ЗХУ, ОХУ-ын түүхэн таван дайсан буюу Монгол шиг бай л даа

ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ үргэлжилсээр байна. Энэ хоригийн улмаас тус улс хэдэн тэрбум долларын хохирол хүлээж, хөгжил нь хэдэн жилээр ухарсан болохыг яг таг хэлэхэд бэрх. Яагаад тэр вэ? Манай хойд хөрш ОХУ дэлхий дахинд ад үзэгдэхээр тийм аюултай улс уу? Бид өмнө нь “ЗХУ, ОХУ-ын түүхэн таван найз” нийтлэлээр оросуудын анд нөхдийг дурсан санасан. Харин энэ удаад тэдний эртний өстөн дайсан, түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн “Хамгийн дургүй таван улс”-ыг нь “Свободная Россия” агентлагтай хамт танилцуулья. Ингээд нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Дэлхий дахинд сүүлийн үед болж байгаа үйл явдлууд бидэнд анд нөхдөөс гадна өрсөлдөгчид, тэр байтугай өстөн дайснууд байдгийг ч ил тод илтгэн харууллаа. “Исламын улс” алан хядагч бүлэглэл мэтийн зарим дайсан саяхан үүсэн бий болсон бол бүр эртнээс Оросыг дайсагнан үздэг орнууд бас байх аж. Тэдний дундаас хамгийн их өс хонзонтой “Түүхэн таван дайсан” хэн бэ гэдгийг тодруулан гаргах гэж оролдлоо. Хэнтэй бид хамгийн их дайтаж, цус асгаруулсан бэ? Хэдий энэ бүх дайн дажин болоод өнгөрсөн ч гэсэн одоо болтол ард түмний оюун санаанд үлдэн хоцорсон. 

Турк

Сири дэх алан хядагчдын эсрэг дайнд оролцож байсан Оросын “Су-24” бөмбөгдөгч онгоцыг туркууд буудан сөнөөсөн. Хоёр нөхцөл байдал байгаагүй бол энэ явдал ийм том шуугиан тарихгүй байх байлаа. Нэгдүгээр нөхцөл бол Турк улс НАТО-гийн гишүүн орон. Хоёрдугаарт, Орос-Туркийн дайны түүх. Турктэй бид түүхэндээ маш олон дайн хийж байсан тул хамгийн шилдэг түүхч, эрдэмтэд ч хоёр улсын хооронд болж байсан дайн, мөргөлдөөний тодорхой тоог нарийн хэлж чадахгүй биз ээ. Гэхдээ энэ зуун гарсаар Туркийг оросууд хуучны дайсан гэхээсээ илүү аялал жуулчлалын гол газраа гэж үздэг болсон тул олон нийтийн санаанаас XVII, XVIII зуунд болж байсан дайсагнал аажмаар мартагдаж эхэлсэн байлаа. Гэвч үнэндээ хоёр, гурван зууны өмнө Турк Орос улсууд дайтаагүй жил бараг байдаггүй байсан юм. Энэ сөргөлдөөний гол шалтгаан бол геополитик. Оросууд Газрын дундад тэнгист нэвтрэн орох гэж зүтгэн, Турк тэрийг нь эсэргүүцэж, нөгөө талаас туркууд Хар тэнгис дэх ноёрхлоо буцаан тогтоох гэж хичээж байлаа. Тэр үед Хар тэнгис Туркийн нөлөөний бүс байсныг мэдэх хүн одоо цөөхөн байх. Тийм болохоор энэ хоёр улс Крымийг булаалдан, дайтаж байсан гэж хэлэхэд болно. Крымийн хагас арлын байрлал Хар тэнгисийг хянахад тохиромжтой. Крымийн хаант улсыг эрхэндээ авахаар Орос улс  XVII зууны сүүлээр оролдож эхэлсэн юм. Эхлээд 100 мянга, дараа нь 150 мянган хүнтэй армийг илгээсэн ч зорилгоо биелүүлж чадаагүй. Фельдмаршал Минихийн удирдсан цэрэг Крымийн хаант улсын нийслэл Бахчисарайг эзэлж чадсан ч, тэндээ бэхжиж чадалгүй ухарч байлаа. Екатерина II хатан хааны үед болсон Орос-Туркийн дайны дараа Орос улс Крымд байр сууриа бэхжүүлж эхэлсэн. Үүний дараа оросууд Турк буюу Османы эзэнт гүрний дарлалд байсан бусад улс орнуудыг чөлөөлөх аян дайнд мордсон.

Герман

“Дранг нах остен” буюу Дорнодыг дайлах төлөвлөгөөг Гитлер зохиосон юм биш, бүр дээр үед Ливоны рыцарууд Алтан Ордны улсын дайралтад өртөн, сулраад байсан Оросыг эзлэх гэж оролдож байлаа. Гэвч тэд болон 1941-1945 оны үр садад нь энэ төлөвлөгөөгөө биелүүлэх чадал дутсан. Хэн хэнд нь байгалийн хүчин зүйл нөлөөлсөн гэж германчууд үздэг. Эхний удаад Чудск нуурын мөс цөмөрч живцгээсэн бол 700 жилийн дараа тэсгим хүйтэн цаг агаар фашистуудад Москваг эзлэхэд нь саад болсон аж. Тэгвэл Герман улсыг мөхөхөөс санамсаргүй тохиолдол аварчээ. 1759 оны Кунерсдорфын ялалтын дараа Прусс сөнөж, Агуу Фридрих хаан улс орноо орхин зугтах гэж байсан ч яг тэр үед Оросын хатан хаан Елизавета I нас барсан юм. Хэрэв Хатан хаан ертөнцийн мөнх бусыг үзүүлээгүй бол Германы цаашдын хувь заяа яах байсныг хэлэхэд бэрх. Хаан суудалд суусан Петр III Германтай найрамдалтай харилцах талын хүн байлаа. Тиймээс Германыг бүр мөсөн мөхөхөөс аварсан. Оросыг эзлэх германчуудын дараагийн төлөвлөгөө дэлхийн нэгдүгээр дайнд болсон билээ. Хүчирхэгжсэн Герман оронд дорно зүгийн оросууд заналхийлж байна хэмээн тэд ярьж эхэлсэн. “Манифест 93” хэмээх тэрхүү баримт бичигт Германы соёл урлагийн зүтгэлтнүүд, эрдэмтэд ч гарын үсэг зурсан байлаа. Тэд Баруун Европын ард түмнүүдийг орос, сербүүдтэй холбоо тогтоолоо хэмээн буруутгаж, хөгжмийн зохиолч З.Вагнер, зохиолч Г.Гауптман, физикч В.Рентген нар цагаан арьстнуудыг “монгол, хар арьстнууд” хорлож байна гэж хашгарч эхэлсэн. Хаант Орос улс энэ дайнд ялагдсан ч Сталиний удирдсан ЗХУ хариугаа авч, Рейхстагийн орой дээр улаан тугаа мандуулсан юм. Хоёр улсын хооронд олон цуст дайн болсон ч дэлхийн хоёрдугаар дайны дараа байгуулагдсан социалист БНАГУ болон ЗХУ ах дүүгийн нөхөрсөг харилцаатай байлаа. Гэвч өөрчлөн байгуулалтын хүнд үед ЗХУ сулран доройтсоныг ашиглан, Зүүн Германыг Баруунтай нь нэгтгэснээр Европт Нэгдсэн Герман хэмээх хүчирхэг гүрэн дахин гарч ирсэн. Харамсалтай нь тэд Америкийн мэдэлд байдаг, ОХУ-ын эсрэг НАТО-гийн гишүүн улс болсон юм.   

Польш

Орос Польшийн харилцаа хэрүүл маргаанаар дүүрэн. “Катыний хядлага” хэмээн нэрлэгдсэн үйл явдлыг Польшийн зарим судлаачид оросуудад хамаатуулах гэж оролддог. Үнэндээ польш офицеруудыг буудан алсан нь ЗХУ гэдгийг батлан харуулах баримт бичиг одоо болтол олдоогүй байгаа. Тэр байтугай тэднийг герман гар буугаар буудан хороосон байсныг хэн ч үгүйсгэж чадаагүй байгаа юм. Харин 1920 оны Орос-Польшийн дайны дараа Польшийн хорих газарт олон мянган орос цэрэг өвчин, өлсгөлөнгөөр үхсэн талаарх баримт тов тодорхой. Хэрэв хоёр улсын сэхээтнүүд хүч тавин хөөцөлдөөгүй бол амь насаа алдагчдын тоо улам нэмэгдэх байлаа. Тэгэхээр Катыниас илүү гомдол тавих зүйл Орост байгаа гэсэн үг юм. Тиймээ, Хаант Орос улс XVIII зуунд Польшийг задлан бутаргахад оролцсон нь үнэн. Гэхдээ үүнээс зуун жилийн өмнө польшууд Оросыг дотроос нь хагалан бутаргах тун дөхсөн байдаг. Дундад зууны тагнуулын алба гэхэд тэд тун чадамгай ажиллаж, Догшин Иваны хуурамч хүүг Оросын хаанд өргөмжилж чадсан. Яггүй улсууд шүү.

АНУ

Америкийн Нэгдсэн Улс байгуулагдсаны дараахь хэдэн зуунд бид нөхөрсөг биш гэхэд хэн хэндээ хал балгүй харилцаатай явж ирсэн. Ямар ч гэсэн Екатерина II хатан хааны Америкийн талаар гаргасан анхны тушаал нь “Америктай эвийг сахих” баримт байлаа. Энэ тушаал нь шинэ залуу Америк улсыг эдийн засгийн хоригт оруулж, боомилох гэсэн Их Британийн санаархлыг зогсоосон юм. Сонин шүү, Америкийг эдийн засгийн хоригоор мөхөөх гэсэн гадны улсуудыг Орос зогсоож байж. Харин тэгтэл Америк одоо манай орныг яг тэр аргаар нь хоригт оруулж байдаг. Крымийн нэгдүгээр дайны үеэр АНУ Оросын талд байсан нь бүр сонирхолтой. Тэр үед Орос одоогийн НАТО-гийн гишүүн бараг бүх оронтой сөргөлдөж байсан юм. Хувь заяаны эрхээр 100 жилийн дараа АНУ тэр үеийн дайснуудтайгаа нэгдэж, удирдах болно. Гэхдээ түүнээс өмнө 1863 онд Оросын тэнгисийн хүчин Америкийн хууль ёсны засгийн газар буюу хойд хэсгийнхнийг дэмжиж байгаагаа харуулахаар Америкийн эрэгт тулж очсон байдаг. Тэд Ерөнхийлөгч А.Линкольнийг сөрөг хүчнээс нь аварсан гэж хэлэхэд болно. Иймэрхүү муугүй харилцаатай байсан хоёр орны харилцаа Иргэний дайнаас хойш огт өөрчлөгдсөн. Бусад империалист орнуудын нэгэн адил АНУ залуу ЗХУ-ын ар нуруунд нь хутга шаасан. Архангельскт буусан Америкийн цэргүүд харгис хэрцгий булаан эзлэгчид гэдгээ харуулсан юм. Харин оросууд Америк тивд очиж, дайтаж байсангүй. Харин ч Александр II хааны үед Аляскаа америкчуудад хямдхан үнээр зарж орхисон. Алсын бодолгүй тэд ирээдүйн өрсөлдөгч, дайсандаа үр ачынх нь эсрэг харвах пуужин байрлуулах асар том газар нутаг өгснөө төсөөлөөгүй биз. Түүнээс хойш АНУ болон ОХУ-ын ашиг сонирхол Антарктидаас бусад бүх тивд мөргөлдөж, олон арван жилийн турш хүйтэн дайны байдалд байсаар ирлээ.

Швед

XII зууны үеээс Швед улс Новгородын газар нутгийг эзлэн түрэмгийлэх гэж оролдож байсан талаар түүхэн баримт бий. Гэхдээ түүхэнд хамгийн томоор үлдсэн нь Невскийн домогт тулаан юм. Энэ тулаанд ялалт байгуулсан Новгородын хан Александр Невский хэмээх нэртэй болсон билээ. Гэхдээ энэ ялагдал шведүүдийн Оросыг эзлэх санааг зогсоогоогүй. Тэд довтолсоор байлаа. XVI, XVII зуунд Орос Шведийн хооронд зургаан удаагийн том дайн болж байж. Ялалт ээлжлэн хэн нэгнийх нь гарт очиж, урт удаан хугацаанд үргэлжлэх мэт байсан ч 1700-1721 оны Хойд зүгийн дайнаар Их Петр хаан Шведийн хаант улсыг хүнд цохилтод оруулснаар хэсэг завсарласан юм. XVIII зуунд хоёр удаа тулалдсан ч хэн нь ч хэнийгээ дийлсэнгүй. 1808-1809 оны дайнаар харин оросууд Финландыг эрхэндээ оруулснаар шведүүд дайтахаа зогссон түүхтэй. Шведүүд ч төвийг сахисан улс болсноо зарлан тунхагласан. Гэхдээ Аугаа их эх орны дайны үеэр Шведийн уул уурхайн материлаар хийсэн сумаар фашистууд манай цэрэг, энгийн иргэдийг хороон алж байсныг мартаж болохгүй. Хүйтэн дайны үед шведүүд Оросын шумбагч завийг хайх ажилтай байлаа. Украинд болсон үймээний үеэр Шведийн олон улс төрч Киевийг дэмжиж байсан нь Оросын эсрэг үйл ажиллагаа гэхээс өөр хэлэх үг алга даа.

Монгол шиг бай л даа

Оросын хуучин дайснуудыг нэрлээд байвал дахиад олон хуудас хэрэгтэй болно. Жишээ нь, Япон байна. Олон зуун жил жирийн харилцаатай байснаа XX зуунд бидэнтэй хоёр ч удаа байлдаад амжсан. Одоо ч тэд дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, Курилийн арлуудыг буцаан өг гэж нэхсээр байна. Балтийн тэнгисийн гурван орныг дайснуудын эгнээнд оруулж болно. Тэд хуучин гомдлоо марталгүй, байнга Оросын эсрэг мэдэгдэл хийдэг. Гэтэл тэдний нутаг дэвсгэр дээр Эх орны дайны үеэр торгуулийн суман, СС-ийн бүтэн дивиз байгуулагдаж байсан.

Эртний дайснуудын эгнээнд амгалан тайван Монголыг ч Оросыг XIII зуунд эзлэж, XV зуун дуустал албан татвар авч байсан Чингисийн Эзэнт гүрэн, Алтан ордны улсын залгамжлагч гэдгээр нь онолын хувьд оруулж болох. Гэхдээ Монгол улс бол маш олон зуун жил манай улстай нөхөрсөг харилцаатай байсан, Оросын хамгийн сайн түнш гэж хэлж болно. Оросын олон олон дайснууд Монголын үлгэр жишээгээр бидний сайн найз болон хувираасай гэж хүсэн, найдаж байна

 

Zindaa.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen