Түрээсийн орон сууцны төлбөрийг зорилтод бүлгийнхэн төлж дийлэхгүй ээ

Хоёр хоногийн өмнөөс эхлэн наймдугаар сарын 5-ныг хүртэл нийт 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш nosk.ub.gov.mn  цахим бүртгэл явагдаж эхэллээ. Энэ хугацаанд амралтын өдөр харгалзахгүй бүртгэл явагдах юм.

Өчигдрийн байдлаар 4000 гаруй иргэн бүртгүүлсэн байсан бөгөөд 43 гаруй мянган иргэн сайтад нь хандалт хийжээ.
Түрээсийн орон сууцанд орох гэсэн иргэд алаан болж байна. Зарим нь бүр нарийн мэдээлэл авах гэж НОСК-ийн гадаа хонон өнжин дугаарласан байх жишээний.
Эхэлж бүртгүүлснээрээ түрүүлээд орно гэсэн зүйл байхгүй учир бүртгүүлэх хүсэлтэй иргэд яаралгүй энэ 14 хоногийн хугацаандаа бүртгүүлж болно гэдгийг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар мэдэгдсэн юм.
972 орон сууцны 30 хувийг энгийн түрээс, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх, үлдсэн 40 хувийг түрээсийн орон сууц барих зориулалтаар газар чөлөөлөлтөд зарцуулах аж.
НОСК-иас тавьсан шаардлага, иргэдийн өөрсдийнх нь ирүүлсэн мэдээллийн дагуу эрэмбэлнэ.
НОСК зөвхөн бүртгэлийн ажлыг хийх бөгөөл үүний дараа орон сууцны комисс, нийслэлийн Засаг даргын дэргэдэх нийслэлийн Орон сууцны зөвлөл гэсэн байгууллагууд ажиллана.
Нийслэлийн агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж байгаа ажил учраас инженерийн дэд бүтэцгүй буюу гэр хороололд амьдардаг иргэдийг хамруулна.
Орон сууцтай иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах боломжгүй гэсэн юм.  Түрээсийн орон сууцны хувьд 68.59 мкв, 49.23 мкв, 39.30 мкв гэсэн гурван төрлийн сонголттой байгаа юм. Гаргасан журам болон тавьж байгаа шаардлага нь ерөөсөө Нийгмийн зорилтод бүлэг буюу гэр хорооллын иргэдийг хамруулж, утааг аль болох багасгах зорилготой юм.
Тодруулбал, Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журамд залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эцэг эх, өндөр тэтгэвэр тогтоолгосон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл, гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн гэсэн найман төрлийн иргэдийг хамруулахаар заасан байна.
Түрээсийн орон сууцанд анх удаа өмчлөх хэлбэр орж байгаа юм. Иргэд таван жилийн хугацаанд заасан графикийн дагуу төлбөрөө барагдуулах ёстой юм байна.
Харин энгийн түрээс нь өмчлөх боломжгүй аж. Орон сууцыг түрээслээд өмчлүүлэх хэлбэрийн байрны нэг ам.метрийн үнэ 1 сая 450  мянган төгрөг. Энэ бол Хөгжлийн банкнаас нийслэлийн Орон сууцны корпорациас шилжиж ирж байгаа үнэ.
Харин энгийн түрээсийн хамгийн доод үнэ бол 137 мянга 550 төгрөгөөс 411 мянган төгрөгийн үнэтэй. Энэ үнэ нь байрныхаа ам.метрээс шалтгаалж байгаа. Байраа түрээслээд өмчлөх хүсэлтэй иргэдийн урьдчилгаа төлбөрөөсөө хамаарч, 30 хувиа төлсөн иргэд хамгийн багадаа 284 мянган төгрөг төлөх бол хамгийн ихдээ 1 сая 600 мянган төгрөг хүртэл хэлбэлзэж байна. Тэгэхээр өөрсдийн амьдрах хүсэлтэй байрныхаа ам.метрийн хэмжээнээс хамаарч, сард төлөх түрээсийн төлбөрөө гаргаж, байраа сонгох боломжтой гэнэ.
Тэгвэл дээрх мөнгө нийгмийн зорилтод бүлэг зориулсан өөрөөр хэлбэл хямдхан үнэ өртөгтэй байр гэсэн ойлголтод иргэд шуурч хошуураад байгаа болохоос яг цаад үнэн бодит байдал, санхүүгийн чадамжаа иргэд ойлгоогүй байна.
Түрээслээд өмчлөх хэлбэрээр урьдчилгаа 30 хувиа хүүгүйгээр бүрдүүлэхээр махарч зүтгэлээ гэхэд сард 850 мянгаас 1 сая хүртэлх цалинтай хүн байхгүй дээ. Олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй сард сая төгрөгийн цалин авч чадах уу. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг ганц бие ээжид сард сая төгрөг олдох уу. Өндөр настан байлаа гэхэд сард сая төгрөгийн тэтгэмж авах уу. Хувийн байгууллагад 600 мянган төгрөгийн цалинтай ганц бие ээж урьдчилгаа 30 хувь бүрдүүлэхийн тулд сард 850 мянган төгрөг төлж чадах уу. Дээр нь гэрэл цахилгаан, ус гээд ашиглалтын зардал гэж 100 гаруй мянган төгрөг болно.
Яг үнэнийг хэлэхэд мк.в-ийнх нь үнэ хэтэрхий өндөр байна. Захын хороололд метр квдрат нь сая.200 мянган төгрөгийн үнэтэй бий.
Иргэд чухам юунд нь болоод ийшээ хошуураад зүтгээд байна вэ гэвэл өнөөдөртөө бэлэн их хэмжээний мөнгө гаргахгүй, урьдчилгаа 30 хувь нь хүүгүй гэдгийг ойлгоод дайраад байгаа юм.
Чухамдаа бол энэ шалгуур үзүүлэлт, үнэ өртөг нь нийгмийн нэг хэсэг болсон Зорилтод бүлэгт зориулагдаагүй юм шиг. Хэрвээ зориулагдсан гэж байгаа бол санхүүгийн хувьд арай уян хатан баймаар байна.
Хэн ч гурван жил зүгээр хий дэмий түрээслээд “хөөгдөөд” гарахыг хүсэхгүй. Тиймээс түрээслэж байгаад өөрийн болгоод өмчлөхийг өв хөрөнгөө болгохыг хүснэ.
Тэгээд нийгмийн зорилтод бүлгийнхэнд гэчихээд нэг өрөө байхгүй 2-3 өрөө байр. 60 гаруй метр квдратын байранд хэн орох юм бэ. Хэн сая гаруй төгрөгийн урьдчилгаа төлж байх юм. Уг нь зорилтод бүлгийнхэнд таарсан нэг өрөө буюу бага метр квдраттай байр байсан бол эдийн засагт нь арай дөхөм санагдах байсан болов уу.
Нийгмийн зорилтод бүлгийнхэн сарын цалин багадаа 1,900,000 авдаг тохиолдолд та түрээсийн орон сууцнаас хамгийн бага мк.в -ийг л авах боломжтой юм байна. Бодоод үздээ, Монголчууд тэр дундаа та нарын хэлээд тодотгоод байгаа зорилтод бүлгийнхэн чинь ийм төлбөр төлж чадах билүү. Бүгдээрээ өндөр цалин авч чадахгүй. Нийгмийн эдийн засгийн байдал ямар байгаа билээ, эргээд нэг анзаараарай.
О.Гэрэл
Эх сурвалж: Оллоо.mn 

 

 

 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen