Хагас тэрбумын өртэй Б.Гарамгайбаатарын нэрийг хасах уу?

Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй есөн нэр дэвшигчийг сонгуульд оролцуулах боломжгүй гэх шийдвэрийг гаргасан. Тэдний дунд МАХН-ын дарга Н.Энбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъяан нар байсан юм. Дээрх есөн нэр дэвшигчийн заримынх нь ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй бол нэг хэсэг нь өртэй аж. Сонгуулийн хуулийн дагуу өртэй болон ялтай хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй юм.

Тэгвэл нэр дэвших боломжгүй нэг хүн Хэнтий аймагт нэр дэвшихээр зэхэж байна. Тэр нь УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар. Түүний хувьд Сонгуулийн тухай хуулийн 125.4-ийн 125.4.1 дэх хэсэгт заасан "нэр дэвшигч нь банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх”, 125.4.3-т заасан "…нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх” гэсэн заалтыг зөрчөөд байна. Энэ талаар Худалдаа, үйлчилгээний "Тэс петролиум” ХХК-иас 2016 оны тавдугаар сарын 30-нд Сонгуулийн Ерөнхий хороонд хандаж, мэдэгдэл хүргүүлжээ. Тус компанийн мэдэгдэж буйгаар УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар уг компанид 506 сая төгрөгийн өртэй юм байна.

 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын 100 хувийн эзэмшлийн "Монроуд” компани нь "Тэс петролиум” ХХК-иас 473 сая 641 мянга 400 төгрөгийн шатахууныг авчихаад мөнгийг нь өгөхгүй байгаааж. Уг нь тус мөнгийг гэрээний дагуу аль эрт буюу 2014 онд төлөх ёстой байж. Гэтэл төлөөгүй өдийг хүргэсэн байна. Энэ хугацаанд "Тэс петролиум” компани нь банкны зээлийн төлбөрт унаж нийт алдагдал нь 33 сая 211 мянган төгрөгт хүрчээ. Ингээд тус компани авах ёстой үндсэн төлбөр дээрээ алдагдал мөнгөө нэмээд 506 сая төгрөгийг "Монроуд” компаниас нэхэмжилж шүүхэд гомдол гаргажээ.

 

Тэдний гомдлыг Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2015 онд шүүгээд "Монроуд” ХХК-иас 506 853 028.81 төгрөгийг гаргуулан "Тэс петролиум” ХХК-д олгуулах шийдвэрийг гаргажээ. Тэгэхээр Б.Гарамгайбаатарын компани "Тэс петролиум” компанид өртэй гэдгийг шүүх тогтоосон гэсэн үг. Харин Б.Гарамгайбаатар шат, шатны шүүхийн шийдвэр гарсан байхад өдийг хүртэл мөнгөө төлөхгүй хойш сууж байгаа аж. Тиймээс түүний нэрийг сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтаас хасахыг хүссэн хүсэлтийг "Тэс петролиум” компаниас гаргаад байгаа юм байна.

 

Сонгуулийн хуулиар бол өртэй хүмүүс УИХ-ын сонгуульд нэр дэвшиж болохгүй. Өчигдөр нэрээ хасуулсан хүмүүст энэ хууль л үйлчилсэн. Харин Б.Гарамгайбаатарт үйлчлэх эсэх нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Хэдхэн хоногийн дараа СЕХ нэр дэвшигчдэд батламж гардуулна. Одоо нэр дэвшихээр материалаа өгсөн хүмүүсийг судалж байгаа. Тэгэхээр СЕХ нь хагас тэрбумын өртэй хүнийг УИХ-д сонгуульд нэр дэвшүүлэх үү гэдэг анхаарал татсан асуудал болж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen