Улс төр бол улсын “наадам” биш...

Энэ жил Хүннү гүрний 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн түүхэн их тохиосон улсын 

баяр наадам болно. 1024 бөх барилдаж, лав л 2000 хол давсан морьд уралдана. Уяачид, бөхчүүд, харваачид гээд гурван их ой давхацсан энэ жилийн наадмын бэлтгэл ч хэдийнэ эхэллээ.

Харин улс төрийн хувьд УИХ-ын 2016 оны ээлжит сонгууль, АСЕМ–ын 20 жилийн ойн хурал гээд мөн л олон чухал үйл явдал энэ зун улс орон даяар өрнөж, хүн төрөлхтөний их наадам зуны XXXI олимп болно.  Энэ бүгдэд оролцох манай улсын спорт болон улс төрийн салбарынхан тун чиг завгүй байх нь ээ.

Хүн хүссэн зүйлээ хийх эрхтэй. Тэр тусмаа сонгуульд нэр дэвших эрх Үндсэн хуулиараа баталгаажсан. Гэвч энэ жилийн сонгуулиар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн наадмын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, дархан аварга А.Сүхбат, улсын аварга Г.Эрхэмбаяр нарын зэрэг монгол түмний хайртай хөвгүүд, манай улсын шилдэг бөхчүүд улс төрд барилдахаар бэлтгэлээ базааж эхэлсэн мэдээ тийм ч таатай сонсогдохгүй л байна. Мөн улс төрд удаан хугацаанд суусан Г.Батхүү, М.Энхболд, Ч.Улаан тэргүүтэй манлай уяачдын араас Монгол улсын тод манлай уяач Л.Цандэлэг нарын эрхмүүд уралдахаар өөрийгөө сойж байна. За тэгээд аймаг, сумын манлай уяачид, аймаг цэргийн арслан, начингууд орон нутгийн сонгуульд мөн л нэр дэвшиж байгаа сурагтай.

Спортынхон яагаад улс төртэй зууралдаад байна гэдэг л олны анхаарлын төвд оршиж байна. Хэрэв тэд сонгогдчихвол УИХ-д улс төрийн намуудын бүлгээс гадна "бөхчүүдийн”, "уяачдын” бүлгүүдтэй болох нь. Шударга үнэний илэрхийлэл болсон спортын ертөнцөд нэрээ мандуулж, монгол түмнээ баясгадаг тамирчид маань ингэж улс төрд орсноор магадгүй улсынхаа төлөө ихийг хийж бүтээхийг үгүйсгэхгүй ч тэдний олж авсан цэвэр сайхан нэр төр, ард нь ханхайж үлдэх дэвжээ нь хайран байна.

Нөгөө талаар улс төрийн туршлагагүй, шинэхэн гишүүд УИХ-д аливаа ээдрээтэй хэргийг шийдэхэд хэн нэгний лоббид автаж, санал өгөх эрхээ зориулахгүй гэх газаргүй.

Уг нь бол улс төр гэдэг "улсын баяр наадам” биш. Уяачид нь морио уяад л, бөхчүүд нь зүлэг ногоон талбайдаа дэвээд л гурван их давхацсан билэгт төрийн наадмаараа зодогловол мөн сайхан аа. Уяачдыг, бөхчүүдийг ард түмэн нь хүндэлж, хайрладаг бол улстөрчдийг адалж муулах нь их шүү дээ. Улс төр бол спорт шиг шударга өрсөлдөөн, хүч хөдөлмөр зарцуулж хөлс хүчээ баран байж ялалт байгуулдаг талбар биш. Тэнд дандаа хэрүүл, хуйвалдаан, олонхын эрх мэдэл, мөнгө яригддаг "бохир ертөнц”. Хайртай хүмүүс хайрандаа багтаж, спортын хүмүүс эцсээ хүртэл спортдоо зүтгэх л байсан юм даа.

З.Хуяг

newscom.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen