Трампын ойрын хүрээллийнхэн дунд халдвар тархсаар байна
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ойрын хүрээллийнхэн дунд “COVID-19” халдвар авсан хүний тоо нэмэгдэж, Цагаан ордны зөвлөх Стивен Миллер болон Зэвсэгт хүчний өндөр албан тушаалтнаас халдвар илэрчээ. С.Миллер сүүлийн таван хоногийн турш өөрийгөө тусгаарлаад байсан бөгөөд коронавирусээр халдварласнаа мягмар гарагт мэдэгдсэн байна.
Мөн Эргийн хамгаалалтын албаны Адмирал Чарльз Рэйгийн шинжилгээний хариу эерэг гарсантай холбоотойгоор Генерал Марк Милли тэргүүтэй Зэвсэгт хүчний удирдлагууд тусгаарлагджээ. Бусад албан тушаалтны хувьд болгоомжлох үүднээс өөрсдийгөө тусгаарласан байна.
Адмирал Ч.Рэйтэй хамт өнгөрсөн долоо хоногт уулзалтад оролцсон хүмүүс тусгаарлагдаад байгаа боловч тэдний хэнээс нь ч халдвар юм уу шинж тэмдэг илрээгүй гэж Пентагон мэдээлжээ.
“Ч.Рэй хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна. Тэрбээр 10 орчим хоногийн өмнө Цагаан ордонд болсон үйл ажиллагаанд оролцсон хэдий ч яг хаана вирусээр халдварласан нь тодорхойгүй байна” гэж нэгэн төлөөлөгч “АР” агентлагт мэдээлсэн байна.
Сүүлийн өдрүүдэд Д.Трамп болон Цагаан ордны хэд хэдэн төлөөлөгчөөс халдвар илэрсэн юм. Эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр, Ч.Рэйн шинжилгээний хариу даваа гарагт эерэг гарсан бөгөөд гэртээ өөрийгөө тусгаарлажээ. Мөн түүнтэй ойр байсан Эргийн хамгаалалтын бүх алба хаагч тусгаарлагдана гэж уг мэдэгдэлд тэмдэглэжээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг