Дундаж монгол өрхийн хөрөнгө САЯ төгрөгөөр, харин гишүүдийнх ТЭРБУМаар хэмжигдэж байна

Хэрвээ та товчхон уншихыг хүсвэл ДУНДАЖ МОНГОЛ ӨРХИЙН ХӨРӨНГӨ 47 САЯ ТӨГРӨГ, ӨР ЗЭЭЛ НЬ 14 САЯ ТӨГРӨГ, ЦЭВЭР ХӨРӨНГӨ НЬ 32 САЯ ТӨГРӨГ БАЙНА. 

ОРЛОГЫН ТУХАЙД...

  • Бид хөрөнгийн тухай ярихаасаа өмнө түүнийг өсгөх гол эх үүсвэр болох орлогын тухай зайлшгүй хөндөх ёстой.
  • Та өөрийгөө 1 урсгалтай 3 эгнээтэй замын дунд эгнээнд түгжрээд явж байна гэж төсөөл.
  • Дараа нь баруун эгнээний машинууд хөдлөөд эхэлж.
  • Баруун эгнээ түгжрээгүй болсон учраас та өөрийн эгнээг удахгүй хөдлөх нь гэж найдна.
  • Зүүн эгнээний хүмүүс ч гэсэн ижилхэн бодно.
  • Гэвч огт тийм зүйл болохгүй бол яах вэ? 
  • Хэрвээ тэгвэл хөдлөөгүй хоёр эгнээний жолоочид бүгд баруун эгнээ рүү шилжихийг хүснэ. 

Баруун эгнээнд өндөр орлоготой, дунд эгнээнд дунд орлоготой, зүүн эгнээнд бага орлоготой өрхүүд байсан гэж үзье. Баруун эгнээнд байгаа машин хөдөлсөнтэй адилхан өндөр орлоготой хүмүүсийн нөхцөл байдал сайжирч эхлэхэд биднийх ч гэсэн сайжирна гэсэн итгэл найдвар төрж эхэлдэг. Харамсалтай нь ийм зүйл тохиодоггүй. Тиймээс эдгээр дунд болон бага орлоготой хүмүүс уурлаж, бухимдаж эхэлдэг.

Харин энэхүү түгжрэлийг гэрлэн дохио, замын урсгал, дугаарын зохицуулалт гэх мэт олон аргаар зохицуулж чадна гэсэн хэн нэгэн гарч ирж, бухимдалтай хүмүүст популист амлалт өгч эхэлдэг. 

  • Би өөрчилнө.
  • Та нарын эгнээг хөдөлгөнө.
  • Хөдөлгөж чадахгүй бол та нарыг баруун эгнээгээр явуулна гэж.

Үнэндээ зөвхөн Монголд ч бус дэлхийн бүх улсад орлогын, хөрөнгийн тэгш бус байдал нэмэгдэж байна. Түүнийг нь өөрчилж чадна гэсэн амлалт өгч олон хүмүүс улс төрд гарч ирж байна. Гэвч тэдний сонирхол үнэхээр тэгш бус байдлыг бууруулах уу? эсвэл эрх мэдэлд хүрэхийг хүсч байгаа юу? Бодох л хэрэгтэй. 

2018 онд Монгол банкны хийсэн түүвэр судалгаагаар ӨРХИЙН ОРЛОГЫН ХҮРЭЛЦЭЭТЭЙ байдлыг өрхүүдээс асуухад 63 хувь нь “ХҮРЭЛЦДЭГГҮЙ” гэж хариулжээ. Мэдээж хүрэлцдэггүй учир орлогоос давсан хэрэглээгээ ямар нэгэн зүйлээр санхүүжүүлэх ёстой. Тэр нь зээл. Тус өрхүүдийн 79 хувь нь банк, бусад санхүүгийн байгууллага болон ломбарднаас зээл авчээ. Авахдаа хэтэрхий ихийг авчихаж. Жилийн орлогынхоо 69 хувийг зөвхөн зээлд зарцуулж байна. Тэгвэл эрүүл мэнд, боловсрол, чөлөөт цаг гэх мэт амьдралын чухал зүйлсээ юугаар санхүүжүүлэх вэ? Том асуудал. Зөвхөн зээлээ төлөхийн тулд өөр газраас давхар зээл авч байгаа нь өрхүүдийг улам эрсдэлд оруулж байна. 

Монголд орлогын тэгш бус байдал бага юм шиг харагддаг. Манайд сүүлийн 10, 15 жил тэгш бус байдлыг хэмжих жини коэффициент огтхон ч өөрчлөгдөөгүй. Манай өрхүүдийн сарын дундаж орлого 1.2 сая төгрөг, жилийнх нь 14 сая төгрөг гэсэн үг. Гэтэл хөрөнгө оруулгын мэдүүлгээр гишүүд, төрийн өндөр албан тушаалтны хамгийн бага жилийн орлоготой нь 18 сая төгрөг байна. Угтаа адилхан л хөдөлмөрлөөд, ойролцоо л цалин хөлс аваад байгаа юм. 

ХӨРӨНГИЙН ТУХАЙД...

Энэхүү үзүүлэлт нь орлогын тухай бус хөрөнгийн тухай ярьж буй гэдгийг сануулах нь илүүц биз ээ. Дундаж Монгол өрхийн хөрөнгө нь 47 сая төгрөг бөгөөд үүнээс өглөг, зээлээ хасвал цэвэр хөрөнгө нь 32 сая төгрөг байна. Мэдээж энэ үзүүлэлт маш олон зүйлсийн дундаж гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин гишүүд, төрийн өндөр албан тушаалтны өгсөн ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ https://ikon.mn/n/1940 дараах линкээс харах боломжтой. Аль нэг үл хөдлөх эсвэл тээврийн хэрэгсэл нь гэхэд тэрбум даваад алга болно. Харин ард түмний дундаж хөрөнгө хамгийн бага үнэтэй тээврийн хэрэгслийнх нь үнэд ч үл хүрэхээр байна. Заа тэдэнтэй жишигдэх нь ч өөрөө мэдэг. Өрхүүд хоорондын хөрөнгийн тэгш бус байдал мөн эрс тэс байгааг доорх хүснэгтээс харах боломжтой.

Хүснэгт 1. Өрхийн хөрөнгө, төгрөгөөр:

 

Эх сурвалж: Монголбанк, Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн, Түүвэр судалгаа –2018

  • Ипотекгүй өрхийн хөрөнгө нь дунджаар 43 сая төгрөг, дундаж зээл нь 7.8 сая төгрөг гэвэл цэвэр хөрөнгө нь 35 сая төгрөг болж байна.
  • Харин ипотектэй өрхийн дундаж хөрөнгө 74 сая төгрөг боловч дундаж зээл нь 51 сая төгрөг учраас цэвэр хөрөнгө нь 23 сая төгрөг болж байна.
  • Түрээсэлдэг өрхүүдийн хөрөнгө нь 5.3 сая төгрөг бөгөөд зээлээ хасвал 355 мянган төгрөгийн цэвэр хөрөнгөтэй байна.

Ипотекгүй өрхийн цэвэр хөрөнгө нь ипотектэй өрхөөс 1.5 дахин их байдаг бол энэхүү хоёр төрлийн өрх нь түрээсэлдэг өрхүүдээс даруй 100 дахин их хөрөнгөтэй байна. Санхүүгийн хөрөнгийн хувьд ч ипотекгүй болон ипотектэй өрхүүд нь түрээсэлдэг өрхүүдээс 3-4 дахин их хөрөнгөтэй байна. Өрхийн орлогын ялгаа улам бүр нэмэгдэж байгаа үед эдгээр өрхүүдийн хөрөнгийн ялгаа жил ирэх тусам нэмэгдсээр л байх болно.

Өрхүүдийн 63 хувь нь орлого нь хүрэлцдэггүй нөхцөлд өрхийн хөрөнгө цаашид нэмэгдэх нь бүр ч эргэлзээтэй. Мөн боловсролын түвшин нь нэмэгдэх тусам тухайн өрхийн хөрөнгө нэмэгддэг болох нь харагдаж байна. Бага, дунд боловсролтой өрхүүдийн хөрөнгө нь дээд боловсролтой өрхүүдийнхээс 1 дахин бага байна.

Бид тэр дээд хүмүүстэй уралдах нь ч өөрөө мэдэг. Хамгийн гол нь бид амьдралдаа хүрэлцэхүйц орлого, амьжиргаагаа дээшлүүлэхүйц эргэлтэд оруулах хөрөнгөтэй байх ёстой. 

Эдийн засагч, Шинжээч Г.БАТЗОРИГ

Эх сурвалжийн линк: https://ikon.mn/opinion/1keu

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen