“Хаан” Төгсөө мэргэжлийн боксын оргил руу ойртсоор...

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт , мэргэжлийн боксын рингэнд “босоо” яваа Нямбаярын Төгсцогт маань өнөөдөр 11 дэх тулаанаа Нью Йоркийн алдарт “Barclay’s Center” ордонд хийлээ. Өмнөх 10 тулаандаа бүгдэд нь ялалт байгуулахдаа Төгсөө маань есийг нь КО буюу нокаутаар өрсөлдөгчөө ялж байсан билээ.

“King Tug” хэмээх рингний нэрээрээ мэргэжлийн боксын ертөнцөд хэдийнээ танил болсон Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч нь IBO болон WBC холбооны аварга болж байсан Доминиканы боксчин “The Matrix ” хэмээх Марреро байв. Тулаан хоёр боксчны хэн хэнийх нь хувьд маш чухал , тун хариуцлагатай, цаашдынх нь карьерт өндөр ач холбогдолтой, асар олон зүйлийг шийдэх байсан юм. Мэдээж хэн ялсан нь IBO холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмших байсан. Хэдийгээр International Boxing Organization буюу IBO холбоо мэргэжлийн боксын “топ-4” холбоонд тооцогддоггүй ч Леннокс Льюис, Владимир Кличко, Рой Жонс, Флойд Мэйуэзер, Рики Хаттон, Мэнни Пакьяо гээд олон олон аваргууд энэ холбооны аваргын бүсийг эзэмшиж л байсан түүхтэй. Гэхдээ IBO холбооны Дэлхийн аваргын бүснээс ч илүү энэ тулааныг тодотгож, “томруулж” байсан гол шалтгаан бол халз тулааны ялагч WBC буюу мэргэжлийн боксын хамгийн нэр хүндтэй холбооны аваргын төлөө тулалдах эрхтэй болох байв. Тухайлбал энэ холбооны Дэлхийн аварга , АНУ-ын боксчин “бага” Гэри Расселлтай тулалдана гэсэн үг. 2015 онд дэлхийн аварга болсон Расселл аварга цолоо гурван удаа хамгаалаад байгаа боловч 2018 оны тавдугаар сараас хойш тулаан хийгээгээ байгаа билээ. Тиймээс ч холбооноос нь өрсөлдөгчийг нь “хүчээр” сонгож өгч байгаа болов уу. Энэ бол Төгсөөд ч , Маррерод ч “алтан” боломж гэсэн үг.

Бүүр цаашилбал Гэри Расселл ирэх дөрөвдүгээр сард цолоо хамгаалах тулаанаа хийхээр төлөвлөсөн гэдгээ хэлсэн. Дараа нь бас нэг том холбоо болох WBA -ийн өөрийн жингийн аварга Лео Санта Крузтай долдугаар сард WBC болон WBA хоёр холбооны аваргын бүсийн төлөө тулалдах санал тавиад байгаа. Лео Санта Круз энэ хоёрдугаар сард цолоо хамгаалах тулаанаа төдийлөн нэрд гараагүй Рафаэль Ривератай хийхээр болсон. Бодвол нэг их төвөггүй ялах байх. Улмаар WBC болон WBA гээд хамгийн том хоёр холбооны аваргын төлөөх тулааны саналаас ч татгалзахгүй байх л даа.

Энэ нь Төгсцогт болон Маррерод бүүр “алмаазан” боломж ч болж магадгүй, ийм л учир “жанцантай”, тийм л том боломж үүсгэх “ньюнс”-тай тулаан байлаа даа , өнөөдрийн тулаан. Тиймээс ч хоёр боксчин эхний хоёр раундад хэн хэнийгээ тандсан, арга эвээ олох гэсэн, туршсан байдалтай өнгөрөөсөн. Харин гуравдугаар раундаас эхлээд Төгсөө санаачлага авч, Маррерог оновчтой цохилтоор илүүрхсэн. Дараагийн раундад Марреро оноогоор хол хоцрохгүй тулд илүү санаачилга, идэвхтэй байлаа. Ерөнхийдөө тулаан эн тэнцүүхэн есдүгээр раунд хүртэл үргэлжилсэн. Харин сүүлийн 9-12 дахь раундад бол Төгсөө маань илт илүүрхэж, оновчтой цохилт ч олныг хийсэн. Ийнхүү бүтэн 12 раунд хүндхэн тулааны эцэст манай Төгсцогтод хажуугийн гурван шүүгч 114-113, 115-112, 116-111 оноогоор санал нэгтэйгээр ялалт өглөө. Тулаанд Төгсөө тун зөв тактиктай байсан. Тун хянуур, хүлээцтэй , хийгүй тулалдлаа. Заавал нокаутаар ялах гэж улайрсангүй. Оновчтой, жинтэй цохилт хийж, тулаанаа бүрэн хяналтандаа байлгалаа.

Одоо тулаан нэгэнт болоод өнгөсөн хойно бяцхан нууц бас дэлгэе. Хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган аваагүйн “хариу” ч бас байж болох. Тулаан эхлэхээс хэдхээн хоногийн өмнө Төгсөөгийн маань хоолой өвдөж, халуураад ид эрчимтэй бэлтгэлийн үед нилээд хэдэн өдөр бэлтгэлээ ч хийж чадаагүй юм. Тулааны өмнө өрсөлдөгчөөсөө ч , өөр бусад олноос ч тас нуусан. Аргагүй л алт шиг авьяас, асар их тэвчээр, нөр хөдөлмөрийн дүнд бэлтгэлээ гүйцээж, хүчтэй өрсөлдөгчөө ялсныг энд одоо заавал дурьдах хэрэгтэй байхаа.

Ийнхүү манай “Хаан Төгсөө” мэргэжлийн боксын 57,2 кг буюу хагас хөнгөн жинд IBO-ийн Дэлхийн аваргын бүсийг эзэмших боллоо. Энэ бол жинхэнэ эхлэл. Одоо Төгсцогт маань WBC дэлхийн аварга, “ Бага” Гэри Расселлтай тулалдана. Расселл дөрөвдүгээр сард тулалдахаар төлөвлөсөн байгаа. “Хаан” Төгсөө маань “Мистер” Расселлийг ялбал WBC -ийн Дэлхийн аварга болоод зогсохгүй WBA-ийн дэлхийн аварга “ El Terremoto” буюу “Газар хөдлөлт” хэмээх сүртэй хочит Лео Санта Круз-ийг ч “ирүүл” тулаанд дуудаж болно. Тэгвэл WBC, WBA гээд мэргэжлийн боксын хамгийн нэр хүндтэй, хамгийн үүх, түүх арвинтай хоёр холбооны ДЭЛХИЙН АВАРГА болох ч гаргалгаа байна даа.
Тиймээ Төгсөө чи чадлаа, чи чаднаа цаашид ч.

“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин.01.26.2019

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen