2 ТЭРБУМЫН ОРОН СУУЦТАЙ, ХАДГАЛАМЖАА 2 ДАХИН ӨСГӨСӨН УУЛ УУРХАЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР

Мэргэжлийн бус хэмээх шинэ "цол"-тойгоор С.Сумъяабазар Уул уурхайн яамыг тэргүүлж яваа. Монгол Улсыг "тэжээж" байгаа том салбарын сайд хэдий хэмжээний хөрөнгөтэйг сонирхуулъя.

П.Сумъяабазар сайд 2016 онд УИХ-ын гишүүн байхдаа жилийн 168 сая төгрөгийн орлого олдог тухайгаа мэдүүлж байж. Харин 2017 онд буюу сайд болсон жил түүний орлого навс бууж 18 сая дээр унажээ.  2018 онд ч түүний орлого нэмэгдсэнгүй.  Сайдын гэр бүлийн гишүүдийн хувьд жилдээ 3-6 сая төгрөгийн орлоготой.

Харин сайдынх 2 нийтийн орон сууцтай. Эдгээр нь 1 тэрбум 929 төгрөгийн үнэлгээтэй. Тээврийн хэрэгслийн хувьд сайдын итгэлт хөлөг Lexus 570 бололтой. Тэрбээр сүүлийн таван жил Lexus 570 хөлөглөж байгаа бөгөөд 2017 түүний машин 160 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан бол 2018 онд 250 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Сайд Lexus 570 машиныхаа оныг шинэчлэн, сайжруулсан бололтой.

Мөн сайд 220 хонь, 278 адуутай. Эдгээр нь 161 сая төгрөгийн үнэлгээтэй. Түүнчлэн Д.Сумъяабазар сайдад 563 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл бий.

Бас нэг онцлох зүйл бол жилийн 18 сая төгрөгийн орлоготой эрхэм сайдын хадгаламж 2018 онд  бараг 100 сая төгрөгөөр нэмэгджээ. Тэрбээр 2017 онд 86 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2018 онд 183 сая төгрөгийн хадгаламжтай болсон байна.

Д.Сумъяабазар сайд Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк ХХК, Нэйшнл Фанд Менежмент ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Баянгол Зочид буудал ХК-иудаас хувь эзэмшдэг бөгөөд нийт 1 тэрбум 383 сая төгрөгийн өртэй.

П.ГОО
Оллоо.мн

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen