Хятадын Засгийн газар 2,000 казах үндэстэнд Шинжаанаас явах эрх олгосныг Астана баталлаа

Хятадын Засгийн газар 2,000 казах үндэстэнд Шинжаанаас явах эрх олгосныг Астана баталлаа

 

Хятад улс нийтдээ 2,000 гаруй казах үндэстэнд Хятадын иргэншлээс татгалзаж, Шинжаанаас бүр мөсөн явах эрх олгосон тухай Казахстаны Гадаад хэргийн яам мэдээлжээ.

Муслим хүн ам давамгайлдаг Шинжаанд одоо Бээжингийн эрх баригчид нэг сая гаруй үндэсний цөөнхийг хүчээр хорьж, улс төрийн боловсрол, хүмүүжил олгож байгаа гэгддэг.

Энэ нь уйгар, казах, киргиз, тажик зэрэг исламын шашинтнуудыг экстремизм, салан тусгаарлах үзлээс ангижруулах бодлогын хүрээнд хийгдэж буй ажил юм.

Харин Шинжаанаас гаралтай Казахстаны иргэд Шинжаан дахь өөрсдийн ах дүүс, хамаатан садныг “дахин боловсруулах” төвүүдээс суллуулахаар тэмцэж, үүндээ дэмжлэг үзүүлэхийг Астанагийн эрх баригчдаас хүссээр байгаа.

Гэвч Хятадтай худалдаа, эдийн засгийн гүнзгий харилцаатай Казахстаны Засгийн газар энэ асуудалд маш болгоомжтой хандаж байгаа юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Казахстаны зарим хэвлэлд Хятад улс 2,000 гаруй казах үндэстнийг Шинжаанаас явахыг зөвшөөрөх гэж байгаа тухай мэдээлэл гарч эхэлжээ.

Харин өчигдөр буюу Лхагва гарагт Казахстаны Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд дээрх мэдээллийг үнэн болохыг баталсан байна.

Мэдэгдэлд Шинжаанаас явж байгаа хүмүүс Казахстан улсад байнга оршин суух зөвшөөрөл, эсвэл иргэншил хүсэх эрхтэйг дурджээ. 

Хятадын Гадаад хэргийн яам одоогоор энэ тухай ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.

 

Эх сурвалж: Associated Press

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen