Хундаганы үгэнд дайсан САЯ төгрөгийн ШОУ
Ядуу улсын зүдүү иргэн байхын зовлон их ээ. Дээр нь төр нь шийдвэргүй, улстөрчид нь улаан шоучид байхын зүдгүүр дуусахгүй. Сонгуулиас сонгуулийн хооронд шилний цаанаас чихэр долоолгож, хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй асуудлаар шоу хийсээр хэдэн жилийг үднэ. Иргэд нь ч хүлээж, өндөр настнууд горьдлого тээсээр хорвоог орхих нь олонтаа. Үүний бодит нь жишээ нь САЯ ТӨГРӨГ. Төрийн тэргүүн сая төгрөгийн санаачилгыг хоёр удаа гаргаж, тэрийг нь тойрсон улс төрийн шоу өнөө ч үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр жил дараалан шинэ жилийн мэндчилгээний хундаганы үгэндээ САЯ ТӨГРӨГийг хавчуулав.
2019-2020 он шилжих мөч, Ерөнхийлөгч Х.Баттулгын хундаганы үгээс
...Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна.
Ерөнхийлөгчийн энэ санаачилгыг эх баригч МАН дэмжиж, зургаа хүртэлх сая төгрөгийн зээлтэй байсан 229.0 мянган иргэний 763.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн. Харин зээлгүй ахмадуудад Салхитын мөнгөний ордын унацаас САЯ ТӨГРӨГ өгнө гэж УИХ-ы дарга Г.Занданшатар амлаад, өдгөө хоёр дахь жилтэйгээ золгож байна. Өгнө, өгөхөд бэлэн болсон гэж хэдэнтээ ч мэдэгдэв. Эхлээд ахмадууд баярлалаа, хэсэг хүлээлээ, эцэстээ дөжирлөө. Өгсөн цагт нь өглөө гэж баярлая даа хэмээн цөхөрлөө.
Одоо яг өгөх гэнэ, ирэх тавдугаар сарын 20-оос эхлэн тэтгэврийн зээлгүй байсан 216 мянган ахмадад нэг сая төгрөг олгох гэнэ. Мөнгө нь бэлэн гэхдээ хэрхэн яаж олгох нь тодорхойгүй. Эрхийн бичиг тараах уу, бэлэн мөнгө данс руу хийх үү, бүү мэд. Ямартай ч “Эрдэнэс силвер ресурс” компани санхүүжилт болох 216.2 тэрбум төгрөгийг бэлэн болгосон гэнэ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн олгохоор зэхсэн энэ сая төгрөг өгөх хүртлээ хэд хоног шоуны сэдэв байх нь тодорхой. Ерөнхийлөгч Х.Баттулга анхны санаачилгыг гаргасан гэж эрх эзэмшихийг хүснэ. МАН-ынхан ч дэмжсэн, хэрэгжүүлсэн ч хувь хүртэхийг хичээнэ. Хэн хэн нь сонгуулийн шоундаа оноо нэмэх оролдлого хийх нь мэдээж. Тэд яаж хошигнох нь дараагийн асуудал. Харин төрийн энэ даажигналыг хүлээсэн олон олон ахмадууд горьдлого тээсээр хорвоог орхиж байгааг дахин хэлье.
Ерөнхийлөгчийн зүтгүүлж, МАН-ын эсэргүүцэж байгаа бас нэгэн САЯ ТӨГРӨГ. Цар тахлын үед иргэдийг амьжиргааг дэмжих зорилготой. Гэвч МАН өчигдрийг хүртэл гэдийсээр Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан гэнэтийн шийдвэр гаргав. Ингэхдээ хатуу хөл хорио тогтоож, иргэн бүрт 300 мянган төгрөгийн нөхөн олговор өгөх шийдвэрийг Засгийн газар танилцууллаа. Ерөнхийлөгчийн өрх бүрт сая төгрөгийн санаачилга иргэн бүрт 300 мянган төгрөг болон хөрсөнд буулаа хэмээн олон нийт үзэж буй. Гэвч МАН-ын мөнгө тараалт Ерөнхийлөгчид таалагдсангүй. Тэрбээр өрх бүрт сая төгрөг өгөх санаачилгаа дахин зүтгүүлж, Ерөнхий сайдад бичиг хүргүүллээ.
2020-2021 он солигдох зааг, Ерөнхийлөгч Х.Баттулгын бас нэгэн хундаганы үгээс.
...Айсуй 2021 оныг угтах энэ торгон мөчид дэлхийн улс орнуудын жишгээр нийт өрхийн амьжиргааг тэтгэх, үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг хадгалах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авахад зориулан өрх бүрд нэг сая төгрөгийн эрхийн бичгийг олгох санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие дахин дэвшүүлж байна.
Төрийн тэргүүнээсээ эхлээд эрх баригч намынхан сүүлийн хоёр жил дараалан САЯ ТӨГРӨГөөр улс төрийн шоу хийж, Ерөнхийлөнчийн сонгуулийн өмнөхөн шийдвэр гаргалаа. Ахиухан хэмжээний цалинтай, ашигтай бизнестэй хүнд бол САЯ ТӨГРӨГ өгөх төрийн амлаад ёстой чааваас л санагдаж байгаа. Гэвч зүдүү амьдралтай иргэд ядуу горьдоно, хүлээнэ шүү дээ.