ВЛАДИМИР ЗЕЛЕНСКИЙН ТУХАЙ АРВАН СОНИРХОЛТОЙ БАРИМТ
Украины шинэ удирдагч хэн бэ, түүний тухай юу мэдэгдэж байна вэ? Олон нийтийн мэдээлэл болон мэдээллийн технологийн салбарт ажилладаг оросын тэргүүлэх компани – «РосБизнесКонсалтинг» энэ тухай тоймложээ.
Владимир Зеленский 41 настай, Кривой Рог хотод математикч, инженерийн гэр бүлд төржээ. Хүүхэд байхдаа эцэг, эхийнхээ хамт Монголд дөрвөн жилийг өнгөрүүлсэн (эцэг нь Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт ажиллаж байжээ) ч, өөрийнх нь хүлээн зөвшөөрснөөр, монгол хэлийг хагас дутуу л ойлгодог гэнэ.
Зеленский сургуульд сурч байхдаа янз бүрийн зүйл сонирхож, жишээ нь хүнд атлетик, нийтийн бүжгээр хичээллэж, пианино тоглодог байжээ. Одоо мэргэжлийн спортоор хичээллэдэггүй ч, эрүүл аж төрөх ёс баримтладагаа өөрийн нийгмийн сүлжээгээр байнга харуулдаг байна. Тодруулвал, өглөө бассейнд сэлж, савлуур дээр дасгал хийж, гүйж байгаа зэрэг зураг болон дүрс бичлэгийг Instagram-д тавьдаг байна.
Криворогийн эдийн засгийн дээд сургуульд хуулийн боловсролтой болсон ч, мэргэжлээрээ ажиллаж байгаагүй бөгөөд учир нь тайзны урлагийг эртнээс сонирхох болжээ. Бүр ахлах ангид сурч байхдаа Авхаалж сэргэлэнчүүдийн клубийн анхны цэнгээнт нэвтрүүлгүүдэд оролцох болсон байна.
Зеленский насанд хүрэгсдийн АСК-ийн нэвтрүүлэгт анх оролцохдоо дээд лигийн “Запорожье – Ривой Рог – Транзит” багийн бүжгийн үзүүлбэрүүдийг бэлтгэхэд оролцож байжээ. Зеленскийн ахлагч нь болсон “95-ый квартал” баг сүүлд гарч ирсэн бөгөөд 1998-аас 2003 онд энэ лигид оролцож байжээ.
Тус багийн телевизийн бие даасан нэвтрүүлэг Украинаас эхлэсэн бөгөөд шилдэг үзүүлбэр бүхий цуврал концерт тоглохыг тэдэнд санал болгож, энэ нь телевизийн “Вечерний квартал” шоу болсон байна. Энэ төслийг түшиглэн “Квартал- 95 студи” байгуулснаар, телевизийн нэвтрүүлэг хийж, кино үзүүлдэг болжээ. Зеленский ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байгаагаа 2019 онд зарласнаар, жүжигчний ажлаа үргэлжлүүлж, улс орноор явж үг хэлэхдээ хошин шог болон сонгуулийн ухуулга сурталчилгааг хослон явуулж байжээ.
Владимир Зеленский гэргий Еленатайгаа аль эрт танилцсан бөгөөд тэд 17 настайгаасаа уулздаг болсон байна. 2004 онд охин Александра, харин 2013 онд хүү Кирилл нь төржээ. Тэднийх Владимирийн уран бүтээлийн ажилд идэвхитэй оролцдог байна. Елена тухайлбал, тоглолтын хөтөлбөр бичихэд тусладаг байна. Үүнээс гадна, тэр Зеленскийн “Квартал-95 студи” хязгаарлагдмал хариуцлагатай нийгэмлэгийн багаахан хувийг эзэмшдэг аж. Охин нь 2015 онд “8 шинэ болзоо” кинонд аавынхаа хамт тогложээ.
2017 оны хөрөнгийн мэдүүлгээс нь үзвэл, Зеленский 353 хавтгай дөрвөлжин метр талбайтай сууцны байшин, 1,2 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий газар эмзэмшдэг байна. Тэр бас Land Rover Range Rover гэдэг машинтай аж. Үүнээс гадна, Breguet, Tag Heuer, Rolex болон Bovet хийцийн бугуйн цагтай гэдгээ бичсэн байна.
Зеленский бас бизнес эрхлэдэг аж. “Киноквартал” хязгаарлагдмал хариуцлагатай ннийгэмлэг, “Студия Квартал-95” хязгаарлагдмал хариуцлагтай нийгэмлэг нь түүнийх бөгөөд бусад хэд хэдэн компанийн хувьцаа эзэмшдэг байна. Зеленский хүнсний зах зээлд ч ажиллаж, рестораны бизнес эрхлэдэг “Фиш Хаус” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн 15% -ийг эзэмшдэг аж.
Хоёр дахь шатны сонгуульд Зеленскийн өрсөлдөгч байсан Петр Порошенко жүжигчнийг олигархи Игорь Коломойскийтой холбоотойг дурдаж, тэр ч байтугай түүнийг “Коломойскийн хүүхэлдэй” хэмээн хочилж байсан юм. Зеленский үүнийг тайлбарлахдаа, “Зарим олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд намайг ноён Коломойскийн хараанд байдаг гэж бичдэг. Намайг ердөө л “1+1” сувагт ажилладагтай үүнийг холбож байгаа юм. Дашрамд дурдахад, энэ сувагт миний ажиллах гэж юу байхав, би “Квартал-95”студид ажилладаг, харин энэ студи өөрийн нэвтрүүлгийг “1+1” сувагт худалддаг. Эзэн гэх Коломойскийд хүчин зүтгэх ямар ч тохиролцоо, меморандум, гарын үсэг зурсан баримт бичиг надад байхгүй. Тэр миний эзэн биш. Надад ямар ч эзэн байхгүй” гэжээ.
Зеленский ерөнхийлөгчийн ганцхан хугацаанд л ажиллана гэдгээ сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр амлаж байсан юм. Таван жилийн дараа миний бие улс орноосоо зугадахгүй гэж тэр хоёр дахь шатны сонгуулийн өмнөхөн мэдэгджээ.
С.Инда
Bataar.mn