. Тухайлбал, нийгмийн даатгалын бодлого дотор тэтгэврийн зөрүү арилгах асуудлыг төсвийн боломжийн түвшинд судлаад явна. Мөн инфляцитай уялдуулж тэтгэвэр нэмэх зайлшгүй шаардлага ч үүснэ. Тэгэхээр тухай бүрд нь төсвийн боломжид тохируулан судална” гэлээ.