Их итгэл, их хүлээлтийг дагуулсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөр

Их итгэл, их хүлээлтийг дагуулсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөр

 

2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед 6 жилийн хугацаанд хэрэгжих "Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн зорилго маш энгийн 2015-2021 оны хооронд 20 мянган түрээсийн орон сууцны "САН” бүрдүүлэх байв. Товчхондоо Улаанбаатар хотод 16000 айлыг, хөдөө орон нутагт 4000 айлыг түрээс багатай орон сууцаар хангаж зорилтод бүлгийн иргэдийг орон сууцжуулах ажлын эхлэл тавигдсан. Ингэснээр иргэд ая тухтай орчинд амьдарч, агаар болон хөрсний бохирдол мэдэгдэхүйц хэмжээгээр буурна гэж тооцсон. Тухайн үед хийгдсэн судалгаагаар Улсын хэмжээнд 22.9 мянган өрх орон сууц түрээслэн амьдарч байв.

2018 он гарахад нэг сарын хугацаа дутуу байна гэж үзвэл "Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжих хугацаа дуусахад 3 жил үлджээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ердөө 1512 айлыг "Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулсан байгаа юм. Хөтөлбөр хэрэгжих 6 жилийн хугацааг "зам” гэж үзвэл туулах ёстой замынхаа яг талд нь ирчихсэн байна. Үлдсэн хугацаанд 18 мянга 488 айлыг хямд түрээстэй орон сууцанд оруулж байж "Түрээсийн орон сууц” хөтөлбөр амжилттай хэрэгжлээ гэсэн нэрийг зүүнэ. Төрийн ажил цаасан дээр хараар бичигдээд үлддэг заншил дахин давтагдах магадлал тун өндөр аж.

"Буянт-Ухаа” 2 хорооллын 929 айлын орон сууцыг сарын 200-280 мянган төгрөгийн түрээстэйгээр хөлслүүлж эхлэхэд "Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг магтах хүн олон байсан. ТОСК-ийн үүдэнд тухайн үед урт дараалал үүсч сугалаа сугалж түрээсийн байранд орох гэсэн иргэдийн тоо 10 орчим мянгад хүрч байлаа. Тиймээс "Түрээсийн орон сууц” хөтөлбөр их итгэл, их хүлээлтийг үгүй хийх хоосон мөрөөдөл бүү байгаасай.

”Царцсан” барилгуудыг төр худалдан авч иргэдэд түрээслэх үү

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан саяхан хэвлэлээр "Төр хямд үнэтэй орон сууцнуудыг худалдан авч иргэдэд түрээслэх асуудлыг судалж байна” гэж ярьжээ. Өнөөдөр 30 мянган айлын орон сууц ашиглалтад орсон ч худалдан авагч байхгүйгээс эргэлтэд орж чадалгүй гацсан. Харин үүний нөгөө талд орон сууцанд амьдрах хүсэлтэй 200 орчим мянган өрх гэр хороололд бий. Гэхдээ орон сууцтай болох хүсэлтэй иргэдэд 30 хувийн урьдчилгаа төлбөр байхгүй. Хурааж цуглуулсан мөнгөө өгөөд байранд орох гэхээр банкны шалгуурт тэнцэхгүй гээд асуудлууд бий. Тиймээс ашиглахад бэлэн болсон 30 мянган айлын орон сууцны тодорхой хэсгийг хямд үнээр худалдан авах саналыг барилгын компаниудад Засгийн газраас тавих гэнэ. Өөрөөр хэлбэл барилгын компаниудын дунд тендер зарлаж хамгийн бага үнээр орон сууцаа зарах санал ирүүлсэн барилгын компанийн орон сууцыг төр худалдан авч иргэдэд түрээслэх байдлаар гаргасан зардлаа нөхөж олох тооцоо судалгааны ажлыг эхлүүлжээ. Ингэснээр барилгын компани орон сууцаа зарж мөнгөтэй болно. Иргэд орон сууц болно. Харин төр "Түрээсийн орон сууц” хөтөлбөрөө хэрэгжүүлэх аж.

Нийслэл 1002 айлын түрээсийн орон сууцны "Хотхон” барина

НИТХ-аас "Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг дэмжих төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр ирэх хавраас тодорхой хугацаанд түрээслээд түүнийхээ дараа өмчлөх нөхцөлтэй 1002 айлын түрээсийн орон сууцны хотхон баригдаж эхлэх аж. Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо Ханын материал орчимд баригдах тус хотхоныг 1 жил 8 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулах гэнэ. Мөн шууд урьдчилгаа 30 хувиа төлөөд ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй яваа иргэд 15 жилийн хугацаанд сар бүр 300-350 мянган төгрөгийн түрээс төлөх байдлаар гэрээ хийвэл түрээсийн хугацаа дуусах тэр мөчид орон сууцаа хувьчлах эрхийг тухайн иргэнд олгох гэнэ.

Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэл дээр яригдсан "Түрээсийн орон сууц” хөтөлбөртэй холбоотой асуудлууд одоогоор судалгааны ажилдаа яваа. Албаны хүмүүсийн өгч буй мэдээллээр бол түрээсийн орон сууц хөтөлбөр гэрэл гэгээтэй харагдаж байна. Энэ бүх мэдээллийг сонссон иргэдийн дунд "их итгэл” төрж "их хүлээлт” үүсч байгаа. Энэ бүхэн хоосон мөрөөдөл битгий байгаасай. 

Г.Дугар

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen