АН-ын алдааг давтсан МАН

 

2016 оны УИХ-ын сонгуулийн дүнг СЕХ  айлтгасны дараагаар  олон  нийтэд хүлээлт үүсгэлгүй Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг зарлан хуралдуулсан.  УИХ-ын гишүүдийн  тангаргийг өргүүлснээр Ерөнхийлөгч анхдугаар хуралдаан даргалах эрхээ УИХ-ын хамгийн ахмад гишүүнд шилжүүлдэг.  Эдүгээ 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн МАН үнэмлэхүй олонх болсон парламент үйл ажиллагаагаа явуулж байна. Шинэ парламент УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа томилсон хэдий ч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлаагүй байна. Тиймээс нийгэмд Засгийн газрын танхимыг хэрхэн бүрдүүлэх бол гэсэн хүлээлт үүсгээд байна, эрх баригчид.

 

Шинэ долоо хоногийн ажлын эхний өдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан. Парламентад 65 суудалтай МАН-ын Удирдах зөвлөл Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцсэн хэдий ч нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй бололтой. Учир нь тус намын Удирдах зөвлөлийн хуралдсаны дараагаар УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах байсан нь тодорхойгүй шалтгаанаар хойшлогдсон.  

 

Урт амралтын дараах ажлын эхний өдөр хэдий ч Төрийн ордон нам жимхэн байна лээ.  Хэвлэлтийн үнэр нь ч арилаагүй байгаа УИХ-ын гишүүний батлах өвөртөлсөн гишүүд, тэр дундаа эрх баригч хүчнийхний ажлаа хойрго байдлаар эхэлж байгаа нь олон нийтэд таатай санагдахгүй нь лавтай.  Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд өргөн барьдаг. Харамсалтай нь шинэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өөрийн бүрэн эрхийн хүрээнд бус дээрээс үүрэгдэх тушаалаар хөдлөх нь олны нүдэнд ил байна.  

 

Ялсан намын дарга нь Ерөнхий сайд байх  бичигдээгүй хуулийг улс төрийн хүчнүүд намын дүрэмдээ бэлгэдэл төдий тусгаад байгаа нь эрх ашгийн зөрчилтэй нь холбоотой биз.  Тэгээд ч УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин УИХ-ын дарга М.Энхболдыг МАН-ын даргын албан тушаалаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өгөхийг шаардаж байгаа нь нэг талаас зөв үйлдэл. Учир нь   Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өргөн барихаас эхлээд л Ерөнхий сайдын бүрэх эрхийг намын дарга булаацалдаж байна.  Тэгээд ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болохоос УИХ, Засгийн газрыг мэдэлдээ аваад байгаа эрхэм бол МАН-ын дарга М.Энхболд гэдэгтэй маргахгүй хүн гарахгүй. Ийнхүү үнэмлэхүй олонхи болсон МАН төрийн эрх барих ажлаа АН-ын алдааг давтсанаар эхэллээ.

 

МАН мөрийн хөтөлбөртөө мэргэжлийн, цомхон, чадварлаг Засгийн газар байгуулна гээд тусгаж, сонгуулиар сонгогчдод амлачихсан. Тиймээс сонгогчид МАН-ын мөрийн хөтөлбөрийг харж,  хэрэгжиж эхлэхийг нь тэсэн ядан хүлээж байгаа.

 

Харин өнөөдөр МАН Засгийн газрын танхимд   фракц бүлэглэлийн  төлөөллөө шингээхээр бүтцээ зураглалаа хэлэлцээд нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй гацчихаад байна. Төрийн ордонд хэдий олны хөл татарсан ч УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын өрөөний үүдээр МАН-ын сураг алдарсан олны танил эрхмүүд байнга хөлхөөстэй.   МАН-д өнөөдөр  Засгийн газрын танхимд төлөөллөө шингээх гэсэн фракц бүлэглэлүүдийн зөрчилдөөн ширүүхэн өрнөж байгаа бололтой. 

 

Үндсэн чиг үүргийн яамнаас бусад салбарын сайдуудыг УИХ-ын гаднаас томилох зарчмыг МАН барьж байгаа. Атал өнгөрсөн хугацаанд намдаа хувь нэмрээ оруулж ирсэн нэлээдгүй гишүүд парламентад суугаа. Тэд  хувь гишүүн бус "давхар дээл”-тэй ажиллах саналаа тойруу бус шууд хэлж байгаа  биз, намын даргадаа.  Харин парламентаас томилох сайдын квот бага. Тиймээс Засгийн газрын бүтцийг дэд сайдтай байхаар төсөл боловсруулж байгаа сурагтай.  Дэд сайдуудын хувьд голлох үүрэг гүйцэтгээд байдаггүй хэдий ч сайдаар томилогдож чадаагүй зарим түшээд төлөөллийн хүнээ дэд сайдад томилох тохироо явагдах талтай. Эс тэгвээс ажлаа ч эхлээгүй байхад  МАН-ын даргадаа шаардлага хүргүүлж, нийгэмд сөрөг мессэж хүргэх магадлалтай гэж үзэж байгаа юм билээ.  

 

Ер нь МАН-ын бодлого гадагшаа цацагдахгүй хайрцаглагддаг. Хайрцагдагсан шийдвэрээ төр, засгийн хэмжээнд бодлогын хүрээнд шуурхай хэрэгжүүлэхийг олон нийт хүлээж байгаа. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталснаар нийгэм, эдийн засгийг үсрэнгүй хөгжил руу урагшлуулахаар эрчтэй ажиллахыг цаг үе шаардаж байгаа билээ.

 

Н.Энхлэн  http://www.shuud.mn/content/read/471235.htm

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen