Х.Баттулга нарын холбогдсон олон тэрбумыг “завшсан” гэх хэргийн үнэнийг ард түмэн мэдэх эрхтэй !!!

Х.Баттулга нарын холбогдсон олон тэрбумыг “завшсан” гэх хэргийн үнэнийг ард түмэн мэдэх эрхтэй !!!

 

Ардчилсан намынхан өнгөрсөн өдрүүдэд шинэ даргаа сонгож, өнгөрсөн хугацаанд ялагдаж байсан өдрүүддээ дүгнэлт хийхийг хичээж байна. Дараалсан ялагдлынхаа хариуг тэд шинэчлэл гэх үгээр цайруулахаар хичээсэн боловч үнэндээ чадахгүй гэдгээ өнгөрсөн сарын хугацаанд хангалттай харууллаа. Намын дарга З.Энхболдыгоо эвгүй байдалд оруулан байж таван ширхэг сум аваад эвтэй найртай байхаа амлаад гарсан ч тэр даруйдаа бие биенийхээ араас "зоогоод" эхэлсэн. Яг л өнгөрсөн жилүүдийнх шигээ.

 

Ийнхүү хэлэх болсон минь өнгөрсөн жилүүдэд өрнөсөн АН-ын дотоод тэмцэл туйлдаж, адаг сүүлд нь намаа самарч ялагдал амсаад өндөрлөсөнтэй холбоотой юм. АН-ынхан энэ их талцал, эвдрэлцлийг үүсгэн бий болгогч болсон гэж Женко гэх Х.Баттулгыг нэрлэдэг. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өнгөрсөн жил Х.Баттулгыг өөртэй нь холбоотой асуудлыг үүсгэж байсан хэмээн хэлж байсан удаатай. Үүний дараа гадаадад нууц данстай гэж буруутгагдах болсон С.Баярцогтын асуудлыг ч гэсэн Х.Баттулгыг олон нийтэд тараасан гэж АН-ынхан ярилцдаг билээ. Тэгвэл тэрбээр өөрөө ч гэсэн өнгөрсөн жилүүдэд хэрэгт холбогдож, түүндээ шалгагдсаар ирлээ. Харин энэ цаг мөчид түүнтэй холбогдсон хэргүүд чухам юу болж өнгөрсөн бэ гэдэг асуултын хариуг АН-ын гишүүд тэргүүтэй жирийн иргэд нэхэж байна.

 

Тодруулбал, Шинэ төмөр замын гэгдэх хэрэгтэй Х.Баттулгын нэр шууд ба шууд бусаар заавал холбогддог юм. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн 2015 оны аравдугаар сарын 30-нд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчлан 14 хоног саатуулаад батлан даалтаар  гаргасан ч прокурорын зүгээс баримт мэдээллийг устгаж болзошгүй хэмээн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд шүүхээс түүнийг арваннэгдүгээр сарын 17-нд дахин хорихоор шийдвэрлэсэн. Энэ хэрэгт холбогдуулан Өмнөд Солонгосын "Самсунг СТ” компанийн захирлаас гадна Монголын гурван ч компанийн захирлыг  хорьсон гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан билээ. Б.Батзаяагийн хэрэг дээр Эрүүгийн цагдаагийн газар болон АТГ-аас хамтарсан баг ажилласан ч одоо тэрбээр батлан даалтад байгаа юм. Уг хэрэгтэй холбоотой үүссэн нэгэн дуулиант мэдээлэл цацагдсан нь УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх  А.Гансүх нарыг Эрүүгийн цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэжигтнээр татан байцааж эхэлсэн гэх мэдээлэл. Тухайн үедээ тэд үгүйсгэж байсан ч дараа нь прокуророос энэ тухай мэдээллийг өгсөн билээ. 

 

Энэ талаар прокурор Г.Бясман "Хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан хэрэгт УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг сэжигтнээр татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн А.Гансүх, Х.Баттулга нарт хилийн хориг тавьсан нь үнэн. УИХ-ын экс даргын зөвлөхөөр ажиллаж байсан А.Гансүхийг Эрүүгийн хуулийн 263.2 дугаар зүйл заалтаар буруутган сэжигтнээр татан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бол Х.Баттулгад ЭХ-ийн тусгай ангийн 263.2-т зааснаар төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зүйл заалтаар буруутгасан байгаа" хэмээн өнгөрсөн оны наймдугаар сард мэдээлэл хийсэн юм. Энэ цагаас хойшоо уг хэргийг сураг ажиг бараг тасарч байх шиг байна. Тухайн үедээ хүүхэдтэй эмэгтэйчүүдийг хорьж саатуулан, түүн дээр нь Х.Баттулга тэргүүтэй эрхмүүд очоод баахан "шоу" болсон ч цаг хугацаа улиран өнгөрөх тусам асуудал улам бүр бүдгэрч байх шиг.  Энэ бүгдийн цаана зарим улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд бий гэдэг.

 

Тэгвэл өнгөрсөн аравдугаар сард шинэ Засгийн газрын 100 хоногийн тайлангийн үеэр нөгөө алдарт Ухаа худаг- Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих концессын гэрээг Монголын Төмөр Зам компани "Самсунг Си энд Ти” компани харилцан тохиролцсоны үндсэн дээр хүчингүй болгожээ. Тодруулбал гэрээ дүгнэх үйл ажиллагаа гурван сарын турш үргэлжилж өнөөдрөөр дуусгавар болсныг Зам Тээврийн Хөгжлийн сайд Д.Ганбат албан ёсоор зарласан. "Санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, замыг үргэлжлүүлэн барих хүсэлт тавьсан боловч Самсунг Cи энд Tи компанийн зүгээс хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн ч үргэлжлүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн. Тийм учраас бид дараагийн хөрөнгө оруулагчийг олж хамтран ажиллахын тулд уг гэрээг цуцлахаас өөр аргагүй боллоо гэж үзсэн. Ингээд ээрээгээ дүгнээд хоёр тал гэрээгээ өнөөдөр хүчингүй болгосон юм. Талуудаас ямар нэгэн гомдол санал гараагүй гэдэг.  Биднийг талцуулж, шороо овоолсноос өөр юм хийгдээгүй гэгдэж, басхүү энэ төслийн эргэн тойрон дахь албаны хүмүүс хуулийн байгууллагад шалгагдаж, хоригдсон зэрэг нийгэмд бөөн дуулиан үүсгэсэн 267 километр төмөр замын ажлыг Х.Баттулгын үеийн шийдвэрүүдээс салгаж авсан.

 

Харин үүнийг дагаад улсад их хэмжээний алдагдал учруулсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зэрэг олон алдаа завхрал, хууль зөрчилтүүд гээд бүгдийг нь зүгээр л мартаад өнгөрөх үү. Магадгүй гэрээг цуцалсан нь мартахын эхлэл болоогүй л байгаа даа. Хангалттай байж болохуйц баримт цуглачихаад байхад, түүний эхлүүлсэн ажлыг гардан гүйцэтгэж байсан хүмүүс нь хоригдож, зарим нь гадагшаа дүрэвчихээд байна. Мөн өнгөрсөн хугацаанд өрнөсөн баривчилгаа, гишүүдийн дугаараас мессеж иргэд рүү илгээсэн, намын нөхдийнхөө талаарх дуулиан шуугиан тараасан гээд бүхий л учир битүүлэг хэргүүд Женко гэх тодотгол бүхий Х.Баттулгатай ямар нэгэн байдлаар холбогддог юм билээ. Ер нь монгол түмэн хэн нэгний мууг үзэх гэсэндээ биш харин үнэн зөвийн аль нь болохыг л мэдэхийг хүсч байгаа шүү дээ.

 

 

С.НУМ

ZALUU.COM


 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen