Оффшорын "Загалмайлсан эцэг" С.Баярыг илчлэгч "Петровис"-ын Ч.Давааням гэж хэн бэ

Улс төр, бизнесийнхнийг хэрсэн аалзны шүлс эхнээсээ хөвөрч эхлэв бололтой. Учир нь төрийн томчуудыг санхүүжүүлдэг, Ерөнхий сайд асан С.Баярыг олон тооны байраар спонсорлосон, “НИК”-ийн хууль бус хувьчлалтай холбоотой гэх зэргээр хардлагад өртөж ирсэн ч хууль хяналтын байгууллагын овоо хараанд барагтай онилогдож үзээгүй нэгэн эрхэм Хорих 461 дүгээр хорих ангид саатуулагдав. Хууль хяналтын байгуулагын санаандгүй сонголтын эзнээр тодорсон энэ эрхэм бол “Петровис”-ийн ТУЗ-ийн дарга асан, түүний охин компани болох “НИК” компанийн ерөнхий захирал асан, “Петровис” группийн хувьцаа эзэмшигч Ч.Давааням болон түүний  эхнэр С.Шагдардулам нар юм. Тэднийг өчигдөр үдийн алдад АТГ-аас дуудаж байцаалт авч, компанийнх нь байранд нэгжлэг хийсэн. Улмаар Ч.Даваанямыг ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид саатуулснаар үе үеийн улстөрчид тэр дундаа экс Ерөнхий сайд С.Баяр тэргүүтэй хэсэг нөхдүүд араас нь ачигдах шалтгаан болов.

Учир юу гэвээс, өнгөрсөн оны аравдугаар сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан оффшор бүсээс “Петровис”-ын Ч.Даваанямын 4.3 сая ам.долларыг Монгол Улсад оруулж ирсэн тухай зарлаж байсан. Түүний эл оффшор дансны хуулга яван явсаар Ерөнхий сайд асан С.Баярын хүүхдүүдтэй оффшороор холбогдож, энэ талаарх мэдээлэл нь олон нийтэд ил болж байв. Тухайлбал, “2010 оны хоёрдугаар сарын 9-нд Э.Сувд гэдэг бүcгүй Ч.Давааням болон эхнэр C.Шагдардулам нарын байшинг 1.290 ам.долларaap худалдан авчээ. Үүний дараа 2012 онд Э.Сувд нь Вашингтон мужид “Gundel”нэртэй компани байгуулж, 2013 оны нэгдүгээр сарын 10-нд Ч.Давааням болон эхнэр C.Шагдардулам нар өөрсдийн нэр дээрх байшингaa “Gundel” ХХК-д бэлэглэсэн байна. Харин бэлгэнд авсан байшингаа “Gundel” компани нь 1.4 сая ам.долларaap заржээ.

Тэгвэл үүний дараахан Ч.Давааням нь С.Баярын залуу эхнэрт байшин бэлгэлсэн бол үүнээс өмнө нь буюу 2011 онд  анхны эхнэр О.Гэрэлтуяад нь америк дахь 322 кв.метр талбай бүхий байшингаа мөн л бэлгэлсэн бийлэгжүү, бэлэгтэй найз юм. Дараахан нь 2013 онд Э.Сувд, С.Баяр нар хамтдаа амьдарч байсан Сиэтлийн таван унтлагaны өрөө, таван ариун цэврийн өрөөтэй, 510 кв.метр талбай бүхий байраа 4.3 сая ам.доллараар зарсан байдаг. Эндээс үзвэл, Ч.Давааням, С.Баяр нар нь бие биедээ орон сууц бэлгэлдэг, хэт хямд, заримдаа ашигтай зардаг тэдний эл үйлдлийг гаднаас нь дүгнэвэл мөнгө угаах арга байж мэднэ гэж хардахаар. Эндээс л эх үүсвэр нь үл мэдэгдэх өндөр үнэтэй орон сууц эргэлдүүлж, мөнгө угаах байдлаар С.Баяр эхнэрүүд, охидын хамтаар америкт аж төрж, түүний эл бизнест Ч.Давааням хоёр дахь эхнэрийнхээ хамт оролцдог гэх мэдэээл цацагдсан нь бас л оргүй зүйл биш бололтой юм.

С.БАЯРЫГ САНХҮҮЖҮҮЛДЭГ ГЭХ Ч.ДАВААНЯМ ГЭЖ ХЭН БЭ

“Петровис”-ийн гэх тодотголыг олон жил зүүж яваа Ч.Давааням нь 1996 оны тавдугаар сарын 15-нд Ш.Отгонбилэг агсан, “Петровис групп”-ийн Ж.Оюунгэрэл нарын хамт “Петровис” ХХК-ийг байгуулж байв. Тухайн үед “Петровис” компани нь газрын тосны бүтээгдэхүүний импорт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол өдгөө “НИК”, “Петростар”, “Петровис трейдинг”, “Петротрак”, “Петровис тос”, “Юнигаз”, “Петровис ресурс, “Петро матад” зэрэг охин компаниудтай. Өдгөө тэрбээр өөрийн хувьцаагаа төрсөн охин Д.Энхчимэгтээ ихэнх хөрөнгөө шилжүүлсэн гэх мэдээлэл байдаг юм байна.

АТГ-аас Ч.Даваанямын оффшор дансан дахь 4.3 сая ам.долларыг илрүүлсний дараахан тэрбээр энэ мөнгөө Монгол руу татлаа гэж бөөн сүр дуулиан тарьсан. Яг энэ цаг үед нь “Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл “С.Баяртай холбохоор нь мөнгөө оруулж ирсэн юм шиг байна лээ. Түүнээс биш оффшорын эсрэг хуультай холбогдох ч хүн биш” гэж цээжээрээ хамгаалж байсан нь компанидаа хэр хэрэгтэй хүн бэ гэдгийг илтгэхээс илүүтэй С.Баяр болон түүний хань хамсаатан улс төрийн санаа зорилгоо биелүүлэхэд нь чамгүй оролцоотой оролцсон гэдгийг батлан харуулсан юм. Энэ бол 2017 оны эхээр болсон явдал.

Үүнээс өмнө нь С.Баяр, Ч.Сайханбилэг гээд Оюутолгойн гэрээтэй холбогдсон эксүүдийн оффшор данс илэрч, улмаар төд удалгүй Ч.Даваанямынх мөн адил ил болсон. Тодруулбал, тэрбээр Хятадын Тайваниас 2011 онд оффшор бүст бүртгүүлсэн бол түүний эхнэр С.Шагдардулам мөн л тэр жилээ Виржинийн аралд компаниа бүртгүүлсэн юм. Эхнэрийнх нь компани 2016 оныг хүртэл бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулсан бол Ч.Даваанямын компани дампуурсан гэх мэдээлэл бий. Хамгийн гол нь дээрх хоёр компани хоёулаа “ММС” буюу “Монголиан Майнинг Корпораци”-аас хувьцаа эзэмшихээс гадна Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой болох хэд хэдэн баримт бий.

С.БАЯР ХААНА ЯВНА ВЭ

АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр баривчлан саатуулсан юм.

Үүнээс хоёрхон сарын дараа хэрэг өргөн хүрээг хамарсан, шалгахад их цаг хугацаа орно. Гэхдээ шантрахгүй, хэн нэг албан тушаалтан, хэсэг бүлэг хүмүүсийн шахалт, шаардлагаар асуудлыг шуурхай шийдвэрлэнэ гэж байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа прокурорын хяналт дор нотлох баримтыг цуглуулдаг. Энэ чиг үүргээ хуульд зааснаар үргэлжлүүлж байна” гэж мэдээлж байв. Гэвч дээрх хэрэгт шалгаж гурван сар хориод сулласан юм.

АТГ-аас ийм мэдэгдэл хийхтэй зэрэгцэн буюу 2018 оны тавдугаар сарын 23-нд экс Ерөнхий сайдын бие чилээрхсэн гэдэг брэнд шалтгаанаар Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтүүлсэн юм. Гэтэл үүнээс ердөө сар хагасын дараа буюу долдугаар сарын 17-нд нэгэн бичлэг цахим орчинд тархсан нийгмийг донсолгосон юм. Энэ бол АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал болон С.Баяр нарын уулзаж буй бичлэг байсан юм. Уулзалт 2018 оны долдугаар сарын 2-ны өдөр АТГ-ын даргын өрөөнд зургаан цаг хэртэй үргэлжлэхдээ хоол зөөлгөж идсэн нь дүрс бичлэгт үлдсэн байдаг.

Ямартай ч улс төр, бизнесийнхнийг хэрсэн аалзны шүлс эхнээсээ хөвөрч эхлээд байна. Гэхдээ аалзны шүлс зуурамтгай хэрнээ их эмзэг. Үүнтэй адил их хэмжээний мөнгөний үнэр араасаа дагуулсан Оюутолгойн гэрээ, оффшор данс, олон сая ам.долларын үнэлгээтэй орон сууцны хэрэг үүнээс илүү том зүйл рүү хөтлөхийг үгүйсгэхгүй. Эс бөгөөс хэрэг явдал хэсэг хугацааны эргэлтэд замхрах ч эрсдэлтэй.

Юутай ч “Петровис”-ийн Ч.Давааням дээлээ нөмөрлөө. Гэхдээ хэдий хэр хугацаагаар гэдгийг гагцхүү шүүх засаглал мэднэ. Тэр засаглал нь хэний талд үйлчилж, хэнийг хамгаалдаг нь бараг л тодорхой болсон гэхэд хилсдэхгүй байх. Тиймээс л экс Ерөнхий сайд С.Баяр хэнз үрээ элгэндээ тэвэрсэн шигээ, залуухан эхнэртэйгээ халуухан амьдарч байгаа биз ээ.

Г.Нацаг

 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen