Германд 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан хоёр монгол хэн бэ
Холбооны бүгд найрамдах Герман улсын Дрезден хотод Монгол Улсын хоёр иргэнийг зургадугаар сарын 3-нд 70 кг хар тамхи тээвэрлэсэн байж болзошгүй хэрэгт холбогдуулж саатуулсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлжээ. Германы цагдаа нар Чех-Германы хилийн ойролцоо явж байсан автомашиныг зогсоон шалгахад дээрх гурван сая еврогоор үнэлэгдэх хар тамхи олдсон байна.
Саатуулагдсан монголчууд өөрсдийгөө дипломат албаных гэсэн бөгөөд албаны ногоон паспорт үзүүлж, нэгжлэг хийлгэхээс татгалзжээ. Нэг бүр нь 500 грамм жинтэй 140 боодол хар тамхи авч явсан монголчууд Турк улсын дипломат дугаартай автомашинд сууж явсан байна. Энэ талаар Монгол Улсын Гадаад харилцааны яам, "Манай дипломат ажилтнууд биш" гэдгээс өөр тайлбар өгөөгүй юм.
Ногоон паспорт буюу албаны паспортыг хэн эзэмшиж болохыг Монгол Улсын дипломат, албан паспорт олгох, эзэмших, хадгалах журамд тодорхой заажээ. Тодруулбал:
2.2.1. төрийн албаны АА-2-АА-11 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
2.2.2. төрийн захиргааны албаны ТЗ-6-ТЗ-13 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
2.2.3. шүүгч, прокурор;
2.2.4. аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч;
2.2.5. төрийн тусгай албан тушаалын ТТ-10-ТТ-17 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
2.2.6. Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан;
2.2.7. төрийн үйлчилгээний ТҮ-11-ТҮ-12 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
2.2.8. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд гадаадад зорчиход дагалдан явах эмч болон үйлчилгээний бусад ажилтан;
2.2.9. Монгол Улсын олон улсын гэрээ, бусад нөхцөлөөр гадаад улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх албан хаагч;
2.2.10. Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаал эрхлэх Монгол Улсын иргэн, түүний эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд;
2.2.11. Монгол Улсын хилийн чанадад ажиллах Дипломат төлөөлөгчийн газрын үйлчилгээ, техникийн ажилтан, тэдгээрийн эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд;
2.2.12. Улсын Их Хурлын гишүүний орон тооны зөвлөх болон туслах;
2.2.13. Засгийн газрын гишүүний орон тооны зөвлөх, туслах, хэвлэлийн төлөөлөгч;
2.2.14. Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын туслах;
2.2.15. Монгол Улсын өргөмжит консулаар томилогдсон Монгол Улсын иргэн;
2.2.16. олон улсын хуваарьт нислэгийн нисэх бүрэлдэхүүн /нисгэгч, инженер, нислэгийн аюулгүй ажиллагааны байцаагч, бүхээгийн ажилтан/;
2.2.17. гадаад улсад суугаа төмөр зам, иргэний агаарын тээврийн төрийн өмчит аж ахуйн нэгжийн төлөөлөгчийн газрын үндсэн ажилтан;
2.2.18. дипломат цолтой иргэн, тэдгээрийн эхнэр/нөхөрт олгодог юм байна. Албаны паспортыг зөвхөн албан ажлаар зорчихдоо хэрэглэх журамтай ажээ.
С.Дугар
Эх сурвалж: newspress.mn