Өрхийн сарын дундаж орлого 929.4 мянган төгрөг болж өсчээ
Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр энэ оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.
Тус хорооны мэдээлснээр өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 929.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 76.1 мянган төгрөгөөр өсчээ.
Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага гуравдугаар улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 93.2 мянган төгрөгөөр өссөн байна.
Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 69.6 (10.0%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
ӨРХИЙН МӨНГӨН ОРЛОГО
Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзвэл, 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 120.5 (13.7%) мянга, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 137.4 (15.6%) мянга, 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 276.0 (31.4%) мянга байна. Харин 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 50.5 (5.7%) мянга байна.
ӨРХИЙН МӨНГӨН ЗАРЛАГА
Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзвэл, 300.0 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 69.6 (7.9%) мянга, 300.0-500.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 135.1 (15.3%) мянга, 500.0-900.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 284.2 (32.3%) мянга байна. Харин 2.1 сая төгрөгөөс дээш хэмжээний зарлагатай өрх 66.9 (7.6%) мянга байна гэж Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайланд дурджээ.
Г.Зул