Н.ТӨГСЦОГТЫН дараалсан 10 ялалтын ТҮҮХ
Нямбаярын ТӨГСЦОГТ. Мэргэжлийн боксын рингэнд 2015 онд гарснаас хойш дөрвөн жилийн дотор 10 ялж, ялагдал гээчийг амсаагүй юм. Мэргэжлийн боксын мэргэжилтнүүд, алдарт Флойд Мейвезер хүртэл түүнийг амжилттай сайн тулаанч болно гэж дүгнэж буй. Н.Төгсцогтын сүүлийн хоёр тулаан нь мэргэжилтнүүдийн хэлснийг гэрчилнэ. Анх 2008 онд Азийн хүүхдийн наадамд хүрэл медаль хүртсэнээр сайн тамирчин болохоо баталсан тэрээр дараа ажил улсын аварга болж, Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байлаа. Ердөө 15-хан насандаа буюу 2009 онд Сонирхогчдын боксын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж мэргэжлийн спортынхны анхаарлыг татсан юм. Улмаар 2012 оны Лондонгийн олимпод алтан медалийн туузнаас атгаад алдсан түүхтэй. Энэ үедээ тэрээр ердөө 19-хөн настай байсан юм.
Анхны өрсөлдөгч Габриел Брекстон
Түүний эхний өрсөлдөгч нь Габриел Брекстон байв. АНУ-ын Виржиниа мужийн Ричмонд хотноо төрсөн тэрээр 2013 онд мэргэжлийн боксын ертөнцөд оржээ. Гэхдээ мэргэжлийн боксын замнал нь манай тамирчин шиг байгаагүй. Н.Төгсцогттой тулалдахаас өмнө 11 удаа ялагдаж, ердөө хоёрхон л удаа ялалт байгуулаад байсан юм. 2015 оны гуравдугаар сарын 13. Н.Төгсцогт мэргэжлийн боксын ертөнцөд анх удаагаа рингэнд гарав. Тэрээр өрсөлдөгчөө хоёрдугаар үед хүнд цохилтоор буулган авч тийм ч сул өрсөлдөгч биш гэдгээ зарлан тунхагласан юм. Түүний анхны өрсөлдөгч Н.Төгсцогтод ялагдсанаас хойш ялалтын бараа хараагүй явна.
Мануел Рубалкава
Түүний хоёр дахь тулаан нь Мексикийн боксчин Мануел Рубалкава байлаа. Мэргэжлийн боксын рингэнд 2012 оноос тулалдаж эхэлсэн тэрээр Н.Төгсцогттой тулалдах үедээ 14 тулалдаж, ердөө хоёр л ялалт байгуулжээ. Нэг ёсондоо замналын хувьд эхний өрсөлдөгчтэй нь тун төстэй. Хоёр дахь өрсөлдөгчөө буулган авахад тийм ч их хугацаа шаардагдсангүй. Эхний үеийн сүүлийн минутад техникийн илт давуугаар буулган авсан юм. Н.Төгсцогтын хоёр дахь өрсөлдөгч түүнд ялагдсаны дараа хоёр жилийн туршид ялалтын баяр тэмдэглэхгүй байсаар 2017 оноос хойш ялалт байгуулсан түүхтэй.
Артуро Бадилло
Н.Төгсцогтын гурав дахь өрсөлдөгч Артуро Бадилло өмнөх өрсөлдөгчдийг нь бодвол амжилт ялалтаар хамаагүй илүү байсан юм. Мексикийн Тихуана хотод төрсөн тэрээр Н.Төгсцогттой тулалдах үедээ 21 удаа ялалт байгуулж, ердөө долоон удаан хожигдоод байв. Мэргэжлийн бокстой 2007 оноос амьдрал, замналаа холбож байсан тэрээр замналынхаа эхний 17 тоглолтод дараалан ялалт байгуулж бокс сонирхогч, мэргэжилтнүүдийн анхааралд өртөж байсан тамирчны нэг. Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын рингэнд хөл тавьснаасаа хойш ийнхүү таван сарын дотор гурав дахь тулаанаа хийсэн нь энэ болсон юм. 2015 оны наймдугаар сарын 27-нд болсон тулаанд гурав дахь өрсөлдөгчөө гуравдугаар үед буулган авч дараалсан гурав дахь ялалтаа байгуулсан юм.
Педро Мело
Дөрөв дэх өрсөлдөгч болох Педро Мело өмнөх тулаанчдыг бодвол үг ихтэй, цөс ихтэй нэгэн байв. Мексикийн тулаанч Педро Мело түүнтэй тулалдахаас өмнө “Н.Төгсцогтыг гуравдугаар үед буулган авна. Миний туршлага түүнийхээс хувь илүү” гэж мэдэгдэж байв. Мэргэжлийн боксын рингэнд 2009 онд хөл тавьснаасаа хойш дараалсан ялалт байгуулж байгаагүй гэхэд зоригтой мэдэгдэл хийсэн нь энэ. Н.Төгсцогттой тулалдах үедээ 15 удаа ялж, 11 удаа ялагдан, хоёр удаа тэнцээд байжээ. 2015 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдөр болсон тулаанд өөрийнх нь хэлснийг өөр дээр нь хэрэгжүүл гуравдугаар техникийн илт давуугаар буулган авсан юм.
Хуан Руйз
Н.Төгсцогтын тав ахь өрсөлдөгч нь Хуан Руйз байв. Амжилт, ялалт, замналын хувьд өмнөх өрсөлдөгчдөөс хамаагүй илүү, хатуу самар таарсан нь тэр байв. Ирээдүйн дэлхийн аварга гэж үнэлэгдэж байсан тэрээр АНУ-ын Паномрама хотод төрсөн нэгэн. Мэргэжлийн боксын ертөнцөд 2000 онд хөл тавьснаасаа хойш 24 удаа дарааллан ялалт байгуулж нэр алдраа цуурайтуулаад байлаа. Энэ удаад мэргэжлийн боксын мэргэжилтнүүд Н.Төгсцогтыг ялалт байгуулж чадахгүй гэж үнэлж байсан нь гашуун үнэн. Хоёр боксчны тулаан 2016 оны тавдугаар сарын 05-ны өдөр болоход мэргэжилтнүүдийн бодол буруу байсныг батлан харуулав. Өмнөх дөрвөн тулааныг бодвол Н.Төгсцогт нэг раунд илүү тулалдаж дөрөвдүгээр раундтай золгосон. Тэрээр өрсөлдөгчөө дөрөвдүгээр үед хүнд цохилтоор буулган авсан юм. Энэ тулаанаас хойш Хуан Руйз тулалдахгүй байсаар мэргэжлийн боксоос зодог тайлж буйгаа зарласан билээ.
Рафаел Вазкез
Түүний зургаа дахь учраа нь мэргэжлийн боксын ертөнцөд оройтож хөл тавьсан ч хашир туршлагатай Рафаел Вазкез байв. Пуэрто Рикод төрсөн тэрээр 33 насандаа буюу 2010 онд мэргэжлийн тулаанаа хийж байжээ. Н.Төгсцогттой тулалдах үедээ хожигдол гээчийг ердөө хоёрхон л удаа мэдэрч байсан чадварлаг боксчин. 2016 оны долоодугаар сарын 15-нд хоёр боксчны тулаан болоход үр дүн олны таамаглаж байснаас тэс ондоо болж өнгөрөв. Н.Төгсцогт өрсөлдөгчөө ердөө нэг минут 24 секундын дотор буулган авсан юм. нэгдүгээр үед гурван удаа хүнд цохилтод оруулж техник, илт давуугаа олон хүнд харуулсан нь энэ байлаа. Хашир туршлагатай гэгдэх Рафаел Вазкез энэ тулаа дараа зодог тайлахаар шийдсэн юм.
Херман Мераз
Н.Төгсцогтын долоо дахь учраа нь Мексикийн тулаанч Херман Иван Мераз байв. Түүний хувьд мэргэжлийн боксд хөл тавьснаасаа хойш Мексикийн иргэншилтэй дөрөв дэх тулаанчтайгаа тулалдах болсон нь энэ юм. херман Мераз 2005 онд мэргэжлийн боксын рингэнд хөл тавьсан хашир туршлагатай тулаанч байлаа. Н.Төгсцогттой тулалдах үедээ 55 удаа ялалт байгуулж, 39 удаа ялагдан, нэг удаа тэнцсэн үр дүнтэй байсан гэдэг. Н.Төгсцогт түүнийг буулган авахад олон раунд тулалдах шаардлага байсангүй. Ердөө эхний үеийн төгсгөлд хүнд цохилтоор буулган авав. Херман Мераз тулааны дараа зодог тайлахаар шийдсэн ч хоёр сарын дараа мэргэжлийн боксдоо эргэн ирсэн билээ.
Жхон Хемино
Түүний найм дахь учраа нь Филиппин улсын харьяат Жхон Хемино байв. Түүний хувьд мэргэжлийн боксын рингэнд тулалдсан анхны Ази өрсөлдөгч нь байлаа. Өмнөх тулаанчдыг бодвол үе чацуу, 1992 оны тулаанч. 2009 онд мэргэжлийн боксын рингэнд хөл тавьснаас хойш 15 удаа ялалт байгуулан, долоон удаа хожигдож, нэг удаа тэнцсэн амжилттай байлаа. 2017 оны хоёрдугаар сарын 25. Энэ удаагийн тулаан хоёр боксчны хувьд маш хүнд байсан. Тэд 10 раундын турш хүч үзсэн. Хоёр тулаанч харилцан бие биенийгээ хүнд байдалд оруулж боксын ур чадвар, ажиллагааг хуран цугласан оронд харуулсан юм. Ур чадвар, хөлс, хүч шалгасан тулааны эцэст 10 дахь раундад Н.Төгсцогт өрсөлдөгчөө буулган авлаа. Тулааны дараа Хеминогийн багийнхан шүүлт будлиантай болсон тул дахин тулаан зарлах ёстой гэж мэдэгдэж байв.
Хармонито Дела Торре
Н.Төгсцогт мэргэжлийн боксын ес дэх тулаанаа АНУ-ын Завьер Мартинезтай хийх байсан ч тодорхойгүй шалтгааны улмаар тулаанд оролцох боломжгүйгээ зарласан юм. Хэдийгээр түүний дэвжээнийхэн нурууны бэртэл байсан гэж мэдэгдсэн одоо хүртэл эргэлзээтэй хэвээр байна. Ямар ч байсан нэгэнт товлогдсон тулаан болох ёстой тул өрсөлдөгчийг нь өөрчлөн Филиппинийн харьяарь Хармонито Дела Торретой ес дэх тулаанаа хийхээр болсон. Энэ удаагийн өрсөлдөгч нь яг л түүнтэй адилхан амжилттай, халгиж цалгисан тулаанч байлаа. Түүнтэй тулалдах хүртлээ 19 тулаан дараалан ялалт байгуулаад байв. 2017 оны арваннэгдүгээр сарын 19. Хоёр тулаанчийн тоглолт болох ёстой цагтаа болов. Шижигнэсэн амжилттай өрсөлдөгчөө Н.Төгсцогт ердөө хоёрдугаар раундад л хүнд цохилтоор буулган авав. Хоёрдугаар үед өрсөлдөгч нь хоёр удаа хүнд цохилтод орсон гэхээр тоглолтын дүн нь бараг тодорхой байсан гэхэд болно. Хармонито Дела Торре түүнтэй тулалдсанаасаа хойш тулаан хийхгүй байсаар жилийн ойн дээрээ буюу 2018 оны арванхоёрдугаар сард тулалдсан ч өрсөлдөгчдөө мөн адил ялагдаад байна.
Оскар Эскандон
Гялалзсан амжилттай Н.Төгсцогтын сүүлчийн хохирогч нь одоогоор Оскар Эскандон. Тэрээр одоогоос арван жилийн өмнө мэргэжлийн боксын ертөнцөд хөл тавьснаасаа хойш 25 удаа ялж, гурван удаа ялагдал хүлээгээд байсан юм. нэгэн цагт дэлхийн аваргын бүсийн төлөө өрсөлдөж, IBO-н бүс ч хүртэж явсан тэрээр энэ удаад Н.Төгсцогттой тулсан. Н.Төгсоцгт ялалт байгуулахад ердөө гурван раунд л хангалттай байсан. Тэрээр энэ удаагийн тулаанд өрсөлдөгчөө дөрвөн удаа хүнд цохилтод оруулж, тавь дахь дээрээ булган авснаар итгэл төгс ялалт байгуулсан юм. Халз тулаад ялагдсан Оскар Эскандон зодог тайлж магадгүй тухайгаа цухуйлгаж байсан ч тулаанаас хойш ердөө дөрвөн сарын дараа дараагийн тулаанаа хийсэн ч ялагдал хүлээсэн юм.