ДЭЛХИЙН ХҮН: ZARA-г үндэслэгч

ДЭЛХИЙН ХҮН: ZARA-г үндэслэгч

 

Бид үргэлж л гоё, ганган бас дэгжин байхыг хүсдэг. Бусдад сайхан харагдах гэж хичээдэг. Энэ утгаараа шинэ болоод соргог байхыг илүүд үздэг. Гэхдээ “хэтэвч” бидний энэ хүслийг номхотгож орхидог нь тиймхэн. Хэдийгээр хүн болгоны санхүүгийн эрх чөлөө харилцан адилгүй ч үргэлж сайн сайханд дурлаж байдаг нь ижил. “Хувцас бурхан, бие чөтгөр” гэж үг бий. Энэ нь хувцас загварын түүхэнд ирмүүн өөрчлөлтийг авчирсан төдийгүй хөгжлийн явцыг илүү хурдасгаж чадсан билээ. Ингээд энэ салбарт домог болсон нэгэн эрхмийг “Дэлхийн хүн” булан онцолж байна. 

Дэлхийн хамгийн том загварын эзэнт гүрэн бол “ZARA”. Үүнийг үндэслэгч Амансио Ортега нь хувцас загварын “Индитекс” группыг үүсгэн байгуулагч. Тэрбээр 71.5 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө Европын хамгийн баян хүний тоонд ордог. Энэ эрхэм олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч, сурвалжлагчаас зайгаа үргэлж барьж ирсэн. Испанийн хөдөөгийн Леон мужийн Буздонго-де Арбаста хэмээх жижиг тосгонд 1936 онд Амансио Ортега мэндэлсэн юм. Буздонго-де Арбаста бол жирийн л нэг загасчдаар дүүрсэн жижигхэн суурин.

Амансио Ортегагийн эцэг төмөр замд албан хаагч, эх нь баян айлд гэрийн үйлчлэгч хийдэг байж. Испанид иргэний дайн өрнөж, дайны хатуу  хүнд жилүүдэд Амансиогийн бага нас өнгөрсөн. Дутагдах, гачигдах өлсөх нь Ортегаг ямар ч боловсролоос илүү хүмүүжүүлсэн аж. Мөнгө олж гэр бүлдээ туслах зорилгоор тэрбээр хотын баячуудын хувцсыг оёдолчны  газар туслахаар ажилд орсон байна. Ирээдүйн загварын могул энд оёдол, эсгүүр, өмсгөл гэх мэт зүйлүүдтэй танилцаж,  анхны ойлголтыг олж авч байжээ. 

Амансиог 14 нас хүрдэг жил эцэг нь шинэ ажилд орсноос үүдэн тэднийх Ла-Корунья хот руу шилжжээ. Энэ дүүрэг нь Испанийн нэхмэлийн аж үйлдвэрийн төвд тооцогддог байсан аж. Тэднийх төмөр замын хажууханд байрладаг жижигхэн байшинд амьдарч эхэлсэн байна. Төмөр замаар галт тэрэг явах бүрт чимээ нь гэрт сонсогддог байжээ. Тэр нэгэн оройг хүртэл Амансио ч эцгээ даган төмөр замчин болохоор ирээдүйгээ төлөвлөж байсан гэдэг. Нэгэн орой хичээлээ тараад харих замдаа Амансио ээжтэйгээ хамт дэлгүүр хэсэж явжээ. 

Ээж нь худалдагчид нэгэн цамцыг үзье гэж хэлэхэд худалдагч өөдөөс нь “Бүсгүй минь, Би танд үүнийг үзүүлж чадахгүй нь. Энэ цамцыг худалдан авахын тулд мөнгөтэй байх хэрэгтэй” гэж дээрэнгүй байдлаар ханджээ. Ээжийгээ цамц худалдан авах мөнгөгүйгээсээ болж доромжлуулахыг харсан хүүгийн зүрх нь шимширч, тэр өдрөөс хойш сургууль руугаа дахиж хэзээ ч яваагүй байна. 

Ээжийгээ дахиж хүнээр доромжлуулахгүйн тулд Амансио Ортега ажил хийж мөнгө олохоор сэтгэл шулуудсан байна. Нэгхэн цамцнаас болж ичгэвтэр байдалд орсон хүү хожмоо хорвоо ертөнцийн сая сая цамцыг үйлдвэрлэнэ гэж хэн санах билээ. Сургуулиа орхисон Амансио Корунья хотын захын дүүрэгт байрладаг “Гала” хэмээх жижигхэн цамцны үйлдвэрт анх ажилд орсон байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Амансио Ортега даавуунд нугалаа атри гаргах, эсгүүр хийх, цардах, бүрэх зэрэг хувцас үйлдвэрлэлийн гол ажилбаруудад суралцаж, өөрийн гараар хувцас оёж чаддаг болжээ. 

Амансио Ортега 1972 онд эхнэр Росалия Мера нар хуримтлуулсан мөнгөөрөө сүлжмэл эдлэлийн “Конфэйшнес Гоа” үйлдвэр байгуулж, халат, унтлагын хувцас, эмэгтэй дотуур хувцас хийдэг болсноор өөрийн хувийн бизнесээ эхлүүлжээ. Амансио Ортега анхнаасаа л хямд ажилчдыг үйлдвэртээ ажиллуулж, бүтээгдэхүүний үнийг бага түвшинд байлгах бодлого баримталсан байна. Шинэ компанийн дизайны асуудлыг Амансио Ортега өөрөө, борлуулалтыг нь ах нь, захиалгын ажлыг эгч нь хариуцаж, нэг ёсондоо гэр бүлийн бизнесийн хэлбэрээр эхэлжээ. Түүний бизнес тийм ч дардан байсангүй. Амаргүй сорилт, бэрхшээлтэй Амансио Ортега тулгарч байв. Өнөө цагийн “Индитекс”-ийн түүх 1975 оноос эхэлсэн түүхтэй.  

Испани хэлний “ZARA” гэдэг нь “Эрдэнэ шиш” гэсэн утгатай. Энэ бол эгэл борчуудын дуртай хүнсний үнэт бүтээгдэхүүн. Европын зарим орны хэлээр “ZARA” гэж “дээд удирдагч” гэсэн утга илэрхийлдэг. Энэ нь хувцасны зах зээлд хаан суух гэсэн Амансио Ортегагийн таалалд нийцсэн байв. Харин анхны өгсөн “Зорба” гэдэг нэр нь Грекээр “баяр цэнгэлд дурлагч” гэсэн утгатай үг аж. Энэ нэрийг өөрчилж, улмаар “ZARA” мэндэлсэн юм. Амансио Ортега олны анхаарлын төвд байх дургүй хүн. Тэр амьдралынхаа туршид ердөө гуравхан удаа ярилцлага өгч байжээ. 

Өдөр болгон тэрбээр нэг л кафе руугаа кофе уухаар явдаг Амансио тансаг ресторанд биш ажилчидтайгаа хамт гуанзанд хооллохыг илүүд үздэг. Зангиа зүүх дургүй тэрбээр одоо хүртэл оффисгүй. Тэр өдрийн турш үйлдвэрүүдээр орж даавуу имрэх, худалдааны дэлгүүрүүдээрээ орж борлуулалтын тайлан унших зэргээр ажил хэргээ явуулахыг илүүд үздэг. Харин чөлөөт цагаараа өөрийн хувийн эдлэндээ морь унаж байгалийн сайхныг Амансио Ортега мэдрэх дуртай аж. 

Амансио Ортега өдгөө 78 настай бөгөөд дөрвөн хүүхэдтэй. Тэрбээр өөрийн өв залгамжлагчаар хоёр дахь эхнэрээс нь төрсөн Марта Ортега охиноо нэрлэсэн юм. Өнөө цагийн загварын ертөнцөд Louis Vuitton-ийн Бернард Арнаулт, Н&М-ийн Стефан Персон Gucci-ийн Францойс Пинаулт нар хаанчилдаг ч эдгээрийн дээр нэгэн эрхэм залардаг билээ. Тэр бол “ZARA”-гийн Амансио Ортега. Дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлж буй “Индитекс”-ийн хувьцааны 59.3 хувийн эзэмшигч нь Амансио Ортега. Тэрбээр эрх мэдлээ шилжүүлсэн ч хувь эзэмшил нь хэвээр үлдсэн нь энэ. 

Амансио Ортега өөрийн дэлгүүрүүдийг  дэлхий даяар хамгийн ардчилсан, шинэ загвар хэлбэрээр зохион байгуулдаг байв. Үнийн хувьд дундаж айлын оюутнуудад ч хүртээмжтэй, нэр төрөл, өндөр чанараараа  бусдаар ялгардаг нь түүний компанийн өрсөлдөх чадварт ихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Амансио Ортега дизайнерууддаа орчин үеийн бүх шинэлэг загваруудыг алгасалгүй ажиглаж, хувцасны загварыг орчин үеийн санаа шаардлагын дагуу хийхийг үргэлж шахаж тулгадаж байсан. Ингэж Амансио Ортега загвар бол зөвхөн өндөр орлоготой хүмүүст хүртээмжтэй зүйл гэдэг хуучинсаг үзлийг халж чадсан юм. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen