Доллар татах зам: Төв цэнгэлдэхээ томруулъя

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат энэ жилийн наадмын нээлтийн тасалбарыг 3500 жуулчинд олгоно гэж ярив. Уг нь 10 000 гаруй жуулчин наадмын нээлтийг үзэх хүсэлтээ тур операторуудаар дамжуулан нийслэлийн Аялал жуулчлалын газарт ирүүлээд байгаа гэнэ. Гэвч манай төв цэнгэлдэх хүрээлэн 13 500 хүний суудалтай учраас наадмын нээлт үзэх хүсэлтээ илэрхийлсэн 10 000 жуулчны 6500 нь стадион тойрон алхах нь. Хүсэлтээ илэрхийлсэн 10 000 жуулчинд тасалбар өгчихвөл монголчууд үндэсний баяр наадмаа үзэж чадахгүй болчихно. Тиймээс доллараас татгалзаж, жуулчдын тасалбарт квот тогтоосон хэрэг.

Жил бүр Монголын үндэсний их баяр наадмын нээлтийн үзэхээр 10-12 мянган жуулчин хүсэлтээ ирүүлдэг байна. Тэдний 3 000 орчимд нь тасалбар худалддаг. Жуулчдад зориулсан тасалбарын үнэ өнгөрсөн жил 25 ам.доллар байсан. Энэ жилийн тасалбарын үнэ хараахан гараагүй ч, эндээс их зөрүүгүй байхыг албаны хүн хэллээ. Нээлтийн тасалбарын 25 ам.доллар дээр үдээс өмнө болон хойно орох, хаалтын ёслол үзэх зэргээр багц болговол 12 000 төгрөг нэмж төлнө. Тэгэхээр жуулчид чамгүй төгрөгөөр монгол наадмын нээлтийг үздэг гэсэн үг. Харин манай улс энэ мөнгийг орлого болгон хүлээн авах багтаамж алга. Харамсалтай хэрэг, Монгол хэдэн саяар тоологдох орлогоос зүгээр л татгалзаж байна. Шалтгаан нь төв цэнгэлдэх хүрээлэн жижиг, 13 500 хүнийг л шингээнэ. Тэгэхээр төв цэнгэлдэх хүрээлэнгээ томруулах зүй ёсны шаардлага тулгарчээ. Багадаа 30, цаашлаад 50 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнтэй болчихвол манай улс наадмаар жуулчин татах, тэдний долларыг эх орондоо үлдээх бүрэн боломжтой болно.

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ, жилд нэг сая жуулчин хүлээж авна гэж том ярихаасаа өмнө орчин нөхцөлөө бүрдүүлэх шаардлагатай. Монголд жуулчлах боломжтой зуны улирал зургаа биш гурван сартай. Энэ гурван сард жуулчдыг хүлээн авч, эх орноо сурталчлах, цаашлаад төсөвтөө орлого оруулахын тулд өөрсдөөс шалтгаалах зүйлээ хийх ёстой. Хамгийн түрүүнд төв цэнгэлдэх хүрээлэнгээ томруулж, наадмын нээлт үзэхийг хүссэн жуулчин бүрийн долларыг авч үлдэх хэрэгтэй байна.

Монгол Улсад ирэх жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж буй статистик бий. Өнгөрсөн онд 529.3 мянган жуулчин хүлээн авсан нь жилийн дүнгээр 11 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Харин  2019 оны эхний улиралд улсын хилээр орж ирсэн гадаадын зорчигчдын 85.1 хувь нь буюу 75.4 мянга нь аялал, жуулчлалын зорилгоор зорчсон гэж Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өссөн үзүүлэлт гараад буй нь таатай мэдээ. Тэгвэл бидэнд жуулчдад үзүүлж харуулах зүйл юу билээ. Онгон зэлүүд байгаль, малаа дагасан малчнаар хэдийг хүртэл нүүрээ тахлах вэ. Ядаж л бид улсын нийслэлдээ өөрсдөө бас жуулчид багтаж шингээд, тухлан суучих том цэнгэлдэх хүрээлэнтэй болох хэрэгтэй. Зуны улирал тэр дундаа үндэсний баяр наадмыг тохиолдуулан ирж байгаа жуулчдад нүүр бардам тасалбараа худалдъя. Улс, тив дамжин Монголыг, монгол наадмыг зорьж ирсэн жуулчинд “манай цэнгэлдэх хүрээлэнд та багтахгүй” гэж хэлээд зогсч байх нь ичгэвтэр биз дээ. Н.Цэрэнбат сайдын хэлдгээр “ингэж аргалахаас өөр аргагүй” гэж жуулчдыг цэнгэлдэх тойруулж алхуулаад олон жилийг үдлээ. Тэгэхээр төв цэнгэлдэх хүрээлэнгээ томруулах ажлыг яаравчлах хэрэгтэй. Газар бэлээхэн, санал санаачилга л дутаад байна.

Манай улс аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой, тэргүүлэх салбар болгох хүсэлтэй гэж амаар ярьж, цаасан дээр бичээд суухын оронд жуулчдын өмнө нүүр бардам байх нэг ч гэсэн зүйл хийе.

Б.Болд

Эх сурвалж: shuud.mn

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen