“Эрдэнэс Тавантолгой”-г тойрсон элдэв хуурмаг
Үнэт цаасны данс нээлгэхээр оффисынх нь үүдэнд дугаарлан зогсох олон хүнийг хараад брокер дилерийн нэгэн компанийн захирал “Ганхуяг зурагтаар өчигдөр ярьсан юм уу” гэж брокероосоо лавлажээ. Энэ бол хачир, чимэггүй бодит явдал. “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэвлэлийн бага хурал хийж, “Үнэт цаасны дансаа нээлгэ”, “Хэрэв данс нээлгэхгүй бол ногдол ашгаа авч чадахгүй шүү”, “Манай компани ирэх жил ногдол ашиг заавал тараана” гэж иргэдийг ятгаж байгаа. Түүнийг хэвлэлийн бага хурал хийх, эсвэл аль нэг телевизэд ярилцлага өгсний маргааш брокер дилерийн компаниуд үнэт цаасны данс нээлгэх хүмүүсийн хөлд дарагддаг нь сүүлийн үед тогтсон жаяг мэт болжээ. Иргэн бүр үнэт цаасны данстай байх нь сайн зүйл. Хөрөнгийн зах зээлийн хөгжилд их, бага хэмжээгээр хувь нэмэр болох нь ойлгомжтой. Харин түүний “Манай компани ногдол ашиг тараана” гэж мэдэгдэж буй нь зохисгүй үйлдэл юм.
Хувьцаат компани ногдол ашиг тараах, эсэхийг гүйцэтгэх захирал нь мэддэггүй, хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэдэг хуультай. Гэтэл гүйцэтгэх захирал юу юуны туханд хүрэлгүй ногдол ашиг таарна гэж зарлаж буй нь цаанаа ямар нэгэн шалтгаантай биз. Уг нь хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн оронд компанийн гүйцэтгэх захирал “Манайх ногдол ашиг тараана” гэж олон нийтэд зарласан бол хувьцааныхаа ханшийг зохиомлоор өсгөх гэсэн увайгүй үйлдэл гэж үзэн, хариуцлага тооцдог юм билээ. Б.Ганхуяг захиралтай хариуцлага тооцох гэвэл “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хөрөнгийн биржээр чөлөөтэй арилждаг биш гээд өөрөөсөө зайлуулах байх. Үнэндээ арилждаггүй хувьцааны ханш өсөх ч, буурах ч биш.
...Долоон жилийн өмнө олгосон хувьцааны үр шимийг иргэд хүртэж чадахгүй, шилний цаанаас чихэр долоосоор байна. Ногдол ашиг тараахын оронд ашгаар нь бүтээн байгуулалт хийж, хувьцааных нь үнэ цэнийг өсгөх шаардлагатай юм. “Эрдэнэс Тавантолгой”-г түүхий нүүрс л зардаг компани байлгах бодлоготой байгаа бол ашгийг нь тарааж байхад гэмгүй...
“Ногдол ашиг тараана” гэсэн түүний үгийн цаана ямар учир шалтгаан байгаа вэ. Эргэлзээгүй ингэж ярьж байгаа учраас эрх баригч намын хэтийн бодлого гэж ойлгож болохоор. УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эзэмшиж буй хоёр сая гаруй иргэнд ногдол ашиг хуваарилах байх гэж таамаглая. Гол зорилго нь улс төрийн “оноо” цуглуулах, сонгуульд санал авах. Өнөөгийн эрх баригч МАН-ынхан “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөгтэй дүйцүүлэн иргэн бүрт тарааж байлаа. Нэхэн санавал, энэ нь 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө болсон үйл явдал.
Тэгвэл дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөний буянаар чамгүй ашигтай ажиллах болсон эл компанийн мөнгөн хуримтлалыг тараах бололтой. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 85 хувийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Эрдэнэс Монгол” компаниас шилжүүлж авсан. Хоёр байгууллагын аль ч энэ компанийн хувьцааны хяналтын багцыг эзэмшиж байсан ч Засгийн газар эцсийн эзэн нь юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” эрх баригчдын мэдэлд бүрэн байгаа гэсэн үг. Хамгийн олон хувьцааг нь эзэмшиж байгаа учраас Ерөнхий сайд “ногдол тараа” гэж тушаахад л гүйцээ. Ингэвэл “Эрдэнэс Тавантолгой” гэх компани хоёр дахь удаагаа сонгуулийн оноо нэмэх хэрэгсэл болно гэсэн үг.
Эл компани улс төрийн биш, бизнесийнх байсан бол ойрын хэдэн жилдээ ногдол ашиг тараах учиргүй байв. Тэднийд нүүрс баяжуулах үйлдвэр барих, ингэхийн тулд усан хангамжаа шийдэх шаардлага бий. Бас угаасан нүүрсээ тээвэрлэх төмөр болон авто зам хэрэгтэй. Баяжуулах үйлдвэрээ барьж, усан хангамжийг нь шийдвэрлэхэд дор хаяж, нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах тооцоо бий. Бүтээн байгуулалтаа хийчихсэний дараа ашигтай ажиллавал ногдол ашиг тарааж болно. Харин бүтээн байгуулалт хийх санхүүжилт хайж буй компанийн ашгийг тараах нь бизнесмэн хүний гаргадаг шийдвэр биш. Улс төрийн “сохор” шийдвэр байх нь гарцаагүй.
МАН-ынхан иргэн бүрт 1.5 сая төгрөг бэлнээр өгнө гэж амлаж, УИХ-ын 2008 оны сонгуульд ялалт байгуулсан. Үүнийхээ 500 мянган төгрөгийг бэлнээр тараасан юм. Харин нэг сая төгрөгийн оронд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олгох шийдвэр гаргасан. Ингээд нэгж хувьцааных нь үнийг 933 төгрөг байна гээд зохиомлоор тогтоочихов. Нэг саяыг 933 төгрөгт хуваахаар 1072 гарна. Тэгээд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг иргэдэд тараасан хэрэг. Улс төрийн амлалтаа биелүүлэхээс өөр зорилго байгаагүй учраас тэд бодит тооцоолол хийгээгүй. “Эрдэнэс Тавантолгой” компанийг улс төрийн хүсэл сонирхлоо биелүүлэх зорилгоор өдий хүртэл ашигласан учраас иргэд ногдсон хувьцааныхаа үр өгөөжийг хүртэж чадаагүй байна.
Сая тус компанийг 11 их наяд төгрөгийн хөрөнгөтэй гэж санхүүгийн тайланд нь бүртгэсэн. Энэ бол 933 төгрөгийг 12 тэрбум ширхэг хувьцаагаар нь үржүүлээд гаргаж ирсэн тоо. Мөн л хийсвэрээр гаргасан хуурамч тоо гэсэн үг. Эдийн засаг, бизнесийн бодит тооцоо судалгаа хийж, түүнийгээ үндэслэсэн шийдвэр гаргахгүй, зөвхөн улс төрийн өнцгөөс хараад байгаа учраас энэ компанийн хувьцаа өнөөдрийг хүртэл “амь ороогүй” байгаа хэрэг.
Засгийн газар ногдол ашиг тараана гэхийн оронд “Эрдэнэс Тавантолгой” компанийг Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж, хувьцааг нь эдийн засгийн эргэлтэд оруулан, үр өгөөжийг нь хүртэх боломжийг иргэдэд олгох ёстой. Долоон жилийн өмнө олгосон хувьцааны үр шимийг иргэд хүртэж чадахгүй, шилний цаанаас чихэр долоосоор байна. Ногдол ашиг тараахын оронд ашгаар нь бүтээн байгуулалт хийж, хувьцааных нь үнэ цэнийг өсгөх шаардлагатай юм. “Эрдэнэс Тавантолгой”-г түүхий нүүрс л зардаг компани байлгах бодлоготой байгаа бол ашгийг нь тарааж байхад гэмгүй. Харин нүүрсэнд нэмүү өртөг шингээж борлуулдаг компани болгох гэж буй бол ашгийг нь тарааж, дэмий үрэх хэрэггүй.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд арилжихаар мэдэлдээ аваад буй. Тэр монголчуудад олгосон 1072 хувьцааг хэзээ амь оруулах талаар нэг үг ч дуугараагүй байна. Монголчуудад хувьцааных нь үр өгөөжийг эдлүүлэхийн тулд ногдол ашиг тарааж байна гэж тайлбарлаж магадгүй. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хөрөнгийн биржид бүртгүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулбал хийсвэр тоонуудаас салж, бодит өгөөж нь тодорхой болох юм. Ямартай ч иргэд үнэт цаасны дансаа нээлгэж буй нь зөв хандлага гэдэгтэй маргах учиргүй.
http://unuudur.mn/article/109322