ЭМЧ нэхдэггүй ч ИРГЭН төлдөг
Эрүүл мэндийн салбарт эмч нэхдэггүй ч иргэн өгдөг бичигдээгүй нэгэн хууль байна.
Улсын эмнэлэгт мэс засал хийлгэхэд ерөнхий эмчид нь зайлшгүй мөнгө өгч, “гар цайлгах” ёстой гэсэн бодлыг ойр дотных нь хэн нэгэн хүндээр өвдсөн хэн бүхэн тээж явдаг. Хэрэв мөнгө өгөхгүй бол сэтгэл дутаж, өвчтөнг бүрэн дүүрэн эмчлэхгүй, магадгүй тархины хүнд хавдраар өвчилсөн бол хавдрыг нь авахдаа хагасыг нь тархин дотор нь үлдээчих мэт ойлгодог.
Тун саяхан ойрын хүн маань өвдөөд эмнэлэгийн үүдээр хэд хоног эргэлдлээ. “Тархины цусан харвалт” гэсэн оноштойгоор сумын түргэний машинаар Улсын төв эмнэлэгт хүргэгдэн ирсэн иргэнийг уг эмнэлгийн эмч нар “Харвалт гадна талдаа тул мэс заслын аргаар соруулж авна” хэмээн онош тогтоогоод даруй гурав хонов.
Мэс засал хийхгүй гурав хоноход “Эмч нар нь мөнгө хараад мэс заслыг нь хойшлуулаад байна. Мөнгө өгсөн нэгэнд урьдчилаад хагалгаа хийгээд байна” гэж ар гэрийнх нь хэн нэгэн нь анхлан ам нээхэд “Нээрэн тийм” хэмээн дуу нэгтэйгээр дэмжиж байгааг харав.
Мэс заслын тасгийн гадна хүлээх танхимд “Танайх эмчид нь хэдэн төгрөг өгсөн бэ” гэхэд “600 мянган төгрөг өгсөн. Бас туслах эмч нарт нь 100, 100 мянган төгрөг өгөөд сувилагч нарт нь хоол захиалаад өгчихсөн” гэх яриа өрнөх аж. Эл хариултыг сонссон харилцан ярилцагч нь хажуудах хүнээ нударч “Багадах нь ээ” гэж шивнээд хүнгүй буланд очиж дугтуйтайгаа зузаалах юм.
Харин эмч нар авъя гэж нэхээгүй, нэхдэггүй ч аж. Мэс засал хийхээс өмнө ерөнхий эмч ар гэрийнхнийг нь дуудан уулзаж хагалгааны талаар ойлголт өгч, хүнд эсхүл хөнгөн гэдгийг тайлбарлан хэлдэг байна. Гэхдээ ихэнх тохиолдолд “Энэ хагалгаа хөнгөн, айлтгүй” гэж хэлдэггүй бөгөөд мэс заслын явцад ямар ч хүндрэл гарахыг үгүйсгэхгүй гэдгийг учирладаг байгаа юм. Үүнийг сонссон ар гэрийнхэн эмчийн өрөөнөөс гарч ирсэн даруйдаа “Хүнд хагалгаа гэнэ. Мөнгө л өгье. Тэгвэл л амь насыг нь наад эмч чинь аврах юм байна” хэмээн өөр хоорондоо ярилцана.
Уг нь эмч ажлаа л хийж байгаа. Тэднийг авлига авдаг, мөнгөтэй хүнд илүү үйлчилдэг гэх явган үгээр дайрах нь бий ч үнэндээ иргэд өөрсдөө өгөх ёстой гэсэн хэзээнээс ч юм уламжилж ирсэн ойлголттойгоор мөнгө өгч эмч нарын нэр хүнд, ажил хөдөлмөрийг үнэ цэнэгүй харагдуулдаг байна.
Мөнгө өгсөн ч өгөөгүй ч эмч ажлаа л хийнэ, амь насыг нь аварна. Тиймээс олон жилийн турш явж ирсэн энэ буруу тогтолцоог одооноос халах хэрэгтэй.
Дээр дурдсан ойрын хамаатан маань эмчид мөнгө, сувилагчид хоол өгөлгүйгээр мэс засалд орж амжилттай давсан гэдгийг дурдах нь зүйтэй биз.
Г.Сүрэн
SHUUD.MN