АЯЛАХАД ТОХИРОМЖТОЙ ВИЗГҮЙ ЗОРЧДОГ ОРНУУД
Та гадаад улс руу гэр бүлээрээ аялал зугаалгад явж, байгалийн сайхантай танилцахын сацуу тухайн орны хэл соёлтой танилцахыг хүсвэл заавал виз даруулж, олон хоног хүлээх, өндөр өртөг төлөх шаардлагагүй болжээ. Тиймээс бид энэ удаа Монгол Улсын иргэд визгүйгээр зорчиж болдог, жуулчид ихээр очдог Ази, Европын хамгийн сонирхол татсан улс орнуудын талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна. Дашрамд дурьдахад, 2019 оны зургадугаар сарын байдлаар манай улсын иргэд 23 улс руу, албаныхан буюу дипломатууд 33 улс руу визгүй зорчих боломжтой юм байна.
Дэлхийн хамгийн том арал Балид зочлоорой
Өвлийн ажлын ачаалал, стресс ядаргаагаа тайлахад Азийн орнуудаас далайтай, аралтай орнуудыг зориход их зүгээр гэлцдэг. Тухайлбал, Индонези нь номхон далай болон Энэтхэгийн далайгаар хүрээлэгдсэн гайхалтай сайхан байгальтай газар. Дэлхийн хамгийн том арлын орон буюу газар нутагт нь нийт 17.508 арлаас бүрддэг. Үүний 6000 орчим нь хүн оршин суудаг арлууд. Тэдгээрээс Бали арал хамгийн алдартай нь учраас энд та тухалж болох юм. Сүүлийн үед Индонези улсыг зорих жуулчдын тоо эрс нэмэгдэж байна. Исламын шашинтай цөөхөн орнуудын нэг Индонезид зорчих өртөг бага хэдий ч байгалийн үзэсгэлэнг нь тольдох боломжтой. Индонези улсын нийслэл Жакарта хотод очвол хүн амын нягтаршил их дөрвөн цагийг замын түгжрэлд өнгөрөөх нь энгийн үзэгдэл аж. Энд та 30 хоног визгүй зорчихдоо Голландын өв соёлтой танилцах боломжтой.
Японд эртний үзмэр, технологийн дэвшлийг сонирхоорой
Ази, Европ гэлтгүй дэлхийн улс орнууд сүүлийн жилүүдэд жуулчдыг татах зүйлсээ илүү боловсронгуй болгосоор байна. Тухайлбал, арлын Япон орон нь техник технологи, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлээрээ дэлхийд гайхагддаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Нийт газар нутгийн 99 хувийг арлууд эзэлдэг. Азийн хамгийн цэвэрхэн улс орны нэг гэгддэг тус улсад 1000 гаруй жилийн түүхтэй сүмээс эхлээд халуун рашааны газрууд, залуусын сонин содон хувцасны стилүүд, техник технологийн хамгийн сүүлийн үеийн шийдлийг гайхуулсан жолоочгүй такси, гэрийн үйлчлэгч гээд таныг гайхшруулах зүйлс олон. Мөн төрөл бүрийн далайн хоол, түүхий загас, суши зэрэг далайн хоолоороо алдартай. Хэрэв та дипломат пасспорттой бол тус улсад 30 хоног ажиллаж амрангаа Токио хотод сүндэрлэх телевизийн цамхаг, Эзэн хааны зуны цэцэрлэгт хүрээлэн, Токиогийн Мэйжи Шрайн хийд гээд жуулчдын очих дуртай газруудаар зугаалаах боломжтой.
Тайландад та 30 хонохдоо юу үзэх вэ?
Тайланд улс нь зүүн өмнөд Азийн өндөр хөгжилтэй орны тоонд зүй ёсоор тооцогддог. Ойролцоогоор 69 сая хүн амтай. Хүн амын дийлэнх нь буддын шашинтай. Тайландад буудлын үнэ харьцангуй хямд. Очих газраасаа хамаарч метроны буудалтай ойр буудал захиалах хэрэгтэй. Халуун, хүн ихтэй улсад метроны буудлаас хол байна гэдэг маш хэцүү гэдгийг аялагчид хэлдэг. Энд та 30 хоног визгүй зорчихдоо түүхийн үүднээс ч тэр, барилга байгууламжийн хувьд ч энэ улсаас таны заавал үзэх ёстой газар бол “Grand palace” буюу 1782 онд баригдсан Тайландын хааны ордон. Мөн өдөрт 200 мянган хүн зорьчдог худалдааны төв, хөвдөг зах, шөнийн худалдаа, хамгийн өндөр алсыг харагч, Бангкок хотын төвд байдаг цэцэрлэгт хүрээлэн, брэндийн дэлгүүрүүдийг заавал үзээрэй.
Итали улс жилд 46 сая жуулчин хүлээж авдаг
Европын улс орнуудаас хүмүүсийн хамгийн их очиж үзэхийг хүсдэг газрууд бол Итали, Франц, Герман, Швейцарь гээд олон улсыг нэрлэж болно. Тиймээс визгүй зорчих боломжтой зарим улс орныг товч танилцуулъя. ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын өвөөрөө дэлхийд нэгдүгээрт ордог улс бол Итали. Тус улс нь жилдээ 46 сая гаруй жуулчдыг хүлээн авдаг. Жуулчдын тоо болон аялал жуулчлалаас олдог орлогоороо дэлхийд эхний эхний тавт багтдаг. Хамгийн алдартай хот нь Ром, Венец болон Милан. Ром хотод дэлхийн алдарт уран барилгууд болон хуучны музей сүмийг үзэх хэрэгтэй. Миланд очсон жуулчид ихэвчлэн загварын шоу үзэхийг зорьдог. Италид очсон жуулчид модоор галласан чулуун зууханд жигнэсэн Итали пиццаг идэхийг хүсдэг билээ.
Дэлхийн хамгийн романтик улс Франц
Дэлхийн хамгийн романтик улс гэгддэг Парис бужигнасан их хүнтэй ч Луврын музейд зочлон агуу урлагийн бүтээлүүдийг нүдээр харах, Эйфелийн цамхаг дээрээс их хотыг тольдох мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй юм. Жижиг хотуудаар нь зочлон дэлхийд алдартай тогоочдын гарын хоолыг амтлан, төрөл бүрийн амтат дарс шимэн суух нь танд аялал жуулчлалын гайхамшгийг мэдрүүлнэ. Мөн энд үеийн үед гадаадын жуулчдыг татсаар ирсэн алдарт Ялалтын хаалга, Луврын музейгээрээ сая сая жуулчдыг алмайруулсаар байгаа билээ. Жил бүр ойролцоогоор 83 сая жуулчид Францыг зорин очдог. Үүний 1.5 сая нь Хятад жуулчид байдаг бол үлдсэн жуулчдын ихэнх нь Орос, Бразил, Япон зэрэг улсаас ирдэг байна. Энд та дипломат пасспортой бол 90 хоног зугаалах боломжтой.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ВИЗГҮЙ ЗОРЧИХ ОРНУУД
(2019 оны 6 дугаар сарын байдлаар)
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Туул,Г.Номин