БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ХЭТРЭЛТ – ЦӨЛЖИЛТ - ЗУД

БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ХЭТРЭЛТ

Ус цаг уур, байгаль орчны хүрээлэнгээс 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын тухай мэдээлэлд Монгол Улсын нийт бэлчээр нутгийн талаас илүү хувьд бэлчээрийн даац 2-5 дахин, бүр түүнээс ч олон дахин хэтэрсэн байгааг дурджээ.

Тодорхой нөхцөл, зүй тогтол, цаг хугацааны хэмнэлийн дагуу байгаль эх өөрийгөө нөхөн төлжүүлж, сэргэн амилж, эргээд бидэндээ үржил шимээ хайрладаг жамтай. Байгалийн энэхүү зүй тогтол газрын хөрсний шим тэжээл, бэлчээрийн ургац, ургамал, бүтээмжид ч мөн адил үйлчилдэг. Бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглана гэдэг нь хөрснөөс дээш цухуйсан ургамлын навч найлзуурыг нөхөн төлжих чадваргүй болтол нь идэж дуусгаснаас ургамлын үндэс нь үхжиж, бүр мөсөн устана гэсэн үг.

 

Бэлчээрийн даац хэтэрсэн нутаг орны ургамал, хөрс хэрхэн доройтож, улмаар устаж үгүй болдог зүй тогтлыг эрдэмтэд ийнхүү тогтоожээ.

 

Дээрх зурагт харуулснаар бэлчээрийн ургамлын навчны ашиглалт 50 хүртэл хувь байхад үндэс нь бараг гэмтэхгүй, хамгийн ихдээ 2-4 хувь гэмтэх магадлалтай бол 50-аас дээш хувиар давуулан ашиглахад үндэсний гэмтэл маш хурдацтай явагддаг байна. Үүнийг эрдэмтэд талыг нь идээд талыг нь байгальд нь үлдээх зарчим ч гэж бас нэрлэдэг. Уншигчид маань санаж байвал дунд сургуулийн ургамал зүйн хичээлд заадагчилан, хөрсний дээрх ургамал ногоо нь хөрсөн дэх ус чийгийн тусламжтайгаар нарны илч гэрэл, агаар дахь нүүрс хүчлийн хийг өөртөө шингээн нөхөн үржих шим тэжээлээ авдаг. Хэрвээ ургамлын навч найлзуурыг тасдаж гэмтээх явдал дээрх 50/50 харьцаанаас хэтэрвэл фотосинтез явагдахаа больж, ургамал нь шим тэжээлээр дутагдан, хэсэгхэн хугацаанд үндэснийхээ суурь шимээр тэжээгдэх боловч, улмаар үндэс нь мөн сульдаж, үхжиж эхэлдэг байна.

Эсрэгээрээ, хөрснөөс цухуйж гарсан ургамлын 50%-иас дээшгүйг малд идүүлж, үлдсэн 50%-ийг хөндөхгүй үлдээж чадвал ургамал нөхөн төлжих чадвараа хадгалсаар байдаг. Өөрөөр хэлбэл, хөрс нь бүрхүүл ургамлын навч найлзуураар дамжуулан үржил шимээ авч нөхөн төлждөг тул дээрх харьцааг баримтлах буюу бэлчээрийн ургацыг шавхан ашиглахгүй байх нь хөрсийг өөрийг нь хамгаална гэсэн үг юм.  Тийм учраас байгалийн хөрс, ургамлыг хамгаалах, талхагдуулахгүйн тулд хөрсөн дээрх ургамлыг ашиглах зохистой харьцааг баримталж, малын тооны ачааллыг зохицуулах, бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглахгүй байхын чухлыг дэлхийн олон орны эрдэмтэд онцлон хэлж захисаар иржээ.

Дээрх зүй тогтлоос бид бэлчээрийн даац хэтэрсэн аймаг сумдын нутагт ургамлын үндэс доройтож, улмаар устаж үгүй болох аюул нүүрлээд буйг шууд ажиглах боломжтой.  Энэ үзэгдэл сүүлийн 20 гаруй жилийн турш Монгол оронд үргэлжилсээр байна. Малчид ч өөрсдөө малд идэмжтэй, тэжээллэг өвс ургамлын гарц, төрөл зүйл жил ирэх тусам буурсаар байгаа тухай ярьдаг.

Монгол эрдэмтэд бэлчээрийн ургамлыг нахиалан ургах хугацаагаар нь дараах байдлаар судлан тогтоожээ: 1) Хавар эртийн, 2) Хаврын, 3) Зун эртийн 4) Зуны, 5) Зун оройн. Хавар өвс ногоо сэргэн ургах эмзэг үе бий. Энэ бол 4 сараас 6 сар хүртэлх хугацаа. Энэ үеэр нь хөрснөөс цухуйсан болгоныг мал түүгээд идээд байвал цааш төлжин ургах чадвар нь алдагдсаар яваандаа устаж алга болдог.

 

Эцэг өвгөд маань бидний багад “нялх ногоо битгий зулгаа” гэдэг байж билээ. Энэ их учиртай. Хавар бэлчээрийн ургамал сэргэн ургаж эхлэх үед бэлчээр ашиглалтыг зохицуулах хамгийн чухал үе юм. Нялх үед нь ургамлыг малд ойр ойрхон идүүлвэл нөөц, шим тэжээлийн бодис шавхагдаж нахиа найлзуур нь сэргэн ургах чадваргүй болдог. Хур тунадас сайтай жил байлаа ч нэгэнт туйлдсан ургамал бүрэн чадавхиараа нөхөн төлжих боломжгүй болж байна гэсэн үг.

 

Мөн мал сүрэг идээшлүүлсний дараа, эсвэл өвсийг нь хадаж авсны дараа бэлчээрийн ургамал төлжин ургахад 24-30 хоног, хоёр дахь удаагаа таслахад 36-50 хоног шаардагддаг байна. Яг энэ үеийг заавал тооцоолж, бэлчээрийн ачааллыг бууруулж, зохицуулахгүй бол ургамал, ургац, төрөл зүйл, үржил шим жил ирэх тутам улам доройтдог. Иймээс уламжлалт нүүдлийн аж ахуйн гол арга технологи болсон нүүдэл хийх, бэлчээрээ сэлгэн амрааж ашиглах нь маш их ач холбогдолтой. Бэлчээрийн сэлгээ нь ургамлын төлжин ургах нөхцлийг хангах, олон жилийн туршид ургацыг бууруулахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ. Зарим хашир туршлагатай малчид хаврын бэлчээрийг зун намартаа нөөцөлж, дотор нь алсын, ойрын нөөц гэж хуваарилан ашигладаг уламжлалыг хадгалан үлдсэн ч бий. Ингэж чадвал мал тэжээлгүйдэхгүй, гагцхүү малын хариуллага маллагаанд анхаарах хэрэгтэй болно. Ер нь улирал бүрийн бэлчээрийг дотор нь хэд хэдэн зурваст хувааж, ээлж дараатай нарийн хуваарьтай ашиглах шаардлагатай. Энэ туршлагыг Увс аймгийн Зүүнговь сум хамгийн сайн хэрэгжүүлж ирсэн туршлагатай.

Өнөө үед бэлчээрийг төлөвлөгөө, зохицуулалтгүй ашиглаж байгаа нь байгалийн ургамалд нөхөн төлжих хугацаа, боломж олгохгүй байна. 1990-ээд оноос өмнө бэлчээр ашиглалтыг их нарийн төлөвлөдөг байжээ. Жишээ нь, 1980-аад оны хүн амын хүнсний хэрэгцээ, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр тогтвортой хангах, 2000 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө гаргахдаа бэлчээрийн даацын норм нормативыг тооцон зун намар 87.4 сая хонин толгой буюу таван төрлөөр 24 сая орчим, өвөл хаварт үүнээс бараг хоёр дахин бага 49.9 сая хонин толгой мал бэлчээр тэжээх бололцоотой гэж гаргаж байжээ. Ингэхдээ 1960-1970-аад оны 10 жилийн судалгааны бүрэн хэмжээний дүгнэлт дээр үндэслэн тогтоосон байдаг. Гэтэл бэлчээрийн талбайн хэмжээ тэр үеийнхээс 20 сая га-гаар багасаад бэлчээрталхагдсаны улмаас бүтээмж нь хэд дахин буурсан одоо үед таван төрлөөр 66.2 сая толгой, хонин толгойд шилжүүлснээр 110.2 сая болсон байдаг. Доктор С.Цэрэндаш нар тэргүүтэй эрдэмтдийн 2000 онд хийсэн судалгаанд өнтэй жил дунджаар 86 сая гаруй хонь, харин урьд зун нь гантай жил 57 саяас хэтрүүлэхгүй байх, өөрөөр хэлбэл 100 га бэлчээрийн талбайд 62 хонь бэлчээрлүүлэх экологийн даацтай гэж тооцсон байна. Малын тоо ийнхүү үнэмлэхүй хэмжээгээр өссөн нь нүүх газар, сэлгэх бэлчээргүй болж, малчдын хооронд, тэр бүү хэл ах дүү хамаатны дунд бэлчээрийн маргаан тасрахаа больж, малчдын амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлж эхэллээ.

Үүний хажуугаар өчнөөн зуун жилд хадгалагдаж ирсэн мал сүргийн зүй зохистой бүтэц алдагдлаа. Хотоор дүүрэн хониныхоо сайндаа л арав, хорин хувьд нь ямаа байлгадаг малчдын холыг харсан ухаан хэнд ч хэрэггүй болов. Зуны цагт хорж хэвтдэггүй, залхуу бага, сэргэлэн сэргэг учир олон хонин дунд цөөн хэдэн ямаа байхад нийт хонин сүрэг үдийн халуунд хорж хэвтэх нь бага, ямаагаа дагаад идээшлэх цаг нь их тул ямааг зохистой харьцаагаар хонин сүрэгтэй хамт малладаг байжээ. Гэтэл нийт богийн ихэнх нь ямаа байх юм уу, дан ямаан сүрэг нь бэлчээрийг маш хорлонтойгоор сүйтгэж орхидогыг манай малчид бүр эртнээс мэддэг тул хонь, ямаан сүргийн харьцааг ямагт хатуу барьж ирсэн байна. Ямаа нь юуны түрүүнд нялх ногооны навч найлзуурыг малтаж зулгааж иддэг тул, бэлчээр сүйтгэх талдаа хониноос хэд дахин илүү тул дээрх дээрх ойлголт гарсан бололтой.

ЦӨЛЖИЛТ

Олон арван жилийн турш бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглаж, талхагдуулсан нь цөлжилтийг улам эрчимжүүлэхэд хүргэж байна. Ургамлан нөмрөггүй болсон хөрс салхи шуурга, үер усны нөлөөгөөр эвдрэлд орон эмзэг болж, хөрсний үржил шимт өнгөн хэсэг нь угаагдан хийсч, сарниж алга болсоор байна. Хөрсний дээд хэсгийн ургамал хамгаалалт болдог. Ургамлан нөмрөг байхгүй бол хөрсний гадарга дээр буусан нарны гэрэл хөрсний хур чийгийг хатааж, ямар ч хамгаалалтгүй болсон хөрс салхи усны нөлөөнд хялбархан гэмтэж, эвдрэлд орно. Салхи, усанд элэгдсээр газрын хэвлийд гүнзгий гуу жалга, эрэг шуудуу үүснэ. Хөрс, ургамал эх байгалиас заяасан нөхөн төлжих чадвараа нэгэнт алдах тэр үе шатыг “босгоо давах” гэж шинжлэх ухаанд нэрлэдэг. Энэ босгыг давсны дараа ургамал, түүний хөрс өөрийн нөхөн төлжих чадвараа бүр мөсөн алдлаа гэсэн үг.

10 см үржил шимт хөрс байгальд бий болоход 2,000 жилийн хугацаа ордог. Ийм л учраас байгалиас заяасан хөрс, ургамлын нөхөн сэргэх чадварыг хадгалахын чухлыг эрдэмтэд сануулсаар ирсэн байна.

 

Бэлчээрийн хөрс талхагдаж нягтарснаар ус, чийг, агаар нэвтрүүлэх горим алдагдана. Энэ нь ургамлын үндэсний өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж эхэлнэ. Бэлчээр соргог байх үед нэг га-д найман тонн үндэс агуулагддаг байсан бол талхагдсан бэлчээрт түүнээс хоёр дахин бага буюу дөрвөн тонн болдгыг эрдэмтэд тогтоожээ. Мөн хөрсний ус нэвтрүүлэх чадвар буурч хур борооны ус хөрсөнд шингэхгүй, газрын гадарга дээгүүр урссанаар хөрс, усанд угаагдаж эвдэрдэг байна. Соргог бэлчээрийн газрын хөрсний ус нэвтрүүлэх чадварыг шинжилж үзэхэд, 141.9 мм цаг байгаа бол талхагдсан бэлчээрийнх 70.8 мм цаг болж хөрсний ус нэвтрүүлэх чадвар хоёр дахин буурсан байна. Тал хээрийн соргог бэлчээрийн сүвшилт (агаар, ус нэвтрүүлэх) 3-7 см-ийн гүнд 56 хувь, 12-16 см-ийн гүнд 55.2 хувь байгаа бол талхагдсан бэлчээрийнх 3-7 см-ийн гүнд 53.7 хувь болж хөрсний өнгөн үеийн сүвшилт 4.1 хувиар буурсан байна. Бэлчээрийн газар талхагдалд орсноор хөрсний сүвшилт буурч байгаа нь газрын доройтлын нэг шинж юм. Мөн хөрсний бүтэц, бүхэлшилт багасч, илүү тоосорхог болон салхи усны эвдрэлийг тэсвэрлэх чадвар буурна. Хөрсөн доторх нэг мм-ээс том хэсгийн эзлэх хувийн жин бага багаар буурна гэсэн үг. Ийнхүү бэлчээрийн хөрсний бүтэц аажмаар алдагдсанаар салхи, усны эвдрэлд улам бүр эмзэг болж цөлжинө. Манай Монголын нийт бэлчээрийн 78 хувь хөрсний элэгдэлд өртсөн гэж эрдэмтэд тогтоожээ. Үүний үндсэн шалтгаан бидний ярианы гол сэдэв болсон бэлчээрийн даац хэтрэлт буюу бэлчээрийн талхагдал мөнөөс мөн.

“Дөрвөн цагийн улиралд дураараа нүүдэллэх нутагтай” гэж шүлгэнд хүртэл гардаг нутаг маань зөвхөн түүх болж үлдэх вий дээ. Талын Монгол-Цөлийн Монгол болох хамгийн бүрхэг ирээдүйг ойртуулж буйг анхаарах цаг аль хэдийнээ болжээ.

ЗУД

Бэлчээрийн даац хэтрэлт, талхагдлын шууд үр дагавар нь Монгол оронд улам бүр ойр ойрхон давтагддаг болсон ган, зуд хоёр юм. “Өчигдөр тавьсан уурга өглөө босоход харагдахгүй байдаг” болтол өвс, ургамал ургадаг байсан түүх хэдхэн арван жилийн өмнөхсөн. Гэтэл бэлчээрийн талхагдалтай нутагт бороо хур ороод ч ургамал ногоо харьцангүй удаж гардаг, үндэс муутай учир гарсан ургамал нь армаг тармаг, тачир хэнз сийрэг байдаг. Нэгэнт ургамал ногоо тачир тармаг ургасан учир мал бэлчээрлэх газар нутаг их байх шаардлагатай болдог ба энэ нь бэлчээрийн ачаалалд эргээд нөлөөлдөг. Энэхүү гинжин урвалаас болж Монгол нутагт ган гачиг, зуд нүүрлэх нь улам ойрхон давтамжтай болж байна.

Ган гачигтай зун намрын улиралд сайтар цадаж, тарга тэвээргээ гүйцэт авч чадаагүй мал сүрэг өвлийн улиралд өлдөж даарах нь амархан тул ялимгүй цас орох юмуу, харьцангүй хүйтрэхэд тарга хүчээ бүрэн алдаж нэрвэгдэх нь их. Ингээд хуучин цагт зуд гэж нэрлэхээргүй үед “харын зуд”, “туурайн зуд” нүүрлэн, “Монгол” ба “Зуд” гэдэг хоёр үг адил утгатай, синоним үгс болтлоо олон улсад ойлгодох болжээ.

Хөрсний физик шинж чанар доройтохын хэрээр ургац, ургамлын зүйлийн бүрэлдэхүүнд ийнхүү сөргөөр нөлөөлдөг байна. Бэлчээрийн даац хэтэрснээс болж ургамлын төрөл зүйл гурав дахин, ургац хоёр дахин буурч байгааг судалгаагаар тогтоожээ. Доктор Д.Аваадорж, Я.Баасандорж нарын хийсэн судалгаагаар 1960-аад оны үетэй харьцуулахад 2000 оны эхэнд хийсэн судалгаагаар бэлчээрийн га-гийн ургац хоёр дахин, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн мөн хоёр дахин буурсныг тогтоосон байна. Тухайлбал, ойт хээрийн ургамлын зүйлийн төрөл 48 байснаа 23 болж буурсан бол, хээрийнх 33 байснаа 16, цөлөрхөг хээрийнх 23-аас 12 болж, харин цөлийн бүсийнх 16-аас 11 болтлоо буурсан байна. Энэ нь малын идэш тэжээлийн амт, шимт чанар буурч байгааг илтгэнэ.

Мал амьтны биед эрчим хүч үүсгэх анхны эх үүсвэр нь бэлчээрийн ургамал юм. Ийнхүү зун намар тэжээл аваагүйтуранхай мал өвлийн хүйтнийг даахгүй хурдан доройтох, өвчин тусах магадлал өндөр. Манай эрдэмтдийн судалж тогтоосноор соргог бэлчээрт идээшилсэн, дулаан байр хэвтэртэй бог малын амьдын жингийн алдагдал өвлийн улиралд дунджаар зургаан кг орчим байхад, зун намартаа талхагдсан шим муутай бэлчээрт байлгасан малын амьдын жин дунджаар 10 кг-аар буурдаг байна.

МАА-г эрчимжүүлснээр зуднаас сэргийлж чадна гэж үздэг хүмүүс бий. Эрчимжсэн МАА-г хөгжүүлсэн орнуудын нийтлэг давуу талуудыг харахад бэлчээрийн бүтээмж өндөр, жилийн дөрвөн улиралд дулаан, ус чийг элбэг голдуу таримал бэлчээр байдаг. Энэ нь голдуу нэг төрлийн ургамал байх жишээтэй. Харин манай Монгол орны нутаг дэвсгэрийн 8.3 хувь нь ойгоор бүрхэгдсэн, 41.3 хувь нь говь, цөлийн бүсэд хамаарагдах тул экологийн хувьд “өндөгний хальс” шиг хэврэг, талхагдаж доройтохдоо хялбар, төдийгүй дахин нөхөн сэргээх маш төвөгтэй, бараг боломжгүй, амьдрал дээр бүтэшгүй зүйл гэж эрдэмтэд үздэг. Энэ үүднээс дээхэн үеийн эрдэмтэд их нарийн судалгаа хийдэг байжээ. Академич Н.Жагварал 1950-иад оны дундаас бэлчээр сэлгэн ашиглах судалгаа хийгээд Монголд таван үндсэн хэв маяг байгаагтодорхойлж байжээ. Үүнд: а) Альпийн буюу баруун аймгуудын, б) Уулын тайгын буюу Хангайн в) Ойт хээрийн буюу Хэнтийн, г) Хээрийн буюу Дорнодын талын д) Цөлийн буюу Говь гэсэн нүүдэл. Өндөр ууланд мөнх цасны хормой хүрч зусаад, хэсэг уруудаж уул хоорондын өргөн хөндийгөөр намаржаад, уулын бэл хормойн нам уулсын энгэрээр өвөлжөөд, жаахан доошилж дов толгодоор хаваржина. Нүүдэл хоорондын зай 60-80 км заримдаа 100 гаруй км хол нүүх явдал бий. Хангай нутгийн малчид өндөр уулын зоо, дэнжээр зусаад уулын бэл хормойд намаржаад уулын дунд хэсэгт өвөлжинө. Хаваржаа нь ихэвчлэн өвөлжөөнөөс доош нам уулс, дов толгод дотор байна. Хэнтий Хянганы нутгийн малчид голын хөндийгөөр зусаад уулын бэл хормой өөд өгсөж намаржаад, модны хаяа хүрч өвөлжөөд, бага зэрэг уруудаж хаваржина. Нүүдлийн дундаж зай 25-30 км. Тал нутгийн малчдын нүүдэл, ихэвчлэн хойшоо, урагшаа чигтэй байна. Ухаа толгод, нам уулсаар зусаад уруудаж нам хотос хоолойгоор намаржаад, нам уулс, бөөрөг толгодын энгэр, хотос, хонхор газар дагаж өвөлжиж, хаваржина. Нүүдлийн дундаж зай 30-40км.

Нөгөө талаас мал хариулга их үүрэгтэй байжээ. Хавар цагийн маллагааг гойд анхаардаг малчин, “хөл өргөх, үе чангаруулах маллагаа” гэж нэрлэдэг. Өвлийн хатуу, хээлийн хүндийг тээж, хаврын хавсаргатай золгож байгаа ядарч сульдсан малыг хурдан тэнхрүүлэх, жилбэ оруулах хурга ишгийг эхийн сүүнд цатгах, махлуулах хариуцлагатай үе байдаг. Өнжсөн буюу борог өвсөнд мал цадаж, амархан тэнхэрдэг гэж ярьцгаадаг. Хавирга нэвт үлээсэн хаврын хавсарга туранхай байтугай, царигтай малыг туйлдуулдаг. Аливаа ажилд өөрийн гэсэн өвөрмөц технологи бий, түүнийг зөрчвөл ямар нэгэн хохирол амсана. Бэлчээрийн МАА мөн адил өөрийн гэсэн нарийн технологитой.

Бэлчээрийн ачаалал нэмэгдэн, цөлжилт газар авч, талхагдал, доройтол ихэсч байгаа учир нь наад зах нь сумын хэмжээнд нийтийн бэлчээр ашиглалтын нарийн төлөвлөгөө  боловсруулж, түүнийгээ жинхэнэ бодит ажил болгон хэрэгжүүлж, явцыг тогтмол хянаж байх хэрэгтэй байна.Үүнд: доройтсон бэлчээрийг үнэлэх, нөхөн сэргээх, сайжруулах арга хэмжээнүүдийг төлөвлөх, бэлчээрийн ургац, түүний шимт чанарын сар улирлын өөрчлөлтийг хэмжиж, жил бүрээр сүргийн бүтэц, нас хүйс, тоо зэргийг нарийн төлөвлөж, зохион байгуулах ажлуудыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна.

Бэлчээр ашиглалтын ийм нарийн асуудлыг хариуцсан байгууллага байхгүй, олон Яамд, агентлаг албадын дунд орхигдон 20 гаруй жилийг ардаа үдлээ. Засгийн газар бэлчээр доройтлыг бууруулах, зүй зохистой ашиглалтын бодлогоо тодорхойлж, хэрэгжүүлэх чиг үүргийн мэргэжлийн байгууллагатай болох хэрэгцээ байгааг анхааралдаа авна байх гэж найдлага тавьсаар байна.

Монгол орны газрын харилцааны асуудал ч бүхэлдээ бэлчээрийн асуудал байх ёстой атал бэлчээрийн газрын нийгэм, эдийн засаг, экологид гүйцэтгэж байгаа үүрэгтэй нь харьцуулахад авч байгаа арга хэмжээ, ялангуяа судалгаа шинжилгээний ажлын цар хүрээ, үр дүн ихээхэн хоцорч байна.

Яг үнэндээ уул уурхай гэж уулгалсан Монголын “эдийн засгийг солонгоруулах” гэрэлт солонго нь мянга мянган жилийн уламжлалтай бэлчээрийн мал аж ахуй. Ямар өвөл болохыг зундаа мэддэг, өөхөн тарга, махан таргыг хэрхэн тэнцвэржүүлэхийг ажил үйлсээрээ зохицуулдаг, өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаагаа тэнцвэртэйгээр сэлгүүлэн, хэдийд нь алийг нь ашиглаж, алийг нөөцлөхөө тэд л мэддэг байсан учраас мянга мянган  жил бэлчээр нутгаа хамгийн зохистойгоор ашиглаж, мал сүргээ улам л чанаржуулан адгуулж, амьдрал ахуйгаа авч явсаар ирсэн түүх бидэнд бий. “Хургандаа цадаагүй хонь төлөг болтлоо майлдаг”, “ямаа олдвол ягдахын цондон”, “тарвага алаад баяждаггүй” гэх мэт өдөр тутам сургадаг зүйр цэцэн үгс нь хүртэл байгалийн тэнцвэрт байдлыг сануулсан төдийгүй цаг агаарын аюулаас урьдчилан сэргийлсэн, үр дагварыг нь тооцоолсон, сүргийн бүтцийг ямархан байлгах ёстойг захиж сургасан байдаг нь манай монгол малчдын холч арга ухааныг илтгэсэн хамгийн наад захын жишээ юм.

Ер нь манай өвөг дээдэс элэг бүтэн, элбэг дэлбэг, амар тайван, аз жаргалтай амьдрахын тулд энэ сайхан амьдралаа байгаа чигээр нь үр, ач нартаа залгуулахыг боддог их холч ухаантай байж дээ.

 

Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн менежер Ц.Энх-Амгалан

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen