Мянга гаруй метрийн өндрөөс унаад амьд үлджээ
Канадад 30 настай эмэгтэй 1,5 мянган метрийн өндрөөс унаад амьд үлдсэн талаар CNN мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Канадын Труа-Ривьер хот орчимд эмэгтэй шүхрээр үсэрсэн ч үндсэн болон нөөц шүхрийн аль нь ч дэлгэгдэлгүй, ойн дунд унажээ.
Олон тооны хугарал, гэмтэл авсан түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд амь насанд нь аюулгүй гэж эмнэлгийнхэн мэдээлсэн байна.
“Энэ бол гайхамшиг. Хүн онгоцноос унаад яаж амьд үлддэг байна аа?! Бид түүний төлөө маш их санаа зовсон” хэмээн хохирогч бүсгүйтэй хамт нэг онгоцонд явсан шүхэрчин бүсгүй өгүүлжээ.
Энэ хэрэгтэй холбоотой цагдаагийнхан мөрдөн шалгалт эхэлсэн байна. Хохирогч бүсгүй өмнө нь шүхрээр үсэрч байсан туршлагатай тул энэ золгүй явдалд гэмт хэргийн бүрэлдэхүүн бий эсэхийг шалгах аж.
Энд дуулгахад, 1972 онд Сербийн онгоцны үйлчлэгч Весна Вулович 10610 метрээс унаад амьд үлдсэн тохиолдол байдаг аж. Тэрбээр олон тооны хугарал, гэмтэл авч, хэдэн өдөр комд байсан ч амьд үлджээ.
Г.Бямбасүрэн
Shuud.mn