Ши Жиньпиний айлчлалыг Барууны хэвлэлүүд хэрхэн дүгнэв

Ши Жиньпиний айлчлалыг Барууны хэвлэлүүд хэрхэн дүгнэв

 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д хийсэн гурван өдрийн төрийн айлчлалаа дуусгалаа. Хоёр улсын удирдагчид хэлэлцээ хийж, стратегийн хамтын ажиллагааны тухай болон эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хоёр мэдэгдэлд гарын үсэг зурсан. Хятад улс Орос-Украины мөргөлдөөнийг зохицуулах энхийн төлөвлөгөөгөө танилцуулаад байгаа үед Ши Жиньпин ОХУ-д айлчилсан нь дэлхийн томоохон орнуудын удирдагчдын анхаарлыг ихээхэн татав. Ингээд барууны хэвлэлүүдэд түүний айлчлалыг хэрхэн дүгнэснийг хүргэж байна. 
 
Reuters: Ши Жиньпин, Владимир Путин нар дэлхийн шинэ дэг журам тогтоохыг зорилго болгон тавилаа. Ши Жиньпин Барууны эсрэг Путинтэй хамт зогсоно гэдгээ эрс шийдэмгий харууллаа. Тэрбээр явахдаа: “100 жил болоогүй өөрчлөлтүүд одоо болж байна. Бид хамтдаа байхдаа энэ өөрчлөлтүүдэд тус нэмэр болж чадна” гэж түүнд хэлэв.
 
New York Times: Москвад хийсэн Ши-гийн төрийн айлчлалын хоёр дахь өдөр хоёр удирдагчийн өгсөн эдийн засгийн амлалтууд нь Хятад улс АНУ эсвэл Европын аливаа арга хэмжээг үл тоомсорлон Оростой урьдын адил бизнес хийсээр байх болно гэсэн дохио байв. Ши Жиньпин энэ айлчлалаараа Хятад бол бусдаар юу хийхээ заалгахгүй улс гэдгийг дэлхий дахинд хэлэв. “Путин бол муу жаал, тоглоомын талбай дээр түүнтэй бүү уулзаж бай" гэж хэлэх гэсэн Барууныхны оролдлого Хятадад ямар ч нэмэр болохгүй. 
 
Bloomberg: Ши Жиньпиний айлчлал хоёр удирдагчийн хоёулангийнх нь улс төрийн ялалтыг харууллаа. Саудын Араб, Ираны хооронд гэрээ байгуулахад зуучилсныхаа дараа Ши Жиньпин АНУ-д хариу цохилт өгч, дэлхийн хэмжээний төрийн зүтгэлтэн гэсэн дүр төрхөө бэхжүүлэх боломжийг олж харсан. Харин Путин АНУ болон тус улсын холбоотнууд түүнийг тусгаарлахыг оролдож байгаа үед ч гэсэн дэлхийн хамгийн хүчирхэг удирдагчдын нэг өөрийг нь дэмжиж байгааг харуулав.
 
Washington post: Энхийг сахиулагчийн дүрд тоглосноороо Ши хэрвээ Украин гал зогсоохоос татгалзвал тус улсын эсрэг илүү хатуу арга хэмжээ авахыг зөвтгөж болох өөрт нь илүү ашигтай байр суурийг баримталж магадгүй юм. Тухайлбал, тэрбээр Орост зэвсэг өгснөөр нөхцөл байдлыг тэнцвэржүүлж байна гэж баталж магадгүй. Эсвэл Украинд шахалт үзүүлэхийг дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсгийн Энэтхэг, Өмнөд Африк, Бразил зэрэг орнуудаас шаардаж мэднэ. Бүхэл бүтэн нэгэн үеийн турш Хятадыг Оросоос холдуулах нь АНУ-ын гадаад бодлогын гол зорилго байсныг харгалзан үзвэл Евразийн эвслийн удирдагчийн хувиар гарч ирж буй Ши Жиньпиний шинэ дүр Америкийн стратегичдийг хүндхэн нөхцөлд байдалд оруулж байна. 
 
Guardian: Украины талаар гаргаж буй Ши Жиньпиний хүчин чармайлт мөргөлдөөнийг эцэслэхэд нөлөөлөх нь юу л бол. Гэхдээ түүний айлчлалыг Барууны орнуудын удирдагчид анхааралтай ажиглалаа. Дээрээс нь энэ айлчлалыг Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өндрөөр үнэлэв.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen