Ким Жон Ун: Манай улс БНХАУ-ын ашиг сонирхлыг дэмжсээр байх болно

Ким Жон Ун: Манай улс БНХАУ-ын ашиг сонирхлыг дэмжсээр байх болно

 

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун БНХАУ-ын дарга Ши Жиньпинд хандан “Хятад улсын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалахад БНАСАУ цаашид дэмжлэг үзүүлсээр байх болно” гэж мэдэгдсэн талаар Хойд Солонгосын төрийн хэвлэл KCNA мэдээлэв.
Ким Жон Ун пүрэв гарагт Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үеэр “Олон улсын нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн бай, БНАСАУ ба БНХАУ-ын нөхөрлөлийн сэтгэл өөрчлөгдөхгүй” гэдгийг онцолжээ.
Харин Ши Жиньпин уулзалтын үеэр хоёр орныг “нэг хувь тавилантай сайн хөрш, сайн найз, сайн нөхөд” хэмээн тодорхойлсон байна. Талууд стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, олон улсын болон бүс нутгийн асуудалд нийтлэг ашиг сонирхлоо хамгаалах, хоёр орны өндөр түвшний айлчлал, стратегийн харилцааг нэмэгдүүлэх талаар хэлэлцжээ.
Ким Жон Ун пүрэв гарагт Бээжингээс нутаг буцсан бөгөөд түүнийг илгээх үеэр Коммунист намын өндөр албан тушаалтан Цай Ци, Гадаад хэргийн сайд Ван И зэрэг удирдлагууд оролцжээ.
KCNA энэхүү айлчлалыг “хоёр улсын улс төрийн итгэлцэл, стратегийн хамтын ажиллагааг улам бэхжүүлсэн түүхэн үйл явдал” хэмээн тодорхойлж, “өөр өөр сорилт, бэрхшээлийг даван туулсан БНАСАУ-БНХАУ-ын нөхөрлөлийн харилцаа тогтвортой байх болно гэдгийг харууллаа” гэж мэдэгджээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen