УБТЗ-ын өрийг цайруулах нь
ОХУ болон Монгол Улсын төлөөлөгчид “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Монголын Засгийн газарт төлөх өрийн бүтцийг өөрчлөх хувилбарыг хэлэлцэж байгаа тухай “Коммерсантъ” сонин уламжилжээ. Одоогоор тус нийгэмлэгийн Монголын Засгийн газарт төлөх өр 100 тэрбум төгрөг буюу одоогийн ханшаар 37.5 орчим сая ам.доллар аж. Өрийг бүрмөсөн цайруулахыг ОХУ шаардаж буй бол Монголын тал бүх өрийг дүрмийн санд шилжүүлэхийг санал болгосон гэнэ.
Гэвч энэ хувилбар нь УБТЗ-д тавих хяналтыг Монголын талд өгөх учир Оросын хувьд ашиггүй. Тээврийн дэд сайд Владимир Токарев тэргүүтэй ОХУ-ын төлөөлөгчид өрийн талыг цайруулж, үлдсэнийг УБТЗ-ын дүрмийн санд хөрвүүлэх гэсэн харилцан буулт хийсэн хувилбарыг санал болгожээ. Энэ асуудлыг Орос болон Монголын Ерөнхийлөгч нар энэ жил уулзахдаа хөндөж магадгүй. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Орос, Монголын хувь нийлүүлсэн компани гэж тус сонинд бичсэн байв.
З.Амгалан
Эх сурвалж: Өнөөдөр сонин