Монголын хөгжмийн урлагийн “цагаан суварга” Нацагийн Жанцанноров
Д.ЦЭРЭННАДМИД
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
Би Н.Жанцанноровыг танина. Бас танихгүй ээ. Ингэж хэлэхээр хэн нэгэн чи ер нь солиотой юм уу гэж ч магадгүй. Тэгвэл хэн ч ийн хэлж мэднэ. Учир нь гэвэл алив уран бүтээлчийн тухай ярихаар хэн хүнгүй танина, мэднэ гэх биз. Аргагүй л дээ. Зөвхөн бүтээл талаас нь харахаар тийм. Н.Жанцанноровын зохиосон дуу хөгжмийн бүтээлийг олонтаа сонссон зармыг нь амандаа хүлхэх чихэр шигээ аялан жаргалаа магтан, зовлонгоо нимгэлж байдаг болохоор түүнийг танина гэж амныхаа зоргоор хэлж байгаа юм. Тэгвэл харин бие хүн талаас нь бүрэн мэдэж чадаагүй “хэн бэ” гэсэн асуултад түгдрэлгүй хариулчих хүн тийм олонгүй л. Ер нь Н.Жанцанноровын дотоод сэтгэл рүү өнгийхийг оролдсон ч бүр тархиных нь мухарт буй нандин савыг нь уудлаж, оюун санааг нь онгично гэвэл хэцүү шүү дээ.
Тиймээс л түүнийг танина мэднэ гэх нь учир дутагдалтай юм гэсэн бодол мөхөс бичээч намайг эзэмдээд байна аа. Гэхдээ энэ эрхэм хүнтэй энд тэнд олон удаа таарсан, яриа хөөрөө олонтаа сонссон болохоор бага саг мэдэх. Нэг л философилог яриатай нөхөр байдаг. Өөрөө ч тэр араншингаа мэддэг бололтой юм билээ. Ярьж ярьчихаад “Би дэндүү философидож байна уу даа” гэж байхтай нэг биш удаа таарсан. Тэгэхээр Н.Жанцанноров гэдэг хүнийг өөрийн мэдэх төдий биш улстөрч, нийгмийн зүтгэлтэн, судлаач, хэл зүйч бүхэлд нь соён гэгээрүүлэгч хүн гэж болох юм. Эрдэмтэй, авьяастай хүн болохоороо цорын ганц нарны дор аж төрөхдөө өлмий толгойн хоорондох алдхан биед (уучлаарай Жанцанноров бол алдаас өндөр нэгэн) ямар ихийг сурч мэдсэн, түүнийгээ бусдад түгээж чадсан байх вэ гэж бодохоор бахархам ажээ. Иймийн учир түүнийг тал талын эрдэмд гайгүй суралцсан, хөгжмийн урлагт энэ үедээ толгой цохиж яваа гэж магтмаар санагдаад л. Миний мөхөс магтаал ч яахав. Яагаад ч богц дүүргэхгүй биз. Харин Монголын ард түмэн энэ хүнийг нэрнээсээ эхлээд хөгжимлөгийг нь санаж юу юугүй л “Хүний заяа” дууг нь баруун, солгойгүй аяламаар санагддаг биз. Уран бүтээлийн орь хүсэл, зорилго гэдэг бол хүн бүхэнд хариулахад түвэгтэй асуулт байдаг болов уу. Ингэхлээр уран бүтээлчид хоёр чиглэлтэй гэх юм билээ. Нэг нь хүн сурсан мэдснээ ашиглан амьдрах арга гэж бий. Нөгөө нь хийж бүтээх зорилго гэдэг зүйл. Тэгвэл амьдрах арга хайсан хүн бол явцуу аргадаа хүлээстэй хуурамч маягийн уран бүтээлч болж таарна. Харин амьдралынхаа зорилгыг аргынхаа дээр тавьдаг хүнд бол хэдэн төгрөгийн цалин, шагнал урамшил авах нь хамаагүй мэдэх чадахаараа цаг ямагт бүтээж хүнд хүргэж байх нь жинхэнэ уран бүтээлчийн дүр төрх юм л даа.
Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров бол тийм л нэгэн гэж бодном. Ер нь тийм хүн амьдралаа ч өөдлүүлж байна. Алдар хүнд ч аяндаа л ирнэ. Харахгүй юу. Н.Жанцанноров дуу хөгжмийг амьдралынхаа чин зорилго гэж явсаар өнөөдөр олон түмэн, үзэгчиддээ үнэтэй цэнэтэй хүн болов. Өнөөдөр түүнийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн хошой шагналт, ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч гэж цоллож байна шүү дээ.
Бас багшийн сургуульдаа хөгжмийн онол зааж байсан залуухан эр удалгүй Монголын хөгжмийн зохиолчдын холбоны дарга, МАХН-ын Төв хороонд урлаг, уран бүтээлийн асуудал эрхэлсэн ажилтан гээд байж байтал нь нэг өдөр Ю.Цэдэнбал дарга дуудаад Соёлын яамны орлогч сайдаар томилчихсон гээд олон албан тушаалд дараастай нэг хэсэг явсан байгаа юм. Соёлын яамны нэгдүгээр орлогч сайд ч болсон байдаг. Гэтэл бас Өвөрхангай нутгийнхан нь итгэл хүлээлгэж төрийн түшээгээр сонгочихсон юм. 1992 он юм даа. Гэвч УИХ-ын гишүүнээр тун удаагүй. Өөрийн хүслээр тэр зөөлөн суудлаас буусан. Шалтгаан нь гэвэл түүний үг,
-Миний хийх ажил биш байна. Нутгийнхан сонгогчид минь намайг уучилаарай! гэжээ. Төрийн өндөр албан тушаалд байх хүн нь ажиллах ёстой юм шүү гэсэн жишгийг тэр анх тогтоосон хүн. Гэтэл өнөөдөр чадахгүй байж чадна гээд дээш зүтгэгчид дэндүү олон болсон. Тэдэнд Н.Жанцанноров гэдэг хүний үлгэр дууриал огт хамаагүй мэт байх болсон. Тэр хүн тэгж байсан юм гэж ч олонхи нь мэддэггүй, дуулаа ч үгүй байх.
Нөгөө гэвэл бидний монголчууд мэдлэгтэй чадалтай хүндээ дэндүү олон сонгуульт ажил хүлээлгэдэг хуучтай. Н.Жанцанноров ч түүнээс тойрсонгүй. Дотоод, гадаадын арав гаруй байгууллагад сонгуульт албатай явж ирсэн байдаг. Одоо ч хэвээр. Тэр бүхнийг нийгмийн төлөө гэсэн сэтгэлээр амжуулсаар л яваа.
* * *
Зууны хүн булангийн маань зочин Н.Жанцанноров Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Цагаан хөтлийн Хондлой гэдэг газар малчин ард Нацагийн 13 хүүхдийн дундах нь болж төржээ гэж намтарт нь бий. Бага нас нь хөдөөний хүүхдүүдийн л адил хурга, ишиг хариулж даага сарваа номхотгож өсч. Бусдаас содон нь дөрвөн настайгаасаа уртын дуу дуулж эхлэж. Ижий, дүү хоёртойгоо найрын дуучид байв. “Алиа саарал”, “Ар хөвч” хоёрыг голлон дуулах. Тиймээс тэд очиж дуулаагүй найр бол найр биш л байсан гэх. Нэг ах нь их сайхан дуулна “Урьхан хонгор салхи”-ийг мэргэжлийн ямар ч дуучнаас дутахгүй яруухан дуулдаг хүн байв. Н.Жанцанноров ахтайгаа мөрийтэй дуулдаг учир ялахын тулд улам сайн дуулах гэж мэрийнэ. Энэ тухай Н.Жанцанноров дурсан ярихдаа,
- “Ах бид хоёрыг манай хонхорынхон үүр цайтал дуулуулдаг байлаа. Миний хувьд чадаж байна гэж бодоод жаахан онгироодуу ч байсан юм уу дуулахаас ер залхуурдаггүй байж дээ” гэсэн бий.
Тэрбээр Хужиртад аравдугаар ангиа төгсгөөд МУИС-ийн механик, инженерийн хуваарь авч. Түүнээс өмнө аав нь 10 дугаар ангид ордог жил нь хүүгээ хичээлдээ муугүй, толгой сайтай тоонд дажгүй болохоор нь тэгсэн үү.
-Миний хүү эрдэм номын мөр хөөхөө бод. Бид хэд яахав. Хэдэн дүү нар чинь малын зах ойртуулаад байж дөнгөнө байх гэж хэлээд зулайг нь үнссэн нь өөртөө зорилготой явахын итгэл өгсөн юм гэдэг. Энэ үед сургуулийнх нь хөгжмийн багш Очирбат аав дээр нь очоод “Танай хүү инженер болохгүй ээ. Гитар тэврээд алга болно. Хотынхон гитарт дуртай. Иймээс багшийн сургуульд оруулъя” гэжээ.
Тэгээд л багшийн сургууль дээр Дагважамц гэдэг багшид шалгуулж. Тэр багш төгөлдөр хуур дээр хоёр гурван өнгө дуугаргаж хэдэн өнгө сонсов гэж. “Арав” гээд тавьчихсан. Биш болов. Огт сонсголгүй хүүхэд байна гээд хасахад хүрэв. Гэтэл багш нь цаагуур нь хөөцөлдөөд хөгжмийн ангид оруулчихсан гэдэг. Ажил мэргэжлийнх нь эхлэл тийм. Түүний гаргасан саналаар сургууль дээрээ цахилгаан хөгжмийн хамтлаг анхлан байгуулсан нь түүх болж. Гишүүд нь хэн байв гэвэл Н.Жанцанноров аргонч, Б.Шарав төгөлдөр хуурч, Б.Ганбат гитарчин, С.Чинзориг дуучин гээд л нэг хамтлаг байв. Тэд бүгд өнөө үеийн хөгжмийн нэртэй зүтгэлтнүүд болсон гэдэг л онцгой юм даа.
Тэр ЗХУ-д И.П.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг дүүргэж хөгжмийн дээд боловсролтой болсон хүн.
* * *
Домог мэт амьдралтай хүн байдаг. Түүний нэг нь Н.Жанцанноров гэвэл уншигч түмэн маань сонирхож л таарна байх л даа.
Өнөө үеийн нэрт хөгжмийн зохиолчийг хувилгаан хүний хойд дүр гэж зарим хүн ярьдаг, бичдэгийг олж үзлээ. Түүний нутгийн хууччуулын ярианаас үзэхэд Халхын алдарт Цогтхун тайжийн хүү Заан тайж гэж байжээ. Түүний хүү Сутай гэгч Сайнноёнхан аймгийн Илдэн бэйсийн хошууны анхны засаг ноёноор сууж байв. Тэр Сутайн үр удам хошууны засаг ноёны суудлыг үе улиран эзэгнэж ирсэн байхуйн дор 15 дахь Засаг ноён Эрэнжунай, 16 дахь засаг ноён Дондовжанцан, 17 дахь засаг ноён Норовжанцан гэж удамласан байдаг.
Ингээд XX зуунтай золгосон үе эхэлж. Тэр Норовжанцан гоё сайхнаараа бас эрдэм ухаанаараа онцгой Цэрэндолгор гэдэг бүсгүйг хатнаа болгож. Тэр бүсгүйг хошуу нутгийнхан нь “Гоё ажаа” гэх. Нэг удаа Норовжанцан ноён хатантайгаа Амарбаясгалант хийдэд мөргөхөөр явж. Тэгж явахдаа “Цогтхун тайжийн хар балгасад очиж мөргөж дээ. Энэ үед “гоё ажаа” мориноосоо унажээ. Үүний учир жанцанг олохоор тэдэнтэй хамт явсан нэг хувилгаан ламтан мэргэ тавиад “Хатан ахайтан Хар балгасны дэргэд газардсан нь их учиртай. Эцэг дээдсийнх нь сүнс хатныг саатуулж, иймээс тэр бодисадва юм байна. Одоо Цэрэндолгор хатнаас нэг хүү төрнө. Тэр хүн энгүй их номтой хувилгаан хүн болно. Гэвч тэр урт наслахгүй. Харин ноёнтныг дагалдаж яваа Хүрэл гэдэг залуугийн удамд хувилгаан болох хүү төрнө. Дахин төрсөн тэр хүү олон түмнээ баясгаж сэтгэлийн цэнгэл эдлүүлж явах тэнгэрийн сурвалжит их хүн болно хэмээн айлджээ гэж.
Энэ явдлаас хойш жилийн дараа “гоё ажаа”-гаас нэгэн хүү төрсөн нь Илдэн бэйсийн хүрээний хувилгаан, ламтан Сономцэрэн байв. Тэр хүн номд гаргууд сайн, дуу хууранд дуртай нэгэн байсан гэдэг.
Сономцэрэн хувилгаан ч мөн л урт насласангүй 1930-аад оны хэлмэгдүүлэлтэд өртөж хилс хэргээр цаазлуулсан юм гэнэ. Түүнээс хойш Илдэн бэйсийнхэн ямар айлд содон хүүхэд төрөхийг ажиглах болов. Төдөлгүй нөгөө Хүрэлийн удмын Цэрмаа гэдэг бүсгүйгээс нэгэн сайхан хүү мэндлэхэд нутгийн хөгшчүүл Сономцэрэн хувилгааны сүнс хэмээн шүтэж улмаар Норовжанцан ноёны нэрээс үүдэлтэйгээр Жанцанноров гэдэг нэр хайрласан юм билээ гэж зохиолч Б.Ойдов номондоо оруулжээ. Тэгэхдээ бүр Хужирт нутгийн уугуул үхэрчин Санжаазав “хар” хэмээх Очир нар ярьсан тухай бичсэн байна.
Ингэхийн учир нь Жанцанноровын ижий Цэрмаа гэдэг сайхан бүсгүйд Сономцэрэн хувилгаан сэтгэл алдарч явсан ч тэр хоёр учрах хувь байсангүй. Харин Сономцэрэн хувилгаан Цэрмээд хүү нь болж ирсэн байхын нигууртай хэмээн дурссан байгаа юм. Энэ бол домог төдий биш үнэн түүх болой. Ийн бодохуйд нийгэм нэг үеээрээ байсан бол Жанцанноров гэдэг нэг хувилгаантан Өвөрхангайд байх байжээ дээ. Харин шинэчлэгдсэн нийгэмд Монголын хөгжмийн нэрт зүтгэлтэн, урлагийн их өргөөний тулах нэгэн багана нь тэр эрхэм болсон юм билээ.
Одоо Монголын хөгжмийн ертөнцийг Жанцанноровгүйгээр, Н.Жанцанноровыг уянгат хөгжим, ая дуугүйгээр төсөөлшгүй юм гэж болно биз дээ.
* * *
Хүний амьдралд баяр баясгалан, жаргал зовлон уйтгар гуниг, омогшил бахархал гээд олон янзын агшин тохиолддог байх юм. Тэр бүхэн хүний сэтгэлээс гарсан хөг аялгуу, ая эгшиг байдаг. Үүнийг л хөгжмийн зохиолчид бүтээл болгон амилуулдаг гэж болно. Сайхан ая аялгуу хүнд хүрэхдээ яг уран зураг шиг бууж очдог гэхээр гайхамшиг гэж болно.
Тэгэхээр Жанцанноровын уран бүтээлийн тухай ярих тоочих амархан ч үзэгч түмэн тэртэй тэргүй сайн мэдэх учир нэг их нурших нь илүүц байж ч магад. Нотолгоо болгож нэгэн нөхрөөсөө чи Жанцанноровын ямар бүтээлийг мэдэх вэ гэж асуувал түүний сайхан дуунуудыг аялахад ч бэлэн. Нэрлэ гэвэл “Төрсөн нутгийн бараа”, “Чандмань эрдэнэ”, “Сэвтээнэ үгүй сэтгэл”, “Би чамд харйтай”, “Бурхан бумбын орон”, “Ээж минь” гээд л явж өгнө шүү дээ гэв.
Олон жил дуулагдсан ч ардын дуу шиг сэтгэлд хоногшсон өөр олон дуу бий.
Мөн симфони, бүжгэн жүжиг, дан хөгжмийн 300 бүтээлтэй, “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” түүхэн киноны хөгжим түүний уранбүтээлийн сор, уранбүтээлийнх нь гол цөм гэж хэлж бас болно. Хорь гаруй киноны хөгжим хийснийх нь хувьд ярих юм бол шүү дээ.
Зарим киноны хөгжим нь хэдийгээр сэтгэлд ойр дулаахан сонсогдоод байх ч ойлгоход тийм амаргүй ээ. Энэ тухай өөрөө тайлбар хэлдэг.
- “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийг хоёр, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноныхыг бараг зургаан удаа сонсож байж ойлгоно шүү. Яагаад гэхээр Мандухай сэцэн киноны хөгжим сэтгэл хөдлөлийн хувь нь тэргүүн эгнээнд явдаг бол “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноных ухаан бодол давамгайлдаг. Ийм ялгаа бий гэсэн үгийг хэлнэлээ.
Ер нь энэ хоёр киноны хөгжим нэг нь асар том орон зай эзлэж байхад нөгөөх нь буюу Чингис хааны тухай өгүүлэх хөгжим Монгол төрийн шүншигтэй холбоотой байх юм.
Ер нь киноны хөгжим зохиоход зөвхөн зохиолоо ойлгосны үндсэнд бус хөгжмийнхөө бүтэн драмчлалыг бодож хийх нь төгс уран бүтээл болдог гэх юм билээ.
Тэгвэл энэ эрхэм “Би чамд хайртай” киноны хөгжмийг бичихдээ дуугаа эхлээд хийчихэж. Тэгээд тэр түвшиндээ аялгуу бүхнээ хүргэх гэж ажилласан нь уг киноны хөгжим нэг цогц болж чадсан гэх. Заримаас нэрлэбэл “Гарын таван хуруу”, “Гарьдмагнай”, “Тод магнай”, “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Намрын халуун өдрүүд”, “Цэц магнай” гээд 20 гаруй киног хэлж болох.
Бас арав гаруй драмын жүжгийн хөгжим бичсэн нь содон өнгө, аялгуутай болсон гэж хөгжмийн судлаач, мэргэжилтнүүд хэлэх юм билээ. “Гэгээ”, “Арын албаныхан”, “Найрын ширээний ууц”, “Бооцоо” зэрэг олон жүжгээс Жанцанноровын танилхан, тансаг аялгууг сонссон байж таарна аа. Мөн “Монголын хөгжмийн 12 хөрөг”, “Хөгжмийн онолын нэр томьёоны тайлбар толь”-ийг туурвиснаар нь өнөө цагийн хөгжим судлаачдын нэг төлөөлөгч гэж болно. Өнөө цагт уран бүтээлч хүнд үнэлгээ өгдөг шинэ зүйл бий болсон. Тэгвэл Н.Жанцанноров уран бүтээлийнхээ найман “сиди”-гээ гаргаж үзэгчдийн гар дээр тавьсан. Тэдэнд нь “Хүний заяа” I, II, III концерт, морин хуур, симфони найрал хөгжмийн концертууд зэрэг нь багтдаг. Бас энд нэрлэхгүй бол болохооргүй даацтай бүтээлүүдийнх нь тоонд морин хуурт зориулсан “Бурхан халдун өршөөг”, “Хутагтын сахиус” болон “Талын харгуй 24 хүүрнэл дуу” Дорнодын цэнхэр аялгуу, хуучир, төгөлдөр хуурын сонатууд бий. Энэ бяцхан хөргийн зочин маань дурламтгайн нэг гэж болно. Түүнийгээ ч уранбүтээлдээ тусгаж чаддаг хүн л дээ. “Чандмань эрдэнэ” гэдэг дуу хэдэн арван жилийн өмнө зохиогдсон ч өчигдөрхөн хураасан жимс шиг л шинээрээ амтлаг байдаг. Энэ дууны түүхийг хэлбэл “Ханхэнтий” чуулгын уранбүтээлчид тэр жил Улаанбаатар хотод тайлан тоглолтоо хийж л дээ. Бүжигчид дундаас нь Оюунчимэг гэдэг сод үзэсгэлэнтэй бүсгүй Жанцанноровын сэтгэлийг үнэнхүү догдлуулжээ. Маргааш нь Ж.Бадраа гуайд өнөөх бүсгүйн тухай шүүрс алдан ярьж сайхан аялгуу санаанд орсноо хэлж гэнэ. Ж.Бадраа гуай би нэг оролдоод үзье гэж хэлээд өрөөндөө орсон 30 минутад хэрээтэй болоод шинэхэн шүлгээ
Чангалан татсан хуурын маань чавхдас нь байна
Чандлан хөгийг нийлүүлэнхэн суултай даа
Чамайг намайг учруулсан дуу байна хө
Чандмань эрдэнийн шинжтэй чи минь хө
Чандын ивээлээ хайрла даа хэмээн уншив.
Энэ нь Жанцанноровын санаанд үнэнхүү нийцэж тэгээд дор нь аялгууг нь хийж асар богино хугацаанд буюу нэг өдөрт төрсөн юм гэдэг. Анх Ж.Нансалмаа дуулсан бол түүнээс хойш 30 гаруй дуучин тайзнаа дуулж. Яг олон түмний санаанд байдаг нь дуучин Г.Мөнхбаярын дуулснаар мөнхөрсөн дуу юм.
Энэ тухайд Жааяа бас тайлбар хэлдэг.
-Би дуугаа төрснөөс хойш тэр гоё бүсгүйтэй уулзаж үг солилцож үзсэн. Би тэр бүсгүйд хайр зарласан юм биш л дээ. Түүний гоо үзэсгэлэнгээс аялгуу аяндаа төрсөн. Ер нь амьдрал бол тэр чигээрээ хөг аялгуу, хөгжим байдаг юм шүү дээ гэсэн бий. Мөн уран бүтээлч маань сүүлчийн гэргий Ё.Отгонтуяадаа зориулж “Хайрлан дурламаар байна” гэдэг хэн бүхний мэдэх учиртай сайхан дууг бас зохиосон юм билээ. Хэн нэгэн энэ дууг аялахдаа сэтгэл зүрхэндээ тээж явдаг хайртай хүнээ л санадаг байх. Нээрээ л учиртай дуу даа.
Уран бүтээлч хүн сайн уранбүтээлээ сонсоод баярладаг байх юм. Энэ тухай нэг дурсамж бий. Д.Цоодолын шүлгээр “Уран гоо” гэдэг дууг хийж л дээ. Түүнийг нь анх хөгжмийн зохиолч Ц.Чинзориг дуулсан юм билээ. Тэгтэл нэг өдөр гавьяат жүжигчин Д.Банзрагч,
-Энэ дууг чинь би дуулъя гээд авч.Нэг хэсэг чимээгүй байтал нэг өдөр тэр “Урангоо” дууг нь дуулдаг юм. Дуу, дуучин хоёрын зохьсон гэж яаваа. Энэ үед миний дуу энэ шүү гэж хашгирмаар болсон гэж Жанцанноров дурссан байдаг юм. Энэ мэтээр өөрөө хөгжим зохиогоод баярласан нь их олон байх. Харин уйлах тохиолдол байсан уу гэхэд,
-Байна аа. Маш сайн шүлэг олдоод тэгээд тэр дуучин дуулах юм шүү дээ гэж бодох үеэр дуунаасаа урьтаад нулимс гардаг юм. Би Чингис хаан киноны хөгжим хийх үедээ ч уйлж үзсэн. Чингис хаан Самаркандаас Алтайг даваад орж ирэхэд нутаг нь цэнхэртээд харагддаг зураг байдаг юм. Тэр хэсгийн аялгууг олчихоод симфони оркестор ингэж тоглоно доо гэж төсөөлөх үед нулимс унаж байлаа гэж билээ. Хийж буй уранбүтээлд сэтгэлээ өгнө гэдэг л энэ биз. Тэгж байж хийсэн бүтээл ч сайн болдог нь уран бүтээлчийн амьдралын нэг үнэн юм даа.
* * *
Ийнхүү Монголын хөгжмийн урлагийн түүхэнд Нацагийн Жанцаноров гэдэг хүн өөрийн түүхийг тодоос тод бичиж явна. Энэ бахархал билээ. Ер нь бол Монголын хөгжмийн урлаг өнөөгийн шинэ түвшинд хүрэхэд түүний оруулсан хувь нэмрийг хөгжмийн зохиолчдын холбооны залуухан дарга байх үеэсээ эхлээд харагдсан гэдэг.
Басхүү “Алтан намар хөгжмийн наадам”, “Ардын язгуур урлагийн дэлхийн анхдугаар үзлэг”, “Азийн хөгжмийн VII симпозиум” гээд дэлхийн энтэй олон ажлын санаачилсан хүн. НҮБ-ын байранд Монгол морин хуурын аялгууг тэр бишрүүлсэн гавьяа бас бий.
Нөгөө гэвэл Н.Жанцанноров өөрөө хөгжихийн хэрээр бусдыгаа дагуулахын төлөө нандин санаатай юм. Хөгжмийн урлагийн талбарт дөрөө харшуулж явсан Б.Шарав, С.Билэгжаргал, Ц.Чинзориг, Ц.Нацагдорж нарын үеийнх нь цөмөөрөө төрийн шагналтан, монголчуудын хайртай хөгжмийн зохиолчид. Тэр дотроос Б.Шарав, С.Билэгжаргал нар түүнийг багш гэдэг байв. Гэхдээ нэг үеийн бас нэг зиндааны бүтээлтэй хүмүүс учир “багшаа багшаа” гээд байх. Нөгөө нь чи миний шавь гэж томрох нь зовлонтой байсан гэх юм билээ. Н.Жанцанноровт шүүмжлэлд жаахан өртдөг тал бий. Тэр нь манай сонгуулийн тогтолцоо буруу байна. Эсвэл манай засаглал ийм байна, үгүй бол манай төрд энэ сайд шиг түшмэл алга гэх зэргээр хааяа улстөржих. Тэрэнд нь зарим хүн бурууг өгч сануулах удаа бий. Гэхдээ улс төрийн мэдлэггүйгээр хэн ч төгс төгөлдөр уран бүтээл хийхгүй гэдгийг зохиолчид эрдэмтэд хэлдэг дээ. За тийм ээ. Тухайн нийгмээ гүйцэд ойлгоогүй хүн тэнгэр харж байгаад мундаг бүтээл хийнэ гэж хаашаа харсан юм байхав. Хөгжмийн талд Моцарт ч, Бетховен ч зохиолч гэвэл аугаа Л.Н.Толстой, Достоевский, А.С.Пушкин ч амьдарч байсан нийгмийнхээ үйл явцыг ухаарсан бүтээл туурвиж байсан биз дээ. Бичигч бивээр энэ бяцхөн хөргөө “Монголын хөгжмийн урлагийн “цагаан суварга” Нацагийн Жанцанноров” гэж нэрлэсэн минь учиртай. Түүний нэгэн сод бүтээл “Цагаан суварга” хөгжмийг сонсохуйд Монголын сайхан орны гайхамшигтай байгалийн үзэсгэлэн, эх нутгийн хөгжил цэцэглэлийн дээж бүхэн нүдэнд тод харагддаг юм аа. За тийм ээ. Монголын хөгжмийн урлагийн их хүн, Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, Төрийн хошой шагналт энэ хүн уран бүтээлээрээ аль хэдийнэ их Цагаан суваргаа босгосон хүн мөнөөс мөн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин