Дэлхийн банк: Туркт байгалийн гамшгийн улмаас 34 тэрбум ам.долларын хохирол учирсан
ВАШИНГТОН. /Reuters/. Туркт энэ сарын 6-ны өдөр болсон хоёр хүчтэй газар хөдлөлтийн улмаас 34.2 тэрбум ам.долларын шууд хохирол учирсан гэсэн тооцоог Дэлхийн банкнаас даваа гарагт танилцуулав.
Мөн байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэсэнтэй холбоотойгоор 2023 онд 3.5-4 хувьтай гарна хэмээн урьдчилан төсөөлж буй Туркийн дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлт 0.5 функтээр буурч магадгүй байгаа талаар Дэлхийн банкны Турк улсыг хариуцсан захирал Умберто Лопес ярилаа.
Дэлхийн банкны Европ, Төв Ази хариуцсан дэд ерөнхийлөгч Анна Бьердегийн хувьд, хүчтэй газар хөдлөлтөд мөн адил нэрвэгдсэн Сири улс дахь нөхцөл байдал “маш хүнд” байгааг онцолжээ. Тус банк Сирид учирсан хохирлыг тооцоолсон тайлангаа мягмар гарагт танилцуулна. А.Бьердегийн хэлснээр, Туркт эхний үнэлгээгээр 34.2 тэрбум ам.долларын хохирол учирсан гэсэн тооцоо гарсан нь 2021 оны ДНБ-ийх нь дөрвөн хувьтай тэнцэж байна. Гэхдээ үүнд эдийн засгийн өсөлтөд учрах шууд бус буюу хоёрдогч нөлөөлөл хийгээд долоо хоногийн өмнө болсон газар хөдлөлтийн уршгийг оруулаагүй байна.
Түүнчлэн сэргээн босгох ажиллагаанд дээр дурдсан хохирлоос даруй хоёр юм уу гурав дахин их зардал шаардагдах төлөвтэй байгааг тэрбээр нэмж хэлжээ. Энэ сарын 6-ны өдөр болсон 7.8, 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь Туркийн орчин үеийн түүхэн дэх хамгийн олон хүний амь насыг авч одсон гамшигт тооцогдож байгаа бөгөөд 44 300 гаруй хүн амь эрсэдсэн байна.
Дэлхийн банкны мэдээлснээр, газар хөдлөлтийн дараа 7500 гаруй чичирхийлэл мэдрэгджээ. Тус банкны Гамшгийн дараах хохирлын үнэлгээ хийх тайланд дурдсанаар, амьдарч байсан гэр орон нь нурж сүйдсэний улмаас 1.25 сая хүн орон гэргүй болжээ. Мөн ядуурлын түвшнээрээ дээгүүрт бичигддэг, Турк дэх Сирийн дүрвэгчдийн тэн хагас нь буюу 1.7 сая дүрвэгч амьдардаг Туркийн зүүн нутгийн 11 мужид хамгийн их хохирол учирсан байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг