Ууц тавих, Тавгийн идээнд хүрэх ёс
Ууц тавих
Эрт цагт ууцыг "хаадын идээ” гэдэг байсан байна. Эртний ёсыг үзвэл, монгол улсыг тэргүүлж байгаа нэг хүн л тавих ёстой. "Хааны хишиг хүртээнэ” гэж ярьдаг байсан бөгөөд ард олонд хэрчмээс нь өчүүхэн юм л оногддог байжээ. Мэдээж зорьж очсон нь хүртдэг. Зориогүй нэг нь шүтдэг байсан гэдэг.
Хаан дээр улс орны өнцөг булан бүрээс ирэх чадалтай хүн ч байна, бүл чадалгүй нэгэн ч байна. Тиймээс ирсэнд нь хүртээгээд, ирээгүйг нь төлөөлөөд "Миний монголыг харж, дээдэлж яваарай” гээд өргөчихдөг байжээ. Орчин үед нас өндөр болсон хүмүүс ууц, мөн үхрийн өвчүү тавих болсон. Харин залуу гэр бүл идээ шүүсээ заавал ууцаар засах шаардлагагүй. Хонины баруун хааг чанаж тавьдаг уламжлал байх бөгөөд эс бөгөөс цул мах чанаад шүүс бэлдэж болдог.
Тавгын идээнд хүрэх ёс
Ирсэн зочид шууд гол идээндээ хүрэх ёс байдаггүй. Энэ хориотой. Гол идээнээс гадна цагаан идээний жижиг таваг засдаг.
Хамгийн түрүүнд тэр жижиг цагаан идээндээ хүргэдэг. Энэ нь тухайн хүн ямар ч санаа өвөртөлж орж ирж болно. Түүнийг нь цагаанаар тайлж байгаа юм. Ариун цагааныг билэгдэн цагаан идээг цайнаас түрүүн барьдаг.
"Цай” гэдэг бол бор идээн дээр цагаан сүү нэмж хийдэг учраас "ариун цагаан зүйл” гэж үздэггүй. Цай бол идээ ундаа юм.
Үүний дараа гол тавганд өрхийн тэргүүн хүрсэний дараа хүрдэг. Ямар ч зочин сэлгэж, хэдэн зочин ирэх нь хамаагүй, ирсэн зочноос түрүүн өрхийн тэргүүн өөрөө эхэлж гол идээндээ хүрээд, "за гол идээндээ хүрээрэй” гээд зочдоо дайлдаг.
Өмнөх нийтлэлд ул боовоор засдаг тавгын идээ нь хүний биеийг төлөөлдөг хэмээсэн билээ. Хүн өөрийнхөө биеэнд хамгийн түрүүнд өөрөө хүрдэг. Таны зассан таваг таныг билэгдэж байгаа шүү дээ. Энэ утгаараа та өөрийн биед байгаа ухаан санаа, авьяас билиг, чадвар бүх зүйлээ бусадтай хуваалцаж байгаа гэдэг бусдыг хүргэхээс өмнө заавал өөрөө хүрч, дараа нь бусаддаа хүртээдэг.
Тэгээд бууз баншаа болон бусад идээ будаагаараа дайлна. Хүний хүн болоогүй, өрх толгойлсон бүсгүй хүн идээ, шүүс тавихыг цээрлэнэ. Мөн тийм бүсгүй айлд айлчилахад шүүсэнд хүрэхийг хориглоно. Гэрийн эзэн хүрээд, өөрийнхөө гараар түгээнэ. Эр хүн бол шүүсэнд өөрөө хүрнэ.
Таваг хураах
Шинийн гурвандаа тавгаа хураадаг. Тавьсан идээгээ зөвхөн цусан төрлийн хүмүүсдээ хүртээдэг. "Удам судар нь урт удаан үргэлжилнэ” гэсэн утгаар зөвхөн цусан төрлийнхөндөө хүртээдэг. Хавь ойрын хүмүүс, хамаатан садан, хөрш айл саахалтдаа тараагаад байдаггүй.