Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нар хоригдож, Н.Алтанхуяг байцаалт өгсөн долоо хоног

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нар хоригдож, Н.Алтанхуяг байцаалт өгсөн долоо хоног

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т байцаалт өгөв

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг энэ сарын 23-нд АТГ-т байцаалт өгчээ. Түүний байцаалтыг АТГ-ын ахлах комиссар Д.Золжаргал авсан бөгөөд хууль бус тендерийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Тодруулбал, баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бус тендер явуулсан. Тендерт өөрийн ойр дотны хүмүүсийн компанийг шалгаруулсан. Улмаар улсын төсвийн хөрөнгөөр чанарын шаардлага хангахгүй тоглоомын төв хүлээлгэн өгсөн хэрэгт шалгаж байгаа юм байна.

Энэ талаар Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарласнаас хойш ийнхүү зохион байгуулалттайгаар шалгаж эхэллээ гэж мэдэгдэж байгаа. Гэвч хуулийнхан хуулийн хүрээнд хэргээ шалгаж байгаа учир улстөржүүлэхгүй байхыг анхааруулж байгаа юм.

Монголбанкны үйл ажиллагааг шалгахаар боллоо

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулж, шалгалтыг энэ сарын 23-ны өдрөөс эхлэн ирэх дөрөвдүгээр сарын 30-ны хооронд хийхээр боллоо. Шалгалтаар төгрөг буюу үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн тогтвортой байдлыг хангах, "Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс эхлээд санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүн, хэвлэсэн мөнгөний хэмжээ болон алдагдалд дүгнэлт хийхээр болсон аж.

Төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцлээ. Засгийн газар өнгөрсөн хугацаанд Олон улсын валютын сан /ОУВС/-тай хэлэлцээр хийсний дүнд өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Ингэхдээ ОУВС-аас төсвийн алдагдлыг бууруулах шаардлага тавьж байгаа юм. Энэ шаардлагын дагуу хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлд өөрчлөлт оруулах, зарим нэг Онцгой албан татварыг нэмэгдүүлэх зэрэг хэд, хэдэн төрлийн арга хэмжээ авахаар төсвийн тодотголыг боловсруулсан гэх мэдээлэл бий.   

Ингээд Сангийн яамнаас боловсруулж, оруулж ирсэн төсвийн тодотголтой Засгийн газрын сайд нар танилцаад, дэмжсэн байна. Хуралдааны үеэр гарсан санал санаачлагуудыг төсвийн тодотголд тугаж, тун удахгүй УИХ-д өргөн мэдүүлэх аж.

АТГ-аас Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг баривчиллаа

Хөгжлийн банкнаас зээл авсан томоохон зээлдэгчдийн нэг УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаад буй Эдийн засгийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр нарыг өнгөрсөн мягмар гаригийн орой буюу энэ сарын 21-нд цагдан хорив. Ингэхдээ тэднийг сэжигтнээр тооцон цагдан хорьсон юм.

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа.

Харин УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Хөгжлийн банкнаас Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт ойлгуулж нэмж нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж аваад "Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэрэгт буруутгаж буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, түүний хүү "Монроуд" компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг ч шалгаж эхэлсэн байдаг.

Г.Дэнзэнг шүүх хурал хойшиллоо

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, "Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 22-нд болох байсан ч хариуцагч талын өмгөөлөгч хуралд оролцох боломжгүй гэх шалтгаанаар хурлыг ирэх гуравдугаар сарын 20-ны 10.00 цаг хүртэл хойшлуулсан.

Г.Дэнзэн нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж буй. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх "Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудлаар шалгаж байгаа юм.

Г.Маралмаагийн өгсөн өргөдлөөр Т.Цогтыг дахин баривчиллаа

Дөрвөн настай охины үхэлд буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт болон хойд эх Г.Маралмаа нарыг шүүх хурал өнгөрсөн онд болсон билээ.

Шүүхээс Т. Цогтыг буруугүй хэмээн үзэж хэргийг нь хэрэгсэхгүй болгож цагаатгасан бол Г.Маралмааг охиныг зодож биед нь хүнд гэмтэл учруулж үхэлд хүргэсэн хэмээн үзэж 23 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн хорих ангид чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргасан билээ. Өдгөө ялаа эдэлж байгаа Г.Маралмаа энэ хэрэгт Т.Цогтыг буруутай хэмээн үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, өнгөрсөн баасан гаригт баривчлуулжээ.

Ийнхүү хэргийн тухайд шинэ баримт олдсон хэмээн УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс дахин сэргээж нягталж шалгахаар болжээ.

Гацууртын Л.Чинбат нар ХӨДӨЛМӨРИЙН БААТАР боллоо

Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж улс эх орондоо ихийг бүтээсэн зарим хүнд Төрийн дээд одон, медаль гардууллаа.

Тодруубал, Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн, Хэнтий аймгийн уугуул, малчин Г.Сампил, "Гацуурт" компанийн Ерөнхий захирал Л.Чинбат нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо.

Мөн Монгол Улсын Ардын Жүжигчин цолоор МУСГЗ, ОХБУ-ын УГЗ, СУИСийн Хүндэт профессор Д.Ухнаа, Монгол Улсын  Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор С.Энэбиш, Монгол Улсын Гавьяат багш цолоор Б.Даваасүрэн, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор Ч.Базарсүрэн, Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор Г.Золбоот, Монгол Улсын Гавьяат малчин цолоор Ц.Дандар, Монгол Улсын Гавьяат нисгэгч цолоор Д.Оюунболд, Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор  Ц.Хүрэлчулуун, Б.Ганбат, Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор Ш.Батбаяр, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цолоор Ц.Мөнхтөр, Д.Цогзол, Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цолоор Д.Алтантуул, Г.Ганбаатар, Монгол Улсын Гавьяат эмч цолоор Ш.Энхтөр, С.Юндэн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Б.Ичинхорлоо, Алтангадас одонгоор С.Цог, Ц.Сайнгэрэл нарыг шагналаа.

Зайсангийн уугуул 44 иргэнд газрын гэрчилгээг нь гардууллаа

Нийслэлийн ХУД-ийн IV,XI дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул 44 иргэнд өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол газар ашиглалтын гэрчилгээг нь гардууллаа.

Уг ажлыг судлан шийдвэрлэх ажлын хэсэг газрын давхцалгүй инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй газарт байршаагүй, нийтийн эзэмшлийн орц, гарц таглаж буугаагүй, аливаа шатны шүүхэд маргаангүй гэхчилэн ямар нэг зөрчилгүй эдгээриргэнд газрын гэрчилгээг нь олгохоор шийдвэрлэжээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат улсын аваргуудад шагнал гардууллаа

21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг "Улсын аварга малчин”, 5 малчныг "Улсын хошой аварга”, 5 саальчныг "Улсын аварга саальчин”, 5 фермерийг "Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг "Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 21 иргэнийг "Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулсан. Аваргуудад Засгийн газрын шагналыг гардууллаа.

Тус ажлын хүрээнд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ, Булган, Орхон аймагт ажиллаж салбарын шилдгүүдэд шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ.

Уяачдад улсын цол хүртээв

Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII  жарны  улаагчин гал тахиа жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгсөн юм.

Т.Гэрэл


http://www.zaluu.com/read/ggdf52cc


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen