Хэнтийн нөхөн сонгуулийн 287,6 сая төгрөгийн зардлыг буруутай этгээдээр төлүүлье
Ирэх зургадугаар сарын 30-ны ням гарагт Хэнтийн 42 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгууль явуулахаар товлогдоод байгаа.
Энэ тойргоос иргэдийн итгэлийг өвөрлөж УИХ-д сонгогдсон Д.Гантулга төрийн түшээгийн нэр төрийг нэгмөсөн унагаж, Төрийн ордонд хэвлэлийнхний өмнө өмд бандааж яриад зогсож байсан нь инээдэмтэй гэхээсээ илүүтэй эмгэнэлтэй дүр зураг болж үлдсэн билээ. Тэрбээр хүчингийн хэрэгтэй нэр холбогдсоны учир УИХ-ын гишүүний бүрэн эрхээ цуцлуулсан гэдгийг иргэд мэдэж байгаа.
Харин одоо түүний нэр дэвшсэн тойрогт нөхөн сонгууль болох гэж байгаа нь энэ билээ. Тэр хүн төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдоод гавьяа байгуулж бус, гай тариад ийн “төрхөмдөө буцсан” нь үнэн. Үүний уршгаар Хэнтийн 42 дугаар тойргийн сонгогчид төрд төлөөлөлгүй болсоор жил гаруй хугацаа өнгөрч байна. Мэдээж хэрэг, энэ бол өөрийн төлөөллөөрөө дамжуулж төрийн хэрэгт оролцох иргэдийн эрхийг хохироосон ноцтой үйлдэл.
Ийн нэгэн хариуцлагагүй, ёс зүйгүй төлөөлллийн үйлдлээс шалтгаалж сонгогчдын эрх зөрчигдөөд байна. Тиймээс тус тойргийн нөхөн сонгуулийн хугацааг товлож, үүнд шаардлагатай хөрөнгө санхүүг УИХ-ын чуулганы хуралдаанаар өнгөрөгч хоёрдугаар сарын 2-нд хэлэлцэж тогтоогоод байгаа билээ. Тодруулбал, энэ нөхөн сонгуулийн зардалд 287,6 сая төгрөг зарцуулах юм.
Үүнээс 246,1 сая төгрөг нь СЕХ-ны нэр дээр, 32 сая гаруй төгрөг нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, найман сая гаруй төгрөг нь цагдаагийн байгууллагад зарцуулагдана гэж байгаа.
Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хариуцлагагүй ёс зүйгүй “гишүүн”-ий улмаас төр ийм хэмжээний хөрөнгө санхүүгээр хохирч байна. Улсын төсөв их наяд гэдэг тоогоор илэрхийлэгдэх болсон энэ үед э287,6 сая төгрөг гэхээр тийм ч их мөнгө гэж санагдахгүй байх. Гэхдээ хэрэв энэ мөнгийг өөр хэрэгтэй зүйлд зарцуулсан бол багагүй асуудлыг шийдэж чадна. Наанадаж алслагдсан 4-5 сумынхаа хүн эмнэлгийг фургон машинаар хангах боломжтой. Аль эсвэл 10 гаруй залуу гэр бүлийн ипотекийн зээлийн урьдчилгааг төлж болно гэхчлэн.
Цаашид хуулинд өөрчлөлт оруулж гэмт хэрэгт холбогдсон, ёс зүйн ноцтой зөрчлийн улмаас эргүүлэн татагдсан буруутай “гишүүд”-ээр нөхөн сонгуулийн зардлыг төлүүлдэг байхыг хуульчилж өгмөөр байгаа юм.
Хэдий тийм ч ёс ёмбогор, төр төмбөгөр болхоор төр сонгуулиа өөрийн хөрөнгө зардлаар явуулах нь тодорхой. Харин буруутай “гишүүн” төрийг ийм хэмжээний хөрөнгө санхүүгээр хохироогоод гэм зэмгүй хоцорч байна гэсэн үг.
Хэрэв хэн нэгэн 287 сая төгрөг байтугай 20 сая төгрөг хулгай хийсэн, эсвэл төрийн ийм хэмжээний мөнгөөр хувьдаа хөрөнгө оруулалт хийчихсэн байвал тэр хүн зохих ял шийтгэлээ авч дээлээ толгой дээгүрээ нөмрөх нь тодорхой. Адаглаад л улсыг хохиролгүй болгоно.
Гэтэл төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдож орчихоод ёс зүй алдаж, улсад хэдэн зуун саяын хохирол учруулчихаад хээв нэг яваад өгөх нь шударга явдал мөн үү. Хуулийн өмнө бүгд ижил тэгш хариуцлага хүлээх зарчим эндээс эхлээд л алдагдаж байна гэсэн үг.
Одоогоор үүнийг зохицуулсан хууль эрх зүйн орчин үгүй байна. Тиймээс цаашид хуулинд өөрчлөлт оруулж гэмт хэрэгт холбогдсон, ёс зүйн ноцтой зөрчлийн улмаас эргүүлэн татагдсан буруутай “гишүүд”-ээр нөхөн сонгуулийн зардлыг төлүүлдэг байхыг хуульчилж өгмөөр байгаа юм.
Өөрөөр хэлбэл нөхөн сонгуульд буруутай гишүүнээр зардлыг нь гаргуулдаг хуулийн заалттай болох нь шударга ёсонд нийцнэ. Үүнийг нөгөө талаасаа хууль тогтоогч гишүүдээ хариуцлагажуулах, ёс зүйтэй байлгах нэг боломж гэж харах учиртай мэт.
Цаашид ч парламент дотроос ийм замаар хэн нэгэн явахыг үгүйсгэхгүй. УИХ-ын 5 гишүүн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй нэр холбогдож яллагдагчаар татагдах магадлалтай байгаа. Магадгүй тэдний заримынх нь бүрэн эрх түр биш бүр цуцлагдахыг байг гэх газаргүй. Тэгвэл дахиад л төрийн зардлаар нөхөн сонгууль явуулах уу.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэгэнтээ дээрх асуудлаар “Шударга ёс, хариуцлага тэгш байх ёстой гэсэн үүднээсээ буруутай этгээдээр төлүүлэх нь зүйтэй” гэсэн санааг илэрхийлж байсан удаа бий.
Г.Хантулга