ШАТАХУУН ЛИТР ТУТАМДАА ДУНДЖААР 97-161 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

ШАТАХУУН ЛИТР ТУТАМДАА ДУНДЖААР 97-161 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

 

Шатахууны худалдаа эрхлэгчид автобензин, дизель түлшний жижиглэн борлуулалтын үнийг удаа дараалан нэмэгдүүлсэнтэй холбогдуулан үнийн өсөлт нь бодитой эсэх, Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцэж байгаа эсэхийг шалган тогтоохоор “Шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа”-нд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтын хүрээнд тус газрын 2019 оны 1/682 дугаартай албан бичгээр шатахууны томоохон худалдаа эрхлэгч 17 аж ахуйн нэгжүүдээс хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээллийг гаргуулан авч шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:
1. Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлдэг жижиглэн борлуулалтын үнийн мэдээллээс үзэхэд 2019 оны 3 дугаар сарын 26-ны улсын дундаж үнэ:
-А-80 автобензин 1763 төгрөг/литр,

- Аи-92 автобензин 1819 төгрөг/литр,
-Дизель түлш 2348 төгрөг/литр байсан ч 2019 оны 5 дугаар сарын 28-ны байдлаар улсын дундаж үнэ:
-А-80 автобензин 1875 төгрөг/литр,
- Аи-92 автобензин 1980 төгрөг/литр,
-Дизель түлш 2445 төгрөг/литр болж төрөл тус бүр дээр 97-161 төгрөгөөр өссөн байна.
2. 2019 оны 4 дүгээр сард Оросын холбооны Улсын “Роснефть” компанийн хилийн үнэ:
-А-80 автобензин 613 ам. доллар/тн,
-АИ-92 автобензин 643 ам.доллар/тн,
-Дизель түлш 623 ам.доллар/тн байсан ба 2019 оны 5 дугаар сарын хилийн үнэ:
-А-80 автобензин 665 ам. доллар/тн,
-АИ-92 автобензин 695 ам.доллар/тн,
-Дизель түлш 640 ам.доллар/тн болж өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа 17-52 ам.доллар-аар өссөн.
3. Хяналт шалгалтад хамрагдсан 17 аж ахуй эрхлэгчдээс ирүүлсэн жижиглэн борлуулалтын үнийн мэдээлэл, өртөг болон ашиг, алдагдлын тооцооллоос үзэхэд гадаад хилийн үнэ өссөн ч жижиглэн борлуулалтын үнийг 97-161 төгрөгөөр нэмэгдүүлэх нөхцөл үүсээгүй байна. Аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааны зардлыг хянаж үзэхэд Аи-92 автобензин литр тутамдаа дунджаар 30-100, дизель түлш литр тутамдаа дунджаар 270-289 төгрөгийн ашигтай байхад жижиглэн борлуулалтын үнийг нэмэгдүүлсэн байна.

Газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийн хувьд 2019 оны байдлаар зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч тогтоогдоогүй тул тус газраас шатахууны үнийг шууд хянах эрх хуулиар олгогдоогүй болно.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д “Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүний борлуулах үнийн өөрчлөлтийг хянан, зөвшөөрөл олгох” гэж заасны дагуу зөвхөн зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийг судлан тогтоож, зах зээлд нийлүүлж байгаа бараа, бүтээгдэхүүний үнийг хянаж, зохицуулалт хийдэг.

Түүнчлэн Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно” гэж, 11.1.1-т “Бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасны дагуу хяналт тавьж ажилладаг.

Үүний хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тухай бүрд шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хуульд заасныг зөрчсөн хэлцэл, тохиролцоо хийcэн эсэхийг шалгахад одоогийн байдлаар үгсэн хуйвалдаж үнээ нэмэгдүүлсэн гэх нөхцөл тогтоогдоогүй байна.

Иймд газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд Засгийн газар болон салбар хариуцсан яам, агентлагаас дараах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх саналуудыг Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга нарт хүргүүлсэн. Үүнд:

1. Аж ахуй эрхлэгчдээс ирүүлсэн өртгийн тооцоололд үйл ажиллагааны зардал нь тухайн компаний бүтцээс хамааран харилцан адилгүй байхад Засгийн газраас автобензин, дизель түлшний жижиглэнгийн үнийн зохицуулалтыг хийхдээ Сангийн яамны тооцооллыг үндэслэдэг байна. Сангийн яам автобензин, дизелийн түлшний худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааны зардлыг тооцохдоо компани тус бүрийн үйл ажиллагааны зардлын дүнгээр тооцдоггүй, 1 литр шатахуун борлуулахад гарах үйл ажиллагааны зардлыг 225 төгрөгөөр, зээлийн хүүг 18%-иар тооцдог байна.

Цаашид салбар хариуцсан эрх бүхий байгууллагууд компани тус бүрийн санхүүгийн тайланд шинжилгээ хийх, үйл ажиллагааны зардлын задаргаа, зээлийн хүүгийн тайлбар болон урт богино хугацаат зээлийн задаргааг аж ахуй эрхлэгчдээс гаргуулан авч нарийвчилсан тооцоог хийж, өртгийн тооцоог бодитой гаргах. (УУХҮЯ, СЯ, АМГТГ)
2. Монгол Улсын Засгийн газраас шатахууны үнийг тогтвортой байлгах зорилтын хүрээнд Монгол Улсад импортолж буй автобензин, дизелийн түлшний хилийн үнэ, валютын ханшны өөрчлөлттэй уялдуулан татварыг нэмэх, бууруулах, тэглэх хүртэл зохицуулалтыг авч хэрэгжүүлж ирсэн.

Тухайлбал Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 26 дугаар тогтоолоор өргөн хэрэглээний А-80, Аи-92 автобензиний татварыг тэглэх хүртэл арга хэмжээ авсан ч аж эрхлэгчдийн зүгээс шатахууны үнийг удаа дараалан нэмэгдүүлсээр байна.

Иймд татварын зохицуулалтад хамрагдаж буй аж ахуй эрхлэгчидтэй гэрээ байгуулж аж ахуй эрхлэгчдийн эрх үүргийг тодорхой болгох, зөвхөн жижиглэнгээр худалдаалж байгаа худалдаа эрхлэгчдэд татварын зохицуулалтыг олгодог болох. (ЗГ, УУХҮЯ, СЯ)

3. “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн үйл ажиллагааг тогтмол болгох, ажлын зохион байгуулалтыг сайжруулах, тус зөвлөлөөс гаргаж байгаа шийдвэрийн эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх талаар шийдвэр гаргуулах саналтай байна.

Олон нийтийн зүгээс “Хамтарсан зөвлөл” үнэ тогтворжуулдаг, шийдвэр гаргадаг эрх бүхий байгууллага мэтээр ойлгодог ч тус зөвлөлийн үйл ажиллагаа тогтмол бус, хянан зохицуулах боломжгүй нөхцөл байдал үүссэнээс шалтгаалж хуралдааны шийдвэр “Зөвлөмж” хэрэгжихгүй байгаа нь шатахууны үнэ нэмэгдэх нөхцөлийг бий болгож байна.

Иймд шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл үүссэн тохиолдолд “Хамтарсан зөвлөл”-өөс үнэ нэмэгдэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлаж, авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний саналыг Засгийн газарт тухай бүрд нь цаг хугацаа алдахгүй, олон нийт, хэрэглэгчдэд үнийн дарамт үүсэхээс, иргэний нийгмийн байгууллагууд жагсаж дуу хоолойгоо гаргахаас нь өмнө танилцуулж, шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна.

Тухайлбал, 2019 онд шатахууны худалдаа эрхлэгчид шатахууны жижиглэнгийн борлуулалтын үнийг 2019 оны 4 дүгээр сард 2 удаа, 5 дугаар сард 1 удаа нэмэгдүүлснээр 2019 оны 3 дугаар сарын үнэтэй харьцуулахад литр тутамдаа дунджаар 97-161 төгрөгөөр нэмэгдсэн байна. 
 

О.Гэрэл
Оллоо.mn 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen