Оргил өөд тэмүүлэхүй: King Tug
Улаанбаатарын цагаар энэ долоо хоногийн ням гарагт буюу 1-р сарын 27-ны өглөө МУГТ Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дээрх ээлжит нэгэн тулаандаа оролцох гэж байна.
ЭНЭ ТУЛААН МАШ ЧУХАЛ. ЯАГААД ГЭЭЧ?
Мэргэжлийн бокс руу орсон цагаасаа хойш 10 тулаан хийхдээ 9-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчийн боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт IBO холбооны featherweight буюу хөнгөн жингийн аваргын бүсийн төлөө Клаудио Марреротой тулалдана. Хэдийгээр бид түүнийг ямар ч тулаанд оролцсон дэмжиж, үзэх боловч ямар ач холбогдолтойг нь мэдэх хэрэгтэй.
Мэргэжлийн боксд маш олон холбоо байдаг боловч WBA, WBC, IBF болон WBO гэсэн дөрвөн холбоо хамгийн том бөгөөд чухал нь юм. Өөрөөр хэлбэл эдгээр дөрвөн холбооны аваргын бүсийг эзэмшинэ гэдэг дэлхийн цуутай мэргэжлийн боксчин гэдгийн илрэл. Харин эдгээр холбоодын аваргын бүсийн төлөө хүч үзэх боломжийг энэ Ням гарагт болох тулаан олгох юм. Тив, бүс нутгийн холбоодыг оруулбал дэлхий дээр мэргэжлийн боксын 40 орчим холбоо бий. Хэдийгээр Төгсцогтын бүсийн төлөө хүч үзэх IBO гэх холбоо дөрвөн том холбоодын эгнээнд ордоггүй ч гэлээ нэр хүнд ач холбогдлоороо эдгээр холбоодын ард жагсана. Гэхдээ IBO дэлхий дээрх мэргэжлийн боксын холбоодын дөрөвт эсвэл дөчид жагсах нь чухал биш. Чухал нь юу вэ гэвэл хэрэв King Tug өрсөлдөгч Клаудио Маррерог ялж чадвал WBC холбооны хөнгөн жингийн аваргын бүсийг эзэмшигч Гари Расселлтай тулалдах эрхтэй болох юм. Жинхэнэ дэлхийн аваргын бүсийн төлөө гэсэн үг. Ганцхан өгүүлбэрт багтааж бичвээс Төгсцогт ялбал IBO-гийн аваргын бүсийг эзэмших ч гэлээ үүнээс илүү чухал зүйл нь дөрвөн том холбооны нэг болох WBС-гийн аваргын бүсийн төлөө хүч үзэх эрхтэй болох. Цаашлаад эдгээр дөрвөн холбооны бүгдийнх нь аваргын бүсийн төлөө ч хүч үзэх боломжтой болно.
ЭНЭ ХҮРТЭЛ KING TUG ЮУГ ТУУЛАВ?
Сонирхогчийн боксд өсвөр наснаасаа өөрийн нэрээ тод үлдээж, сонирхогчийн боксд 130 орчим тулаан хийсэн King Tug 2014 оны Инчеоны Азийн наадмаас хойш АНУ-г зорьж дараагийн адал явдлаа эрэлхийлсэн билээ. 2015 оноос эхлэн мэргэжлийн бокс руу шилжсэн King Tug өөрийн дасгалжуулагч, багш Жо Гүүссэнийг АНУ-д олсон нь түүний мэргэжлийн боксын амжилтын эхлэл байлаа. Танилцсан дариудаа л “Маргаашаас нэгийн эсрэг нэг бэлтгэл хийе” гэж хэлсэн багшийнхаа үгийг сонсоод Төгсцогт зөв дасгалжуулагчаа олсноо мэдсэн гэдгээ хэлсэн байдаг. Ингээд Флойд Мэйвитэр, Андре Берто, Амир Хан, Роберт Гуерреро нарын менежерээр ажилладаг алдартай промоутер Эль Хэймонтой гэрээ байгуулж энэ бүхэн эхэлсэн.
King Tug мэргэжлийн боксын дэвжээн дээр 46 сарын дотор 10 тулаанд “ердөө” 38-хан үе л тулалдсан. Ердөө гэдэг үг бичиж байгаагийн шалтгаан нь Төгсцогтын чадвар. Уг нь 10 тулааныхаа бүх үед нь тулалдсан бол 76 үеийн тулаан гарах байсан юм. Гэхдээ манай тамирчин өөрийн чадвараа тод харуулж 9 тулааныхаа өрсөлдөгчийг цагаас нь эрт цааш харуулжээ. Эхний хоёр тулаандаа Габрьэл Бракстон, Мануэл Рүбэлкава нарыг эхний үеүдэд нь унагаасан Төгсцогтын гурав дахь өрсөлдөгч дэлхийн аваргын бүсийн төлөө хүч үзэж байсан туршлагатай, 21-7 амжилттай яваа Артуро Бадилло байлаа. Харин Артурог Төгсцогт гурав дахь үед хүнд цохилтоор ялж шуугиан тарьсан юм. Дараа нь Педро Мелог дахин хүнд цохилтоор ялсан “Хаан Төг” тав дахь тулаандаа Хуан Риузийг мөн л хүнд цохилтоор яллаа. Энэ бол 54 тулаанд орсон Хуан Руизийн хувьд анх удаа хүнд цохилтоор ялагдсан тохиолдол болсон. Дараа нь Төгсцогт 16 ялж ердөө 2 л ялагдаад байсан Рафаел Васкесийг эхний үед гурвантаа тааз харуулж, шүүгч бушуухан ирж тулааныг эхний үед зогсоосон юм. Ингээд дараа дараагийн тулааны өрсөлдөгчдөө мөн л тааз харуулсаар явсан Төгсцогт 2017 оны 11-р сард ганц ч ялагдаагүй 19 ялсан, өөрөөсөө хоёр насаар дүү Хармонито Дэла Торретой тулсан юм. Хоёулаа маш их ирээдүйтэй хэмээн дэлхий нийтэд үнэлэгдэж байсан учраас хэн ялсан нь бокс сонирхогчдын хүлээлтийг улам өндөрсгөхөөр байлаа. Хэдийгээр эхний үед нэг удаа хүнд цохилтод орсон ч гэлээ 8 үеийн тулааны төгсгөлд 3 шүүгч санал нэгтэйгээр Төгсцогтын талд оноогоо өгсөн. Ийнхүү тэр мэргэжлийн боксын 9 дэх тулаандаа анх удаа хүнд цохилтоор ялсангүй. Миний мэдэх хөлбөмбөгөөр бол эхний 8 өрсөлдөгчөө 5-0 гэсэн үрд дүнгээр бөмбөгдөөд энэ удаа Дэла Торрег 3-0р хожсон гэж хэлж болно. Яагаад гэвэл гурван шүүгч гурвуулаа Төгийн талд оноогоо өгсөн юм чинь. Харин өмнөхүүд дээр нь шүүгч оноо өгөх биш үзэх л үүрэгтэй оролцсон.
Түүний хамгийн сүүлд хийсэн тулаан 2018 оны 5-р сард 25-3 гэсэн амжилттай, WBC холбооны дэлхийн аваргын бүсийн төлөө Гари Расселлтай зодолдоод ялагдсан Оскар Эскандон байлаа. Ялсан нь цааш дэлхийн аваргын бүсийн төлөө хүч үзэхэд тун ойртож, ялагдсан нь нэг алхам ухрах ёстой байв. Гэтэл яасан гээч ? Дэлхийн аваргын бүсийн төлөө Гари Расселл Оскар Эскандоныг долоон үед унагаасан бол Хаан Төг гуравхан үед л гүйцээсэн юм. Нийтдээ Эскандон Төгийн цохилтыг тэсэлгүй тавантаа газарт унасан бөгөөд шүүгч Кэйт Хьюз л түүний нүүрийг улам муухай болохоос эрт хамгаалж чадсанаар тулаан 3-р үед дууссан юм. Энэ тулааны дараа Нямбаярын Төгсцогт өөрийнхөө жингийн аваргуудыг тулаанд дуудсан.
Оскар Эскандоныг ялсныхаа дараа Төгсцогт: “Би IBF-н аварга (Жош Варрингтон), Гари Расселл (WRC-н аварга), WBO-н аварга (Оскар Валдес) эсвэл Карл Фрэмптон (WBO-н түр аварга) нарын хэнтэй ч хамаагүй тулалдмаар байна. Би хэнтэй нь ч хүч үзэхэд бэлэн байна. Би Эскандоны Гари Расселлтай хийсэн тулааныг үзсэн. Эскандон хэцүү өрсөлдөгч байсан. Гэхдээ би дэлхий нийтэд өөрийгөө аваргын бүсийн төлөө тулалдахад, 126 паунд (featherweight) эсвэл 122 паунд (super bantamweight)-н хэнтэй ч хамаагүй шинэ оноос өмнө тулалдахад бэлэн гэдгээ харуулахыг хүссэн юм” гэсэн билээ.
Ийнхүү тэрээр өнгөрсөн оны сүүлээр IBO холбооны аваргын бүсийн төлөө Клаудио Марреротой тулалдахаар болсон юм.
ТУЛААНЫ ӨМНӨ
Оскар Эскандоныг ялсныхаа дараагаар түүнийг жиндээ эхний арван тавд гарцаагүй жагсах боксчин гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн юм. Эскандоны эсрэг тулааны өмнө WBC-ийн чансааны 8-д жагсаж байсан бол одоо тэр тус холбооны чансаанд 6-д байна. Харин WBA, IBF холбоо түүний чансааг өнгөрсөн жил тогтоогоогүй байсан бол одоогийн байдлаар тэр WBA холбооны 7-д, IBF холбоонд 13-т тус тус эрэмбэлэгдэж байна. Харин WBO холбоо чансаагаа шинэчлээгүй байлаа билээ.
Түүний өрсөлдөгч Доминикан боксчин Клаудио Марреро 29 настай. Өмнө нь IBO холбооны аваргын бүс болон дээр дурдсан дөрвөн холбооны нэг болох WBA-гийн хөнгөн жингийн аваргын бүсийн “түр эзэмшигч” байсан. Мэргэжлийн боксд 25 тулаан хийснээс 23 ялж хоёр ялагдаад байна. Марреро 23 ялалтынхаа 17-г хүнд цохилтоор авсан бөгөөд хамгийн сүүлд 2018 оны 4-р сард Хорхе Лараг эхний үед хүнд цохилтоор ялсан, 2008 оны Олимпийн наадамд оролцож байсан тамирчин юм. Тулааны өмнө түүний менежер Луис ДеКубас: “Хоёр тамирчин хоёулаа довтолгооны машинууд. Энэ тулаан удаан өрнөнө гэж би бодохгүй байна. Марреро сүүлийн тулаандаа гайхалтай хүнд цохилтоор ялсан. Төг ч гэсэн аймшигтай хүнд цохилтоор унагасан. Хоёулаа л дэлхийн аваргын бүсийн төлөө тулалдахыг хүсч байгаа. Ялагч нь 126 паундын “аюул” болох болно” гэж хэлсэн юм. Харин Клаудио Марреро өөрийгөө 126 паундын дэлхийн хамгийн аюултай боксчин хэмээн дүгнээд амжсан.
Энэ өдөр гурван том тулаан болох бөгөөд оройн оргил тулаан WBA холбооны welterweight буюу хоёрдугаар хагас жингийн аварга Кэйт Турман 22 сарын дараа рингэн дээрээ эргэн ирж Хосесито Лопесийн эсрэг тулалдана. Гэхдээ дэлхий нийт энэ хоёрын тулаанаас илүү Клаудио Марреро болон Нямбаяр Төгсцогт нарын тулаан оройн оргил тулаан болж магадгүй гэж хүлээж байгаа юм. Хэрэв King Tug ялбал дээр дурдсанчлан WBC-гийн аваргын бүсийн төлөө Гари Расселлтай тулалдах болно.
ТЭГВЭЛ МОНГОЛЧУУД Н.ТӨГСЦОГТЫН ЭНЭ АМЖИЛТЫГ ҮЗҮҮЛЖ БАЙВ УУ?
Дэлхий нийт сайн мэдэх мэргэжлийн боксын Монгол хоёр тулаанч бий. Нэг нь МУГТ Чойжилжавын Цэвээнпүрэв буюу дэлхий нийтэд “Монгол дайчин” хочоор алдаршсан “Чой” хэмээн нэрийддэг боксчин. Британид хүндлэгдэн гарч ирсэн Чой дайчин маань Их Британийн спортын СкайСпортс телевизийн 2008 оноос санаачлан зохион байгуулсан Prizefighter хэмээх мэргэжлийн боксын цуврал тэмцээнд түрүүлсэн юм. 2015 он хүртэл болсон энэ мэргэжлийн боксын тэмцээн нийт 34 цуврал болсон бөгөөд 2011 онд болсон 22 дахь цувралд нь Цэвээнпүрэв 40 насандаа түрүүлсэн. Тэр тэмцээнээс өмнө гавьяат тамирчин маань IBO холбооны бүсийг эзэмшиж байсан Жэксон Асикуг ялж тухайн жилийнхээ Британийн хамгийн шилдэг тулаануудын нэгийг хийж байлаа. Өмнөд Солонгос, Тайландаар арван үеийн тулаануудыг хийж мэргэжлийн боксын гараагаа эхэлж байсан Чой нийт 44 тулааныхаа 36-д нь ялсан. Ердөө 7 ялагдсан байдаг. Нэг ялагдал нь Тайландад WBC, WBA холбооны ирээдүйн аварга Вийрапол Сахапромын эсрэг тохиож байлаа. Их Британид очихоосоо өмнө Финланд, ОХУ, Өмнөд Солонгос, Тайланд, Индонез орнуудаар тулалдаж явсан МУГТ Цэвээнпүрэв WBFo холбооны аварга болж бүсээ хоёр ч удаа хамгаалсан. Мөн WBU холбооны аварга болж байлаа. WBC холбоо 2010 оноос silver title хэмээх шинэ нэр томьёо гаргаж ирсэн нь interim буюу түр хугацааны аваргын бүсийг эзэмшигчдээ ийнхүү нэр өгсөн байдаг. Гэхдээ silver бүсийг эзэмшигч “жинхэнэ” аваргын бүсийн төлөө хүч үзэх боломжгүй. Тэр 2012 онд WBC silver бүсийг эзэмшиж байв. Энэ Ням гарагт МУГТ Төгсцогтын тулалдах IBO холбооны аваргын бүсийн төлөө 2012 оны сүүлээр Цэвээнпүрэв Дауд Иордантай тулалдаж ялагдаж байлаа. 2013 онд мөн WBC Silver бүсийн төлөө хүч үзснийг нь Монголчууд бид мөн л шаагилдан үзэж байсан. 2014 оноос хойш өдгөө 47 настай Чойжилжавын “Чой” Цэвээнпүрэв гавьяат маань тулалдаагүй байна. Хэдийгээр хамгийн эхэнд бичсэн дөрвөн холбооны дэлхийн аваргын (silver биш) аль нэгнийх нь бүсийн эзэмшиж байгаагүй ч гэлээ 40 дөхсөн хойноо WBU, WBC silver бүсүүдийг эзэмшиж, олон Монгол тамирчдад итгэл найдвар бэлэглэсэн шилдэг тулаанч.
Харин нөгөө тамирчин нь дэлхий нийтэд Lakva Sim хэмээн алдаршсан МУГТ Дугарбаатарын Лхагва юм. Тэр бол Монгол улсаас шилдэг дөрвөн холбооноос дэлхийн аварга болсон цор ганц боксчин. Гэхдээ зөвхөн дэлхийн аварга төдийгүй хоёр ангилалд дэлхийн аварга болж байсан юм. Нийтдээ 25 тулаан хийдээ 21-т нь ялж, түүнийхээ 18-г хүнд цохилтоор буулган авсан Лхагва мэргэжлийн боксын дэвжээн дээр хөл тавиад ердөө зургаахан тулааны дараа буюу 1997 онд WBA-н super featherweight жингийн аваргын бүсийн төлөө хүч үзэж байлаа. Хэдийгээр өрсөлдөгчдөө ялагдсан ч гэлээ 2 жилийн дараа авч чадаагүй бүсээ авсан байдаг. Бүсээ хамгаалах тулаан ялагдсан ч Лхагва lightweight жин рүү орж 2004 онд WBA-н өөр нэгэн жингийн аваргын бүсийг эзэмшдэг болсон. Хамгийн сүүлд тэрээр 2005 онд мэргэжлийн боксын рингэн дээр тулалдаад байгаа юм. Ийнхүү тэр шилдэг дөрвөн холбооны нэг WBA-н хоёр өөр жингийн аварга болж чадсан боксчин.
KING TUG ЮУГ БАТЛАХ ЁСТОЙ ВЭ?
Түүнийг 2014 оны Инчеоны Азийн наадмыг дуусгаад аравхан хоноод Америкийг зориод мэргэжлийн бокс руу ороход олон хүн гайхаж хоцорсон. Халаглах нь халаглаж, харамсах нь харамсч, хараах нь ч хараасан. Эх орныхоо нэрийг Олимпийн аварга боллоо гээд мандуулах байх гэсэн чинь мөнгөө хөөлөө, Монголын нэрийг хөсөр хаялаа гээд л наад захын үзэгчээс начир учрыг нь ойлгодог доторх хүмүүс нь ч шүүмжилж байлаа. Учиг мэдэх нэг нь түүнийг зөв замыг сонголоо ч гэж байсан.
Уг нь түүний сонирхогчийн боксын зорилго Олимпийн аварга байсан. Хэрэв 2012 оны Олимпоос алтан медал авчихсан бол шууд л мэргэжлийн бокс руу орчихсон байсан биз. Гүйцэлдүүлж чадаагүй зорилгоо 2016 оны Риогийн Олимпид гүйцээнэ гэж зорьж байсан ч сонирхогчийн боксын олон улсын тэмцээнүүд шантрахад хүргэсэн. Арга ч үгүй. Казакстанд болсон Армийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөө илт илүүрхэж байхад нутгийн тамирчинд ялалт өгсөн, Казакстанд энэ явдал дахиад ч давтагдсан. 2009 оны дэлхийн аваргын алтан медалийн төлөө Пуэрто Рикогийн Аррояотой тэнцүүхэн үзэж байсан хирнээ 2:18р ялагдсан. Ижилхэн үзэлцээд хоёрдугаар үе дуусахад 2:10р ялагдаж байгаагаа харсан тамирчинд цаашдаа сонирхогчийн боксоор хүч үзье гэсэн итгэл төрөх үү ? Шүүлт нь ийм байхад хэчнээн бэлтгэл хийгээд ч яах билээ. Сонирхогчийн боксд чинь илт давуу, дэлхийн хамгийн шилдэг байж, рингэн дээр өрсөлдөгчөө улаан нүүрлэтэл нь зодсон ч гэлээ ялж болдоггүй болчхоод байхад жинхэнэ тулаан руу урвах нь буруу байсангүй.
Түүнд батлах зүйл үлдээгүй. Энэ хүртэлх үзүүлсэн түүний амжилт мэргэжлийн бокс руу орсон шийдвэр тун чиг зөв байсны хангалттай баталгаа. Мэргэжлийн бокс руу ороход нь буруутгасан, шүүмжилсэн, гомдсон спорт сонирхогч, үзэгчид, тамирчид одоо түүнийг алс холын АНУ-д Монголын нэрээ мандуулж явахыг хараад баярлаж сууна. Төгсцогтын авьяас чадвар түүнийг мэргэжлийн боксын дэлхийн аварга боломжин дээр аваачлаа. Цаашилбал бусад дэлхийн бүх шилдэг холбоодын аварга суух ч боломж түүнийг алгаа тосоод хүлээж байна. Нямбаярын Төгсцогтын авьяас чадварын гэрчилгээ нь энэ. WBC-гийн дэлхийн аварга болохын төлөөх тулаанаас ганцхан алхмын өмнө зогсож байна.
Өнгөрсөн оны 5-р сард Оскар Эскандоныг ялсныхаа дараа King Tug “Би түүхийг бүтээхийг хүсч байна. Хурдан хугацаанд дэлхийн аварга болохын төлөөх аяны минь турш ард минь дэмжин зогсож байгаа эх орон минь байгаад маш их баяртай байна” гэж хэлсэн. Харин одоо Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчийн боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Нямбаярын Төгсцогтынхоо мэргэжлийн боксын рингэн дээр хийх “маш чухал” тулааныг бид хүлээх л үлдлээ. Эх орон нь ард нь хэрхэн зогсож, дэмждэгийг дэлхийд харуулъя. Энэхүү тулааныг албан ёсны эрхтэйгээр NTV телевиз эх орон даяар шууд дамжуулан үзүүлнэ. NTV телевизийн фэйсбүүк хуудсаар live гарна.
Монголчууд бид чинь дээлний чинь захыг мушгин сууж байна.
Дэлхийд Монголын нэрийг дахиад нэг тамгалаад өг, Хаан Төг минь.
Урагшаа !
“King Tug” тулаанд бэлэн!