Флоридагийн тамирчин охин Макензи Мэсоны амьдралын төлөөх тэмцлийн түүх

Флоридагийн тамирчин охин Макензи Мэсоны амьдралын төлөөх тэмцлийн түүх

 

Миний нэрийг Макензи Мэсон гэдэг. Би 19 настай, Флоридагийн их сургуулийн оюутан, тамирчин ба миний бие одоогоор сэтгэл гутрал, сэтгэл түгших эмгэгтэй тэмцэж байна.  Энэ байдал миний цаашид хэвийн суралцах чадварт нөлөөлж эхэлсэн тул өнгөрсөн 9 дүгээр сард Нашвилл дэх гэртээ харьж, өөрийн сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарахаар шийдсэн.  Гэвч, гэртээ харьснаар асуудал шийдэгдэнэ байх гэсэн итгэл найдвар, горьдлого минь талаар болж байгааг мэдэрсэн юм.  

 

Ирснээсээ хойш хэдэн долоо хоног сэтгэлзүйн эмчилгээнд явж байснаа орхисон. Энэ бол “NFL (Үндэсний мэргэжлийн хөлбөмбөгийн лиг)ийн тоглогч Соломон Томасийн эгч Элла амиа хорложээ” гэсэн мэдээг ээж надад дуулгаснаас болж би сэтгэл гутралд улам гүн орсонтой холбоотой байсан юм. Уандербилтийн их сургуулийн хөлбөмбөгийн ахлах дасгалжуулагч болохоосоо өмнө миний аав Дерек Мэсон (Derek Mason) Cтенфордийн хөлбөмбөгийн дасгалжуулагч байсан юм. Аав Соломоныг анх багтаа хэрхэн авч байсан нь одоо ч нүдэнд тод харагддаг. Тэгэхэд би 12 настай байв. Тэр үеэс Соломон эгчтэйгээ маш дотно, байнга л зургаа хамт авахуулж байсныг мэдэх билээ. Эгч нь надад маш үзэсгэлэнтэй, их гоё эмэгтэй гэж санагддаг байв. Түүний үхэлд би тэгтлээ шаналах ёсгүй байсан байх л даа. Гэхдээ сэтгэл гутрал үхэлд ч хүргэж болдог эмгэг гэдгийг ихэнх хүн анзаардаггүйг би улам ойлгосон.  

 

Тийм учраас өвчнийг өөрийн биеэр туулж байгаа хүний хувьд олон нийтэд дэлгэе гэж шийдсэн. Хэрвээ Соломон өөрийн гэр бүлийн амьдралд тохиолдсон сэтгэлийн шархаа бусадтай хуваалцаж чадсан бол, би ч мөн өөрийн түүхээ эрт хуваалцах байлаа. Ингэснээр сэтгэл гутралаар шаналж буй хүмүүс, эсвэл хайртай дотны хүмүүсийнх нь нэг нь энэ эмгэгээр шаналж байгаа бусад хүн Томасийн гэр бүлд тохиолдсон уй гашууг заавал туулах албагүй байж болох юм.  Хэн нэгнийг амиа хорлосныг сонсоод сэтгэл гутралтай байсныг нь хүмүүс мэдэж, хүнд үед нь тусалж чадаагүйдээ ихэвчлэн харамсдаг. Үүнийг л өөрчлөх хэрэгтэй. 

 

Сэтгэл гутралд өөрөө орж үзээгүй хүн “амиа егүүтгэх” гэдэг утгагүй зүйлийг яагаад зарим хүн сонгодог болохыг ойлгоход хэцүү байдгийг би мэдэж байна. Сэтгэл гутрал гэдэг эмгэг таны уураг тархийг ямар ч ул суурьтай шийдвэр гаргах чадваргүй болгодог тэр цэгт нь хүргэдэг учраас л тэд үүнийг хийдэг юм шүү. 

 

Мэсон аав, эгчийн хамт 2007 онд Сидней хотод авахуулсан зураг

 

 

Хүүхэд байхдаа аз жаргалтай охин байлаа, би. Гэхдээ миний хүүхэд нас тийм ч жирийн байгаагүй. Аавтайгаа би их дотно, түүний хийдэг бүх зүйлд дурладаг хүүхэд байв. Тэр үе надад юугаар ч орлуулашгүй үнэ цэнэтэй. Би яг "Remember the Titans"-д гардаг Шерил гэдэг бяцхан охин шиг л аавтайгаа хөлбөмбөгийн тухай ярилцаж, ажил дээр нь даалгавраа хийн, кино үздэг байлаа. Түүний баг хожигдвол би асгартлаа уйлна. Түүний ажилтай холбоотойгоор манайх дандаа л нүүнэ, энэ болгон надад хүндээр тусдаг байв. Би өөрийгөө хэн бэ гэдгээ хэзээ ч олигтой мэдэж чадаагүй юм. Аав минь Стенфордод ажилд орж, бид Калифорни руу нүүснээр нэлээд өөрчлөлт гарсныг л санадаг. Би дунд сургуульд элссэн тэр үеэс ямар ч шалтгаангүй, дандаа л гунигт автдаг болсон юм. Айхтар зүйл тохиолдоогүй ч уйлмаар, бусдаас өөрийгөө тусгаарламаар санагддаг байв. 12 нас хүрэхэд өөрийгөө үхмээр, ямар ч үнэ цэнэгүй амьтан гэж бодох болсон. Наймдугаар анги, улмаар ахлах сургуульд элсэх хүртэл би арай дээрдэж, баяр байсгалантай байдаг болсноо санаж байна. Өөрийгөө хэрэгтэй хүн гэдгээ мэдэрдэг болсон. Намайг ахлах сургуулийн сурагч болсон жил аав минь Стенфордоос Уандербилт рүү ахлах дасгалжуулагчаар явах болсон нь надад их хүнд туссан юм. 

 

Калифорнид би олон найзтай болж, өөрийгөө овоо тоодог болж байсан үед Тенниси рүү нүүх болсноор миний хямарлын үе дахин сэдэрсэн. Эхний улирал бол үнэндээ эрүү шүүлт шиг л өнгөрөв. Стенфордод нэг жилд тохиосон хожигдлын тоог аавын баг зөвхөн нэг улиралд давуулсан юм. Аавын минь тухай нийгмийн сүлжээнд явж буй сөрөг мэдээг харах надад үнэхээр хэцүү байв. Хэдийгээр түүний ажил ийм байж болно гэдгийг ойлгож байсан ч “Дасгалжуулагчийн охин хүчиндүүлээсэй” гэх зэрэг үл таних твиттер 16 настай охины хувьд том цохилт болж байв. Иймэрхүү зүйлс шинэ газарт нүүж очсон миний сэтгэлийн шарх, гутралыг улам нэмэгдүүлсэн юм. Сэтгэлээ нээхийн оронд би улам бүр тусгаарлаж байлаа. Сургуулийн хөлбөмбөгийн тоглолт, бусад арга хэмжээнд би хэзээ ч очдоггүй байв. Үхчихмээр бодол орж ирнэ. Гэхдээ өөрийгөө  хийж чадна гэж хэзээ ч санаж байгаагүй. 

 

Флоридагийн их сургуульд оюутан болсноор миний амьдрал арай дээрдэнэ гэж бодож байлаа. Буржгар үснээсээ болж усанд сэлэхгүй, харин бусад бүх спортод би тоглодог байв. Багийн спорт надад зорилго, хамт олонтой гэдгийг мэдрүүлдэг учраас тэр. Дасгал хийхэд хэсэг зуур ч гэсэн сэтгэл тайван болдог тул би дуртай. Аажмаар би лакрос тоглодог болж, улмаар Флоридагийн их сургуулийн коллежийн багт орох завшаан тохиов. 

 

Багаасаа л спортод ойр өссөн надад коллежийн шигшээ багт орно гэдэг мэдээж том мөрөөдөл байлаа. Гэрээс хол, коллежийн амьдралд дасах том сорил гэдгийг мэдэж байсан ч санаснаас гайгүй эхэлсэн нь энэ. Гэвч нэгдүгээр улирал дуусахын алдад бүх зүйл муугаар эргэв. Би маш их айдас түгшүүрт автаж, итгэл найдваргүй нэгэн болж хувирав. Миний цагийн хувиар өглөө 05 цагт дасгал, тэгээд хичээл, өдрийн хоол, дахин хичээл, 3-6 цагийн хооронд дасгал, оройн хоол, гэрийн даалгавар эсвэл давтлага гэсэн хувиараар өнгөрнө. Маргааш нь энэ бүхэн яг давтагдана. Үүн дээр өдөр тутмын амьдралаа зохицуулах, бусадтай уулзах, гэрээ санах, эсвэл ганцаардлаа зохицуулах зэрэг олон зүйл нэмэгдэнэ. 

 

Сэтгэл гутралтай хүнд гутлын үдээсээ үдэх хүртэл хэцүү, ялангуяа ганцаараа 18 цагийн туршид завгүй сурч, ажиллах үед. Хэрэндээ л би хичээж байлаа. Амралтын хэдэн өдрийг орондоо өнгөрөөнө. Ямар нэгэн зүйл буруу байгааг мэдэрч байсан ч би энэ талаар хэн нэгэнд хэлж зүрхлэхгүй байв. Тэд намайг яаж ойлгож чадах билээ. Надад сайхан гэр бүл, сайн эрүүл мэнд заяасан, бас мөрөөдлийн коллеждоо шигшээ багийн тоглогч болсон. Надаас хэцүү байдалтай олон хүн байгаа тул үнэндээ надад гунигтай байх эрх байхгүй.  Тэр үед өөрийнхөө байдлыг “сэтгэл гутрал” гэж үзэлгүй, арай гайгүй мэт санагддаг, нөгөөтэйгүүр энэ нэршилтэй холбоотой сөрөг ойлголттой тулахаас би эмээсэн хэрэг.  

2017 оны 12  дугаар сард амиа хорлох оролдлого хийх мөч хүртэл өөрийгөө сэтгэл гутралтай гэж боддоггүй байсан юм. Энэ явдал миний хувьд том дохио, бусдаас яаралтай тусламж хэрэгтэй болж гэдгээ ухаарсан үе болсон. Сэтгэл гутралаас болж өмнөх улирлын бүх хөдөлмөр талаар болох тул шалтгалтаа дуустал сургуулиа орхиж явахыг хүсээгүй. Сүүлийн шалгалтаа өгчихөөд гэр лүүгээ нисч, эмнэлэгт шууд хэвтсэн. 

Амралтын үеэр шаардлагатай бүх эмчилгээнд орж, 1 дүгээр сард буцаж суралцахыг би их хүсч байлаа. Өвчнөөс болж мөрөөдлөө талаар болгохыг би хүсээгүй юм. Эргээд бодоход, эрүүл мэнддээ арай илүү цаг зарцуулах байжээ гэдгийг ухаарсан. 

Сургуульдаа ч очлоо, хаврын семестрийн туршид долоо хоногт гурван удаа эмчилгээнд явах ёстой тул багаасаа түр чөлөө авсан. Гэтэл спортоос, багаасаа холдсон нь надад илүү их ганцаардал бий болгосныг ойлгов. Найз нартаа юу гэж хэлэхэв, тэднээс хэрхэн дэмжлэг хүсэх вэ гэдгээ бодохоор сэтгэл шанална. “Намайг солиотой гэж хүмүүс бүү бодоосой” гэсэн бодол бас зовооно. 

Дахин ганцаараа байх мэдрэмж намайг хоёр дахь удаа амиа егүүтгэх оролдлогод хүргэсэн юм. Энэ талаар хэдэн сарын дараа л би ам нээсэн. Маргааш өглөө нь сэрэхэд бие нэг л хөшингө, яагаад их өвдөөд байгаагаа гайхаж байснаа одоо санаж байна.  

Энэ үедээ ч хүнээс тусламж гуйхгүй байхаар шийдсэн. Учир нь олон удаа сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн ч дорвитой өөрчлөлт гараагүй тул мухардалд орсон. Үлдсэн амьдралдаа өөрийн нөхцөл байдалтай эвлэрч явахаас өөр аргагүй гэж би бодох болсон. 

Би маш их өвдөлт мэдэрсэн тэр үедээ “Хэрвээ амьд үлдвэл, бусад хүмүүс над шиг чимээгүй шаналах байдлыг төгсгөл болгохын тулд өөрийн бүх хүчээр, боломжит бүх зүйлийг хийнэ гэж шийдсэн.

Зуны турш Гейнесвиллд өнжиж, өнгөрсөн 9 дүгээр сард хичээл эхлэхэд би даваад гарна даа гэж бодож байлаа. Гэвч эцэст нь сэтгэл гутрал миний хийх дуртай зүйлс, ажлын чадварт нөлөөлсөн хэвээрээ. Тэр үед гэртээ харьж, аав ээжийнхээ хажууд биеэ сайжруулах хэрэгтэй юм байна гэдгийг мэдсэн. Энэ мэдээж хялбар байгаагүй. Ямар ч хүч тамиргүй сэрнэ. Бие маш их өвдөж, үхэх гэж байгаа мэт мэдрэмж төрнө. Миний амьдрал төгсөх тийшээ явж байгааг аав ээж хоёр минь хүртэл мэдэрсэн. “Эргэж ирэхэд амьгүй болчихсон байх вий” гэсэн айдсаас болж ээж маань миний хажуунаас салдаггүй байсан тухайгаа дараа нь хэлсэн юм. 

Бусад хүмүүс таныг “Сул дорой байдлаас болж энэ бүхэнд хүрсэн” гэж боддог учраас та ч гэсэн сэтгэл гутралын талаар ярихаас эмээдэг. “Бүх найз нөхдөө чи алдсан” гэж миний сэтгэл гутралд орсон тархи хэлсэн учраас үүнийг давж гарах улам хэцүү болж байсан. Маш хүнд үедээ ээждээ нулимс дуслуулан байж “Эдгэршгүй хүнд өвчтэй хүн ч амьдралын төлөө тэмцдэг... Тэдний ард бүхэл бүтэн тосгон зогсож дэмждэг” гэж хэлж байснаа би мартдаггүй юм.  

Эхний удаагийн оролдлогын дараа эмнэлэгт байхад над шиг асуудалтай янз бүрийн хүмүүстэй хамт байсан. Сэтгэл гутралтай, сэтгэл түгшилттэй, хоёр туйлт эмгэгтэй гээд эвгүй гэмээр “оноштой” хүмүүс нэг дор нийлсэн ч, бие биедээ гэрэл гэгээ бэлэглэж байсаан, тэд. 

Бид бүгдээрээ адилхан харанхуйд амьдарсан, ганцаардсан, итгэл найдвараа алдсан хүмүүс. Бид бүгд өөрсдийн түүхээ ярин сэтгэлээ онгойлгож, бие биедээ нээлттэй байж, урам хайрлаж байсан. Хамгийн гунигтай үнэн нь энэхүү байшингаас зарим хүн гармагц ямар ч дэмжлэггүй гэртээ харина гэдгийг би мэдэж байсан юм. Харин миний хувьд, дэмжиж ойлгодог аав ээжтэй тул би өөрийгөө азтай гэж үздэг, харин бүх хүнд ийм орчин байхгүй билээ. Дэмжих орчинтой ч эмчилгээ хайх, эмчилгээнд ороход хүндрэл гардаг. Эмчилгээ урт хугацаа шаарддаг, заримдаа сэтгэлээр унах тохиолдол ч гарна. 

 

Мэсон эгчийн хамт 2016 оны хавар авахуулсан зураг 

 

 

Амиа егүүтгэсэн тохиолдлын талаар хэвлэлээр шуугихад сэтгэл гутралтай хүмүүс бусдаас тусламж авах ямар чухлыг зарим хүн нийгмийн сүлжээгээр үнэн сэтгэлээсээ зөвлөж байгаа харагддаг. Гэвч тэдний ойлгодоггүй зарим зүйлс бий. Хэрвээ та харанхуйд байгаа бол тусламж авах тухай бодохгүй. Яагаад тусламж хайх гэж? 

Миний хувьд өөрт хэрэгтэй бүх эмчилгээг туршсан гэж боддог. Эм ууснаар ихэнх хүний амь нас аврагддаг. Эм надад үйлчлээгүй, харин эсрэгээрээ миний сэтгэл санааг улам дордуулаад байх шиг санагдсан. Сэтгэл заслын эмчилгээ хийлгэхэд сайхан байсан боловч тодорхой цэгт хүрээд бас зогссон юм.  

Энэ л надад яг тохирсон гэсэн эмчилгээгээ олтлоо бас урт зам туулсан. Үнэндээ  бууж өгөхийг би хүсч байсан ч, аав ээж минь тэгэхийг хүсээгүй. Миний ээж эмчилгээний эрэл хайгуул хийх явцад неврофийдбек гэдэг мэдрэлийн хариу урвалын дасгал хийж туршихыг нэг эмч зөвлөсөн гэсэн. 

Тархины бичлэгээр миний тархины зарим хэсэгт хэт идэвхжил, харин заримд нь хэт бууралт байгаа зураглал тогтоогдсон. Энэ байдал миний сэтгэл хөдлөлөө удирдах, аз жаргалыг мэдрэх чадвар, олон үйлдэл зэрэг хийх чадварт нөлөөлдөг байжээ. Мөн сэтгэл түгших, нойргүйдэлд хүргэхэд ч нөлөөлдөг.  

Өөрийн тархины талаарх мэдээлэлтэй болсон нь надад нэлээд эерэг өөрчлөлт авчирсан. Би өөрийгөө яагаад ийм байна вэ гэдгээ ойлгоход минь тус болсон юм. 

Мэдрэлийн хариу урвалаар та олон электрод бүхий малгай толгойдоо углангаа кино үздэг. Хэрвээ таны тархины импульс дамжуулалт хэт хурдан, эсвэл удаан бол кино зогсоно. Энэ төхөөрөмж нь амьсгалаа хэрхэн хянах, мөн киногоо зогсоохгүй үзэхийн тулд тархины үйл ажиллагаагаа хэрхэн зохицуулахыг зааж сургадаг нэг төрлийн дасгал юм. 

Энэ эмчилгээтэй хавсран сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, PTSD сэтгэл санааны хүнд цохилтын дараах стресст эмгэгийн үеийн эмчилгээ болох Альфа-Стим (Alpha-Stim®)  хийлгэж байв. Альфа-Стим бол миний тархинд альфа долгион нэмэгдүүлж сэтгэл их гутарсан, айж түгшсэн үед тайвшрах боломжийг олгодог. Эдгээр эмчилгээний хажуугаар сэтгэлзүйчийн зөвлөгөө авч байсан нь их нэмэртэй байсан. Би дахин амьдарч байгаа мэт санагдаж, эргээд өөрийгөө олж байгаадаа баяртай байна. Энэ эмчилгээг хийлгэж эхэлсэн нь хамгийн гол нь байлаа. 

Есдүгээр сард сургуулиа орхин гэртээ ирснээс хойш хичээлээ цахимаар хийж эхэлсэн нь миний хувьд боломжийн байгаа. Өнгөрсөн жил хичээлээс хоцорно гэж айлгүйгээр гэртээ байж, эрүүл мэнддээ хангалттай удаан анхаарах ёстой байжээ гэдгээ одоо л ойлгож байна. Хэн нэгэн яг одоо над шиг байдалд орсон байгаа бол, эмчилгээнээс чухал зүйл байхгүй шүү гэдгийг захиж хэлмээр байна. 

Ажил, сургуулиа түр орхиод өөрт хэрэгтэй байгаа тусламж хайхаасаа бүү ичээрэй. Хамгийн чухал зүйл бол амьд байх шүү. Эмчилгээний дараа амьдралаа үргэлжлүүлэхэд оройтохгүй. Ойр дотны хүмүүс нь сэтгэл гутралтай байгаа найзууддаа хандаж хэлэхэд тэднийг ойлгож, дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлэхийг хичээгээрэй. 

Тэд өөрөөрөө байж үнэхээр чадахаа больсон, ухаалаг шийдвэр гаргах тэнхэлгүй болсон байгаа шүү гэдгийг санаарай. Тэдэнд хүнд үе таарахад та бүхний дэмжлэг хэрэгтэй, бүү бууж өгөөрэй.  Энэхүү эмгэгээр шаналж буй хүүхэдтэй эцэг эхчүүдээ, итгэл найдвартай, тэвчээртэй хэвээрээ байгаарай. 

Миний дасгалжуулагчид, багийн хамт олон үнэхээр их дэмжиж байсан нь надад үнэхээр агуу байсан шүү. Энэ сарын эхээр сургуульдаа буцаж очоод, эхэн үед хичээлдээ аажмаар дасах зорилготой байгаа. Орчиндоо итгэлтэй болсны дараа лакросс багтаа эргэж орно оо. Өмнө нь надад ямар ч итгэл байгаагүй бол, энэ удаа өөр болсон. 

Миний энэ түүх бусад хүний тусламж, дэмжлэг авахаас эмээж, асууж чадахгүй байгаа хүмүүст чухал хэрэгтэй гэж би итгэж байна. Элла шиг гайхалтай хүмүүсээ цаг бусаар дахин алдахгүй байхын төлөө би туслахыг хүсч байна. 

Сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл гутралын талаар одоо байгаагаас илүү нээлттэй ярьдаг болгохыг би их хүсч байна. Бусдаас ичиж, муу нэртэй болохоос эмээн сэтгэл гутралаар шаналж буй олон хүн хорвоог орхиж байна. Энэ бол жинхэнэ асуудал юм.  Үүнийг зогсоох хэрэгтэй. 

Яг одоо шаналж байгаа хүмүүст “Бүү бууж өгөөрэй” гэж би хэлмээр байна. Би яг та  нартай адил байсаан. Харанхуйг та ганцаараа л мэдэрнэ. Сэтгэл гутрал бол хүний итгэл найдварыг хулгайлдаг. Сэтгэл гутрал миний хайртай олон зүйлсийг надаас холдуулж авсан ч, би цаашид тэмцсээр байх болно. Өөрийн амьдрал, аз жаргалын төлөө тэмцээрэй. Зогсолтгүй л тэмцээрэй. 

Эх сурвалж: 

www.espn.com

Орчуулсан: Т.Тэргэл

Times.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen