Арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас дулаан байна

 

Арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас дулаан байна

 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх арванхоёрдугаар сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн баруун өмнөд хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас мөн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгуудаар олон жилийн дунджийн орчим байна.

 

Хэдийгээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч цаг агаар таатай байх үеүдэд агаарын температур өдөртөө нэмэгдэж цас мөс хайлж, харин цаг агаарын муудалтын үеүдэд агаарын температур буурч, огцом хүйтрэлт ажиглагдах нөхцөл бүрдээд байгаатай холбоотой хөрсний гадарга хөлдөх, халтиргаа гулгаа ихсэх магадлалтай байгааг ард иргэдэд анхааруулж байна.

 

Тухайлбал, сарын эхээр ихэнх нутгаар цаг агаар муудаж, баруун төвийн ихэнх, говийн бүсийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур эрс хүйтрэх төлөвтэй байгаа тул малчид ард иргэд замд гарах, мал бэлчээрлэлтэнд анхаарал болгоомжтой хандаж, богино хугацааны нарийвчилсан мэдээг тухай бүрт авч ашиглахыг анхааруулж байна. Цаашдаа нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр баруун болон төвийн бүс нутгаар цас орж, хүйтрэх төлөвтэй байна.

 

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтайн өмнөд, Увсын зүүн, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурна. Салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас  дулаан, хур тунадас Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн баруун, Булган, Төвийн хойд хэсгээр олон жилийн дунджийн  орчим, бусад нутгаар дунджаас бага байна.  Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурна. Салхи түр зуур 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

 

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас Хэнтийн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн  эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар хүйтэрнэ. Нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи зарим газраар 14-16 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурч болзошгүй байна.

 

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас  дулаан, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас бага байна.Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ.Нэг, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна. Салхи зарим газраар түр зуур 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүртэл ширүүсч болзошгүй.

Эх сурвалж: ЦУОШГ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen